Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын ахлах мэргэжилтэн С.Лхагвадоржоос ажилгүйдлийн тэтгэмж болоод НДШ-ээс чөлөөлөгдөх аж ахуй нэгжийн асуудлаар тодруулга авлаа.
-Цар тахлаас болж, эдийн засаг хүндэрч аж ахуй нэгжүүд ажилчдаа цомхотгон, ажилгүйдлийн тэтгэмж хүсэх иргэдийн тоо өмнөх оныхоос эрс нэмэгдсэн мэдээлэл байна. Нөхцөл байдал ямар байна вэ, мэдээлэл өгөөч?
-Ажилгүйдлийн даатгал бол нийгмийн даатгалын нэг төрөл нь юм. Энэ даатгалын агуулга нь даатгуулагч ажил хөдөлмөр эрхэлж байх үедээ шимтгэл төлөөд ажлаасаа чөлөөлөгдөх буюу орлогоороо эрсдэх үедээ ажилгүйдлийн тэтгэмж авах утгатай. Өөрөөр хэлбэл, тухайн даатгуулагч цалин хөлснөөсөө сард 0,2 хувиар ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлөөд, ажилгүй болсон үедээ ажлын 76 хоног буюу гурван сар хагасын хугацаанд цалингийнхаа 45-70 хувиар ажилгүйдлийн тэтгэмж авдаг.
Даатгуулагч нийтдээ 24 сараас доошгүй түүнээсээ ажлаасаа чөлөөлөгдөхийн өмнөх сүүлийн 9 сард ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч халагдсан тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмжийг өгдөг.
Гуравдугаар сарын байдлаар ажилгүйдлийн даатгалын сангаас 5268 даатгуулагч тэтгэмж авсан байна. Харин өнгөрсөн оны гурав дугаар сард 5043 даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авч байжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 225 хүнээр нэмэгдсэн байна. Ер нь жилээс жилд ажил олгогч, даатгуулагчийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авч байгаа иргэд, даатгуулагчийн тоо бас өсдөг. Тиймээс цар тахалтай холбоотой ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авагчдын тоо огцом нэмэгдсэн гэж харагдахгүй байгаа.
-Ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтэй иргэд хаана хандаж, ямар материал бүрдүүлэх вэ?
-Тухайн иргэн ажлаас халагдсанаас хойш 14 хоногийн дотор харьяа орон нутгийнхаа Нийгмийн даатгалын хэлтэст ажлаас халсан тухай шийдвэр, нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэх, ажилгүй болсноо Хөдөлмөрийн байгууллагад бүртгүүлсэн тухай мэдэгдэх хуудас зэргийн бүрдүүлэн өгч ажилгүйдлийн тэтгэмжээ авна.
-НДШ-ийн өртэй байгууллагын ажилчид ажилгүйдлийн тэтгэмж авах эрхгүй юу?
-Аж ахуйн нэгж, байгууллага нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй тохиолдолд түүнийг уг хугацаанд даатгагдсан гэж үзэхэд хүндрэлтэй. Нийгмийн даатгалын байгууллагаас урсгал өртэй ажил олгогчийн даатгуулагчдад ажилгүйдлийн тэтгэмжийг өгч байгаа.
-УИХ-аас Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг баталсантай холбоотой уг хуулийг хэрэгжүүлэх журам нь батлагдсан уу. Жишээ нь тэтгэвэрт гарах иргэд жирэмсэн эмэгтэйчүүд тэтгэмж авах тохиолдолд цалин нь яаж бичигдэх вэ?
-Засгийн газрын 2020 оны 140 дүгээр тогтоолоор Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримлах журмыг баталсан.
Энэ хууль, журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, байгууллага, төрийн өмчийн их дээд сургуульд хөдөлмөрийн, ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн-даатгуулагч, ажил олгогчийг 2020 оны дөрвөөс есдүгээр сард төлөх нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж байгаа. Шимтгэлийн чөлөөлөлтөд хамрагдаж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь дөрвөөс есдүгээр сарын нийгмийн даатгалын тайлангаа дараа сарын 5-ны дотор үнэн зөв гарган нийгмийн даатгалын байгууллагад заавал ирүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, тухайн аж ахуйн нэгж, байгууллага тайлангаа хугацаанд нь ирүүлээгүй тохиолдолд чөлөөлөгдөх шимтгэлийн хэмжээг нь тодорхойлох боломжгүй болно.
Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн даатгуулагчийн тухайн хугацааг шимтгэл төлснөөр тооцон, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, шимтгэлийн хэмжээг нийгмийн даатгалын дэвтэрт бичиж, баталгаажуулан, тэтгэвэр, тэтгэмж тогтооход оруулан тооцно.
-Энэ жил их дээд сургууль төгссөн иргэд дээрх хуулийн үйлчлэлд багтах уу. Өөрөөр хэлбэл, шинээр ажилд орлоо гэхэд дөрвөөс аравдугаар сарын хугацаанд НДШ-ээс чөлөөлөгдөх үү?
-Тухайн байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл чөлөөлөлтөд хамрагдсан бол шинээр ажилд орсон даатгуулагч мөн шимтгэлээс чөлөөлөгдөнө.
-Сайн дурын даатгуулагчид яах вэ. Сард 56700 мянган төгрөг төлөхгүй болж байна гэсэн үг үү?
-Тийм. Сайн дураар даатгуулагч сард 56700 төгрөгийн, хүүхдээ 3 нас хүртэл асарч байгаа сайн дураар даатгуулагч эх 26250 төгрөгийн шимтгэлээс чөлөөлөгдөж байгаа. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээшээ орлогоос тооцон гэрээ байгуулсан даатгуулагчдын хувьд чөлөөлөгдсөн шимтгэлээс илүү гарсан хэсгийг өөрөө төлнө. Шимтгэлээс чөлөөлөгдсөн хугацааг шимтгэл төлснөөр тооцон тэтгэвэр, тэтгэмж тогтооно гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа.
Э.АРИУН
Холбоотой мэдээ