ЭМЯ: Чартер нислэгээр ирсэн 5 хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн тусгаарласан | News.MN

ЭМЯ: Чартер нислэгээр ирсэн 5 хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн тусгаарласан

COVID-19

ЭМЯ: Чартер нислэгээр ирсэн 5 хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн тусгаарласан

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.01-НИЙ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.01-НИЙ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Thursday, April 30, 2020

Эрүүл мэндийн яам covid-19 цар тахлын дэгдэлттэй холбоотой цаг үеийн мэдээллээ хийлээ. Нийслэлийн Засаг даргын захирамжтай холбоотой зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг нээж байгаатай холбоотойгоор ЭМЯ зөвлөмж гаргасан байна. Иймээс тухайн зөвлөмжийн дагаж, ажиллахыг уриалж байгаа ажээ.

ЭМЯ-ны 24 цагийн ажиллагаатай 199 дугаарт 164 хүн холбогдсон  байна. БНСУ, АНУ, Чех улсад буй иргэдийн ар гэр нь холбогдож, эмнэл зүйн шинж тэмдгийн талаар тодруулга авсан байна. Иргэдийн зүгээс бага насны хүүхдийг гадуур олноор нь дагуулж явж байгаа талаар гомдол ирсэн аж. Иймээс  ЭМЯ бага насны хүүхдийг гадуур дагуулж явуулахгүй байх, зайлшгүй дагуулж явах бол амны хаалт зүүлгэхийг зөвлөж байна.

БИД ӨНӨӨДӨР 289 ХҮНЭЭС ЭХНИЙ СОРЬЦ АВНА”

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: 

Монгол Улсад 2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд шинэ коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-ийн хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторит нийт 217 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23, тандалтын зорилгоор Дундговь, Төв аймаг, нийслэлийн дүүргийн нэгдсэн эмнэлгээс цуглуулсан 74, Алтанбулаг боомтоор орж ирсэн 21 тээврийн жолооч, ажиглалтад байсан 99 хүний давтан шинжилгээнд вирус илрээгүй.

Тусгай үүргийн эхний онгоцыг өчигдөр /2020.04.30/ хүлээн авлаа. Энэ онгоцоор ирсэн иргэдээс тавыг нь сэжигтэй тохиолдол гэж тусгаарласан. Бусад нь ажиглалтын байранд тусгаарлагдсан. Иргэдийн шинжилгээний хариу маргааш гарна. Цаашид тусгай үүргийн хоёр онгоц хүлээн авна. Өнөөдөр бид эхний сорьц авах ажлыг хийнэ. Франкфуртын онгоц бидний хувьд хүнд байх болов уу гэж тооцоолж байна. Дахин ирэх онгоцууд дээр онцгой анхаарал хандуулж ажиллана. Иргэд халуун хоол, цай уудаг нь давуу тал юм. Хоолой залгиур дээр байгаа вирусийг уушиг руу орохоос өмнө ходоод руу оруулж байгаа нь халдвараас хамгаалж байна. Өнөөдөр манай улс халдварыг дотооддоо алдаагүй учраас иргэд маань тэвчээр хатуужилтай байх хэрэгтэй байна. Бие биедээ хатуу шаардлага тавьж, цар тахлыг ялан дийлнэ.

“ЭМНЭЛГИЙН АЧААЛАЛ НЭМЭГДЭХ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСЧ БОЛЗОШГҮЙ”

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

-Сүүлийн 24 цагийн дотор дэлхийн 215 улс оронд COVID-19 халдвар бүртгэгдлээ. Шинээр Тажикистан улсад өвчлөл бүртгэгдэж, нийт 3.2 сая хүн өвчилж, 233 мянган хүн нас барж, нэг сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Хоёр сая өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Ялангуяа Тажикистан улсад дөрвөн сар гаруй өвчлөл бүртгэгдээгүй байж байгаад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 15 шинэ тохиолдлоор нэмэгдээд байна.  Тусгай үүргийн онгоцоор БНСУ-аас өчигдөр 278 хүн эх орондоо ирсэн. Эдгээрээс 289 хүн шинээр тусгаарлалтад орж, одоогоор нийт 776 хүн тусгаарлалтад байна.  Чартерийн нислэгээр ирсэн хүмүүс дунд жирэмсэн эмэгтэй 13, өндөр настан 29, эрүүл мэндийн шалтгаантай 43, бага насны хүүхэдтэй 95 хүн байна. Эдгээр иргэн лабораторийн шинжилгээ хийлгээгүй, халдварын өндөр эрсдэлтэй бүлэгт багтаж байгаа учраас 21 хоног тусгаарлаж, ажиглалтад авлаа.

Эдгээр иргэнийг “Жаргалан”, “Зүчи”, “Сэлбэ”, “Корпорэйт” зочид буудал, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан. Одоогоор хүмүүсийн биеийн байдал сайн байна. ДЭМБ-аас өвчлөл гадаад орноос ирж буй зорчигчид өндөр эрсдэлтэй. Хэдийгээр эмнэлгийн байгууллагын хяналтад байгаа боловч нийт хүн амын дунд өвчлөл тараах эрсдэлтэй гэдгийг анхааруулж байгаа. Дахин хоёр тусгай үүргийн онгоц хүлээн авна. Цаашдаа нийт хүн амд халдварын эрсдэл үүсгэх, эмнэлгийн орны ачаалал нэмэгдэх, эрүүл мэндийн байгууллагуудын чадавх хүрэлцэхгүй байх нөхцөл байдал үүсч магадгүйг хэлье. Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийн 309 ачаа тээш, 6481 кг ачаа, 14 тээврийн хэрэгсэлд ЗӨСҮТ-ийн мэргэжилтнүүд эцсийн халдваргүйжүүлэлтийг хийлээ. Ажлын байранд халдвар тархах тохиолдол 40 хувийг эзэлж байгаа гэдгийг хэлж байна.

“ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР ИРЖ БУЙ ИХЭНХ ИРГЭД ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХГҮЙ БАЙНА”

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Тусгай үүргийн онгоцоор өчигдөр /2020.05.01/ ирсэн 276 иргэн дэлхийн долоон улсаар дамжин ирсэн. Эдгээр иргэд тухайн улсдаа шинжилгээнд хамрагдах боломжтой байсан уу?

-Эрүүл мэндийн яамнаас эх орондоо ирэх хүсэлтэй бүх хүмүүсийг шинжилгээнд хамрагдсан байх шаардлага тавьсан. Энэ нь нийт хүн амаа л халдварын эрсдлээс урьдчилан сэргийлж буй юм. Гэтэл Европын ихэнх орнууд гадаад улсын иргэнийг байтугай өөрсдийнхөө иргэдийг эмчлэхэд хүндрэлтэй байгаа. Тийм учраас тусгай үүргийн онгоцоор ирж буй ихэнх иргэд шинжилгээнд хамрагдахгүй ирж байна. Эдгээр хүмүүс маш их эрсдэл дагуулж ирж байгаа.

-ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй таван иргэний биеийн байдал өнөөдөр ямар байна. Эдгээр иргэний шинжилгээний хариу хэзээ гарах вэ?

-Эхний ээлжинд өнөөдөр бүх хүнээс шинжилгээ аваад, маргааш хариуг нь мэдээлнэ. Бид гадаад улсаас ирсэн хүмүүсээс тодорхой хугацаанд давтан шинжилгээ авч хянана. Гэхдээ ямар давтамжтайгаар шинжилгээ авахаа эмч мэргэжилтнүүд хоорондоо ярилцана. Өнөөдөр сорьц цуглуулах ажил эхэлнэ. Шинжилгээ хариу гарсан даруйд мэдээлнэ. Сэжигтэй тохиолдлоор ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал өчигдрийнх шигээ байна. Зарим хүмүүсийн биеийн халуун буурч, биеийн байдал нь дээрдсэн. Дахин ямар шинжилгээ авч, биед нь ямар өөрчлөлт орж байгаа талаар тэмдэглэж байгаа.  Хувь хүний биеийн онцлогийг харгалзан үзэж, сэтгэл санааг нь өөдрөг байлгах ёстой. Эмчилгээний тактик маш чухал. Бид эмчилгээнийхээ дүн багцыг нэгтгэн маш нарийн шинжлэх ухааны үндэслэлтэй материал бэлдэж, хэвлэлд нийтэлнэ гэж төлөвлөж байгаа.

-Эмч, мэргэжилтнүүдийн эрүүл мэндийн асуудалд хэрхэн анхаарч байна. “Франц иргэнийг эмчилж байсан эмч халдвар авсан” гэх мэдээлэл үнэн үү?

-Эмч мэргэжилтнүүд өөрийгөө хамгаалах хувцас хэрэгслээ зөв өмсч, тайлах, уртасгасан  цагаар ажиллаж байхдаа анхаарал алдахгүй ажиллах зөвлөмжийг өглөө болгон өгдөг. “Франц иргэнийг эмчилж байсан эмч халдвар авсан” гэх ташаа мэдээлэл тараасан хүнд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Ингэж хүмүүсийг үймүүлж, санаатайгаар олны дунд худал мэдээлэл тараах нь аюултай. Бидний зохион байгуулалтыг эвдэхэд амархан. Тийм учраас бие биедээ итгэж, эв найрамдалтай байх ёстой. Франц улсын иргэнийг Ц.Чинбаяр эмч өөрөө орон нутгаас авч ирсэн. Эхлээд Франц улсын иргэн манай улсын эмнэлгийн үйлчилгээг голсон шүү дээ. Эх орон руугаа буцна гэхэд нь Ц.Чинбаяр эмч уулзаж ярилцаад, эндээ эмчилгээ хийлгэх нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргасан. Тэгээд эмчийгээ “Намайг эмчилж дуусгаач ээ” гэдэг хүсэлтээ хэлсэн. Ийм л түүхтэй. Франц иргэн өндөр боловсролтой хүн учраас хүний тус дэмийг зөвөөр ойлгон хүлээж авсан.

-Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссоос тусгай үүргийн онгоцоор ирж буй хүмүүсийн мэдээллийг олон нийтэд зохих хэмжээнд нь нээллтэй танилцуулж болохгүй юу?

-Улсын онцгой комиссын Шуурхай штаб болон Гадаад харилцааны яамнаас гадаадаас ирэх хүсэлтэй хүмүүсийг ил тод эрэмбэлэн ангилж байгаа. Холбогдох байгууллагын маш олон мэргэжилтний бүрэлдэхүүнтэй баг гарган ажиллаж байна. Тэд хамгийн хүнд нөхцөлд байгаа иргэдээ бүртгүүлсэн цаг хугацаатай  нь тулгаж, эрэмбэлж байгаа. Цэргийн эмнэлэгт бид архаг хууч өвчтэй иргэдийг хүлээн авахаар нээлттэй ярилцаж байна. Бид чадлынхаа хэрээр иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж байгаа нь үнэн юм.

-Сар бүрийн эхэнд ахмад настангууд даатгалын хөнгөлөлтөөр эм худалдан авахаар бөөгнөрөл үүсгэж байна. Үүнийг цахимаар зохицуулж болохгүй юу?

-Эмийн сангуудад бид зөвлөмж, албан бичиг хүргүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар хяналт тавьж ажиллаж байгаа. Яагаад ийм бөөгнөрөл үүсч байна вэ гэхээр нэгдүгээрт, цар тахлын энэ үед ахмадууд даралтын эмээ нөөцлөх сонирхолтой байдаг. Хоёрдугаарт, зарим эмийн сангууд хурууны хээ уншуулах төхөөрөмжөөр халдвар дамжих эрсдэлтэй гэж үзэн ажлуулахгүй, нэг хүн олон эмийн санд дугаарласнаас ийм нөхцөл байдал үүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж