УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулаад, өнөөдөр /2020.05.01/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Уг төсөлд хууль тогтоолын стандарт, хэрэгжилтийг хангуулах, төрийн хяналт шалгалт хийдэг байгууллагууд эхлээд зөвлөн тусалдаг. Алдааг нь анхааруулдаг, алдаагаа засаагүйд нь арга хэмжээ авдаг байхаар хуулийн төслийг өргөн боловсруулсан гэдгийг хууль санаачлагч тодотголоо. Өөрөөр хэлбэл Төрийн хяналт шалгалтын хуулиар зөвлөмж, шаардлага хүргүүлэх замаар иргэн аж ахуйн нэгжид алдаагаа засах боломжийг олгох юм байна. Ингэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагын нэгдсэн тогтолцоо, бүтцийг хөндөөгүй бөгөөд улам бэхжүүлжээ.
Түүнчлэн энэ хуулийн төсөлтэй хамт Зөрчлийн тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль гээд 17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа аж. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өнгөрсөн хугацаанд 2017 онд батлагдсан Зөрчлийн тухай хуулийг шүүмжилж ирсэн гишүүдийн нэг. Тэрбээр тус хуулийг анх санаачилсан гишүүдийг хуулиа эргэж харж, “Эхлээд сануул, дараа нь торго” гэсэн зарчмыг тусгах шаардлагатай гэдгийг хэдэнтээ сануулж байсан юм.
Харамсалтай нь, тус хуулийг батлуулсан гишүүд Зөрчийн хуулиа эргэж хараагүй тул Ж.Ганбаатар гишүүн энэ удаад Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар Зөрчлийн тухай хуульд “Эхлээд сануул, дараа нь торго” гэдэг зарчмыг тусгахаар болжээ.
Тэрбээр энэ тухайгаа Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш иргэд аж ахуйн нэгжүүдийг туйлдуулж байгаа нь амьдралд батлагдлаа. Жижиг зөрчил, алдаа дутагдалд Зөрчлийн тухай хуулиар торгууль оногдуулдаг явдал хавтгай байна. Алдаа гаргасан л бол шийтгэхээр зохицуулсан нь төрийн хяналт шалгалтыг хүчгүй, үр дүнгүй, зөвхөн зөрчил илрүүлэхийн тулд урьдчилан гүйцэтгэх ажиллагааны үе шат байдлаар хэрэгжих ажиллагаа болж хувирахад хүргэсэн байна.
Иймд Зөрчлийн тухай хуульд заасан 26 зөрчил, 4 төрлийн тодорхой үйлдэл, эс үйлдлийг зөрчилд тооцохгүй байхаар хуулиас хасаж, гэмт хэрэгтэй давхардсан байдлыг арилгах зорилгоор 4 төрлийн зөрчлийн томьёоллыг өөрчлөн найрууллаа. Зөрчлийн тухай хуульд 1200 орчим зөрчлийн хэлбэрт анхааруулж сануулахгүйгээр шууд торгох арга хэмжээ авдаг. Иргэнийг 10 мянгаас 5 сая хүртэл төгрөгөөр, хуулийн этгээдийг 100 мянгаас 50 сая хүртэл төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан 590 зөрчлийг анх удаа үйлдсэн иргэн, хуулийн этгээдийг шийтгэлээс нэг удаа чөлөөлөх зохицуулалтыг нэмж тусгана” гэв.
Харин иргэн, нийгэм, байгаль орчинд хор хохирол ихтэй бусад зөрчлүүдэд сануулах арга хэмжээг авахгүй буюу торгуулиас чөлөөлөхгүй аж. Жишээ нь, тайлангаа хугацаа хоцроосон аж ахуйн нэгж нь торгох шийтгэлээс чөлөөлөгдөх боловч тайлангаа тогтоосон хугацаанд нөхөн гаргаж, хүргүүлэх үүрэгтэй. Харин үүргээ биелүүлээгүй бол хариуцлага тооцогдоно гэдгийг хууль санаачлагч онцоллоо.
Сануулах арга хэмжээг авдаг болсноор иргэд, аж ахуйн нэгжийн бизнес эрхлэхэд томоохон дэмжлэг болж ажлын байр хадгалдана гэж үзээд уг хуулийг боловсруулжээ.
Тухайлбал, Замын хөдөлгөөний дүрэм зөрчлөө гэхэд эхний ээлжид сануулах уу гэсэн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа тэрбээр "Гэхдээ бүх зөрчилд биш тодорхой зөрчлүүдэд хамаарна. Жишээлбэл, Дарханы замд явж байхад таны авто машины номер халтартсан бол замын цагдаа шууд торгохгүй. Эхлээд номероо цэвэрлэхийг сануулна. Одоо аж ахуйн нэгжүүд тайлангаа хоцроосон бол шууд торгож байгаа. Харин энэ өргөн баригдаж байгаа хуулийн төслөөр аж ахуйн нэгжүүд эхний удаад тайлангаа хоцроох юм бол сануулж, дараагийн удаа хоцроовол торгоно шүү гэсэн сануулгыг өгнө гэсэн үг" гэлээ.
Холбоотой мэдээ