Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тавдугаар сарын 3-нд буюу Ням гаригт тохионо. Энэ өдрийг “Айдас үгүй, зусар үгүй сэтгүүл зүй” уриа дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Үүнтэй холбоотойгоор "Глоб Интернэшнл төв" өнөөдөр /2020.05.01/ мэдээлэл хийлээ.
"Глоб Интернэшнл төв"-ийн тэргүүн Х.Наранжаргал: Энэ жилийн дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр хоёр онцлогтой болж байна. Нэгд, covid-19 цар тахалтай холбоотой, хоёрт, УИХ-ын сонгууль ирэх зургадугаар сард болно. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг бид "Айдас үгүй, Зусар үгүй сэтгүүл зүй" уриа дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Айдас үгүй сэтгүүл зүй гэдэг сэтгүүлчдийн аюулгүй байдал орно. Энэ хүрээнд хийгдсэн судалгаанаас дурдвал:
Эмэгтэй сэтгүүлч, сэтгүүл зүйн жендерийн асуудал бол манай улсын сэтгүүл зүйн салбарт тулгамдсан асуудал болж байна. Тодруулбал, хэвлэл мэдээллийн байгууллагын эрхлэгч, редакцын бусад гишүүдийг айлгаж, дарамтлах, ажлын хэргийн шалтгаанаар утсаар тагнаж, чагнах, гэр бүлийн гишүүдийг нь айлгаж, дарамтлах асуудал эмэгтэй сэтгүүлчдэд илүү тохиолддог гэсэн судалгаа байна.
Харин эрэгтэй сэтгүүлчдийн хувьд хүчний байгууллага эсвэл өөр эрх мэдэлтэй, өөрөөс нь хүч илүү хүмүүсээр айлгаж, дарамтлах асуудал байдаг аж.
Эмэгтэй сэтгүүлчдийн хувьд таван сэтгүүлч тутмын нэг нь өөрийнх нь эх сурвалж оройн цагаар хоолонд урих, хувийн чат үлдээх, утсаар ярих, болзоонд урих, бэлгийн дарамт учруулах үйлдэл гаргаж байсан нь судалгаагаар тогтоогдсон. Ийм дарамтад сэтгүүлч дунджаар дөрвөн удаа орсон нь өөрөө түгшүүртэй мэдээлэл болж байна.
Мөн таван сэтгүүлч тутмын нэгийг түлхэх, цохих зэргээр хөнгөн болон хүнд хэлбэрээр гэмтэл учруулж байсан. Нэг сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад дунджаар гурван удаа ийм байдалд орж байсан байна.
Бие эрхтэнд нь халдах, ажлын байрны бэлгийн дарамт 25 хүртэлх насны залуу сэтгүүлчид илүүтэй тохиолдсон байна. Харин бие эрхтэнд нь ямар нэг байдлаар халдсан тохиолдол эмэгтэй сэтгүүлчдэд эрчүүдээс хоёр дахин илүү дөрвөн удаагийн давтамжтай тохиолдсон байна.
Энэхүү суурь судалгаанд үндэслэн бид эмэгтэй сэтгүүлчдийн дунд нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай байна. Ажил үүргээ гүйцэтгээд явж буй ямар нэгэн шийдвэр гаргах түвшний бус сэтгүүлчдийн дийлэнх нь эмэгтэй сэтгүүлчид байна.
ЗУСАР ҮГҮЙ СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮҮРЭГ БОЛ ШУДАРГА, ЧӨЛӨӨТ СОНГУУЛИЙН ЧУХАЛ НӨХЦӨЛ ЮМ
Зусар үгүй сэтгүүл зүйн хувьд Монгол Улсад байдал хүнд болж байна. Хэвлэл мэдээллийн жижиг зах зээл дээр багталцаж ядсан олон хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд нь улстөрчид, улс төрд ойр бизнесийн бүлэглэлүүд байдаг. Хэвлэл мэдээлэл иргэнд биш мөнгөнд үйлчилж эхлэхээрээ шударга сэтгүүлч, сэтгүүл зүй үгүй болно. Энэ сорилтыг даван туулахад иргэдийн оролцоо, шаардлага маш чухал.
Зусар үгүй сэтгүүл зүйн үүрэг бол шударга, чөлөөт сонгуулийн чухал нөхцөл юм. Сонгууль бол тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын үнэн дүр төрхийг илэрхийлдэг. Мөн сонгууль нь тухайн улсын улс төрийн соёл, улстөрчдийн ёс зүйн шалгуур гэж хэлж болно. Гэтэл улстөрчид сонгуулийн үеэр хэвлэл мэдээлэлд хяналт тогтоох, эсвэл нийгмийн хэвлэл мэдээлэл зэрэг өөр сувгийн ашиглах зэргийг эрмэлзэж эхэлсэн нь мэргэжлийн сэтгүүл зүйн үр нөлөөг бууруулахад нөлөөлж байна.
Сонгуулийн үеэр үзэн ядалт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, түрэмгийллийг өөгшүүлсэн агуулга, хуурамч, хуудуутай, дэгс мэдээлэл бол нийгмийн хэвлэл мэдээллээр дүүрэн болдог. Харамсалтай нь, энэ бол улстөрчдийн захиалга, санаачилга байдаг. Мэргэжлийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага ийм туйлшрал, төөрөгдүүлэлт, өдөөн хатгалтыг дэвэргэх бус харин засч залруулахад хувь нэмрээ оруулах хэрэгтэй.
Сонгуулийн үеэр сэтгүүлчид өөрсдөө сонгогч гэдгээ бүү мартаасай. Тэд улс орон, үр хүүхдийнхээ төлөө онцгой үүрэг хариуцлага хүлээсэн хүмүүс. Иймээс мэргэжлийн ёс зүйн зарчмаа баримтлан ухамсартай хариуцлагатай ажиллаарай.
Цар тахалтай холбоотойгоор онц байдлыг арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах, түүнээс зайлсхийх, Засгийг газрын төлөөлөгчид, эрүүл мэндийн мэргэжилтнүүд иргэдийн мэдээллээр хангахдаа сэтгүүлчдийн шүүмжлэх эрхийг зөрчихгүй байхыг анхааруулсан байна.
Холбоотой мэдээ