Их Британийн иргэн, 72 настай Грэм Уолтерс Атлантын далайг ганцаараа сэлүүрт завиар туулах аяллаа амжилттай өндөрлөж, лхагва гаригт /2020.04.29/ Карибын тэнгисийн Антигуа аралд ирсэн байна. Тэрбээр анх өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд Испанийн Гран Канариа арлаас аяллаа эхлүүлсэн ба 96 хоногийн дараа ийнхүү зорилгодоо хүрсэн нь энэ юм.
Энэ хугацаанд Уолтерс Атлантын далайг ганцаар туулсан хамгийн өндөр настан, дэлхийн аль нэг далайг ганцаар туулсан хамгийн өндөр настан, нэг далайг олон удаа сэлүүрт завиар туулсан хамгийн өндөр настан гэсэн гурван дээд амжилтыг эвдэж Гиннесийн номонд бүртгүүлжээ. Тэрбээр Атлантын далайг нийт таван удаа туулж байсны гуравт нь ганцаараа туулсан байна.
Атлантын далайг туулсан энэ завиа Уолтерс 22 жилийн өмнө өөрийн гараар бүтээсэн байсан ба дэлхийн нэгдүгээр дайнд оролцож явсан өвөг эцэг Жорж Гиригийн нэрийг өгсөн байна.
Гурван сарын дараа эрэг дээр бууж буй тэрбээр дэлхий нийтийг цар тахал нөмөрснийг хараад ихэд цочирдсоноо илэрхийлсэн байна. Аяллын явцад эхнэртэйгээ холбоо барихад эхнэр нь түүнд олон хүн халдварт өвчинд нэрвэгдэж нас барж буй тухай ярьж байсан ч бодит байдал ийм муу байна гэж төсөөлөөгүй гэжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ