Арилжааны банкууд зээлийн шалгуураа чангаруулж байна

Хуучирсан мэдээ: 2020.05.01-нд нийтлэгдсэн

Арилжааны банкууд зээлийн шалгуураа чангаруулж байна

Арилжааны банкууд зээлийн шалгуураа чангаруулж байна

Covid-19 цар тахлын улмаас тогтоосон хөл хорио хувийн хэвшлийн байгууллага, иргэдэд эдийн засгийн хувьд хүнд тусч, орлого нь тасалдах, ажилгүй болох зэргээр сөргөөр нөлөөлж буй. Монголбанк үүсээд буй нөхцөл байдлыг даван туулахын тулд зах зээл дээр зээлийн тасалдлыг үүсгэхгүйн тулд бодлогын хүүгээ 9 хувь хүртэл буулгаж, төгрөгийн заавал байх ёстой нөөцийн хэмжээг бууруулсан юм. Ингэснээр арилжааны банкууд Монголбанкны үнэт цаасыг авах гэхээсээ илүүтэй иргэдэд зээл олгож, зээлийн тасалдал үүсгэхгүй байх нөхцөл бүрдэнэ хэмээн тайлбарлаж байв.

Гэтэл энэ дөрөвдүгээр сарын байдлаар зээлийн эрэлт буурчээ. Тухайлбал, зээл олголт худалдаа, үйлчилгээний салбараас бусад салбарт буурсан байна. Мөн иргэдийн зээлийн эрэлт буурсан гэдэг мэдээллийг Монголбанк өглөө. Том банкуудын хувьд зээл олголт цаашид буурна гэж харж байгаа бол жижиг банкууд эсрэгээрээ өснө гэж харж байна.

Энэ нь арилжааны банкууд зээлийн шалгуураа бага зэрэг чангаруулсантай холбоотой байж болох юм. Гэхдээ тэд зээлийн нөхцөлдөө өөрчлөлт оруулаагүй байгаа ажээ. Тодруулбал, Хаан банк орлого нь буурсан аж ахуй нэгж, иргэдэд зээл олгох боломжгүй гэсэн тайлбарын өгч байсан бол Голомт банк мөн адил тайлбарыг өгсөн ч олон жил харьцаж буй эсвэл хамтын ажиллагаатай харилцагчиддаа зээл олгож байгаа гэв. Харин Хас банкны хувьд зээл хэвийн олгож байна гэсэн мэдээлийг өгсөн юм.

Үүний зэрэгцээ, иргэдийн хувьд цахим технологийн ачаар аппликейшн ашиглан зээл авах үзэгдэл сүүлийн хэдэн жилүүдэд нэмэгдсэн. Гэхдээ covid-19 цар тахалтай холбоотойгоор дөрөвдүгээр сард зарим ББСБ-ын аппликейшнууд технологийн шинэчлэл хийж байгаа зарим нь зээлийн гэрээ байгуулахгүй зэргээр иргэдэд зээл олгохоос татгалзаж эхэлжээ.

Угтаа бол санхүүгийн зах зээл дээр 4.5 их наяд төгрөгийн илүүдэл байна. Үүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй гэдгийг судлаачид хэлж буй. Харамсалтай нь, өнөө цагт иргэд болон аж ахуй нэгжүүд банкуудын хувьд эрсдэлтэй хэмээн харагдаж байгаа тул ийнхүү зээл олголт ч буурсан байх магадлалтай юм.

Монголбанкны Ерөнхий эдийн засагч. Д.Ган-Очироос энэ талаар тодруулга авахад "Банкуудын эзэмшиж буй төв банкны үнэт цаас гэж бий. Тэр нь өнөөдөр 4.5 их наяд төгрөг байна. Үүний тал орчим хувь нь банкинд заавал хөрвөх чадвартай актив гэж байх ёстой бол нөгөө талаасаа зээл гаргахад бэлэн эх үүсвэр байна. Монголын эдийн засагт үүссэн нөхцөл байдал гэвэл зээл авах гэж буй тэр хэсэг нь өөрөө эрсдэлтэй гэж харагдаад байна. Үүнээс гадна өмнө нь зээл авчихсан иргэд чанаргүй эсвэл хугацаа хэтрүүлсэн зээлийг бий болгож байгаа тул банкууд зээл гаргах нь эрсдэлтэй гэж хараад байна. Үүнийг шийдэхийн тулд төсвийн дэмжлэгээр зээлдэгч талуудын санхүүгийн байдлыг сайжруулах итгэлийг арилжааны банкинд өгөх нь чухал. Хүчээр банкуудыг зээл өг гэж хэлж болохгүй, тэгэх юм бол чанаргүй эсвэл хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өснө. Иймээс эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах төсвийн дэмжлэг чухал. Тэрхүү төсвийн дэмжлэг эдийн засагтаа ямар үр нөлөө үзүүлж байна вэ гэдгийг ажиглаж байна.

Нөгөө талаас бодлогын хүү бууж байна гэдэг бол банкийг зээл гаргах гарцаагүй байдалд оруулж байна гэсэн үг. Яагаад гэвэл банкууд 11 хувиар татсан эх үүсвэрээрээ 9 хувийн хүүтэй төв банкны үнэт цаас авахгүй. Эсрэгээрээ тэрхүү эх үүсвэрээ зах зээлд зээл болгон гаргана. Гэтэл зээлдэгч маань эрсдэлтэй гэж харагдаад байна. Иймээс төсвийн дэмжлэгээр иргэдийн, аж ахуй нэгжийн санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулж, банкуудад тэдгээр зээлдэгчдийг эрсдэлгүй гэдэг итгэлийг өгөх ёстой" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж