“NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор Улсын шигшээ багийн тамирчин, биатлонч Э.Энхсайханг урилаа. Тэрбээр 17 насандаа анх удаа Монгол Улсаа төлөөлөн Швейцарь улсын Лозанн хотноо зохион байгуулсан Залуучуудын өвлийн олимпийн гуравдугаар наадамд оролцож, өвлийн спортын төрөлд нэгэн шинэ амжилтын түүхийг бичсэн өсөх ирээдүйтэй тамирчин.
Багаасаа л спортоор хичээллэсэн тэрбээр энэ спортоороо тууштай хичээллэж, олимпийн медальтан болох хүсэл мөрөөдөлтэй гэдгээ хуваалцсан юм. Ингээд түүний сонирхолтой ярилцлагыг хүргэе.
ЭНХБАТ ЭНХСАЙХАН 2002.06.20
Төгссөн сургууль:
Дархан-Уул аймгийн дөрөвдүгээр дунд сургууль /2020 он/
Мэргэжил:
Тамирчин
Одоо эрхэлж буй ажил:
Монгол Улсын шигшээ багийн биатлоны тамирчин
Сошиал хуудас:
Энх Сайхан /фэйсбүүк/
ХҮҮХЭД НАСНЫХАА ТУХАЙ ЯРИАЧ. ХЭДЭН НАСТАЙГААСАА СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЭЛСЭН БЭ?
-Би айлын бага хүүхэд. Аав, ээж, ахтайгаа амьдардаг. Миний хүүхэд нас Дархан-Уул аймгийн гэр хороололд ахтайгаа тоглож өнгөрсөн. Би багийн их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Сургуулиас гадуурх нийтийг хамарсан арга хэмжээнд идэвхтэй оролцоно. Сургуулийнхаа ихэнх секц дугуйланд явна. Жишээлбэл, волейбол, сагсан бөмбөг, талбайн теннис, хөнгөн атлетик гээд өдөр хичээлээ тараад орой л гэртээ харьдаг байлаа. Миний хувьд нэг спортоороо тууштай яваагүй болохоор гаргасан тодорхой амжилт ч байсангүй.
Тэгээд би 2015 оноос буюу зургадугаар ангиасаа гүйлтийн цанаар хичээллэж эхэлсэн. Дараа жил нь 2016 оны өвөл морь унаж байгаад зүүн хөлнийхөө хоёр савхан ясыг хугалснаас болж, гүйлтийн цанаараа уралдаж чадалгүй гэртээ гурван сар хэвтсэн. Үргэлжлүүлэн 2017, 2018 онд гүйлтийн цанаараа хичээллэж байгаад өнгөрөгч 2019 онд биатлоны тамирчин болсон юм.
АНХНЫ АМЖИЛТ
-Анх цана гэж юу байдгийг ч мэддэггүй байлаа. Нэг өдөр сургууль дээр давтлагад сууж байтал хүүхдүүд “Спортын зааланд гоё юм болоод байна” гэхээр нь ороод харсан чинь Дархан-Уул аймгийн спортын ордны багш, спортын мастер Б.Ховор-Эрдэнэ багш маань зааланд цанын спортыг хүүхдүүдэд танилцуулж байсан. Анх тэгж л цана харсан даа.
Тэгээд маргаашнаас нь манай сургуулийн хажуу талын наадмын стадионд цаны зам тавьж, тэр зам дээр анх удаа гулгаж хоёр сар шахуу бэлтгэл хийсэн. Ингэж бэлтгэл хийсний үр дүнд Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож, алтан медаль авсан юм. Одоо цанын спортоор зургаа дахь жилдээ, биатлоны спортын төрлөөр хоёр дахь жилдээ хичээллэж байна.
Швейцарь улсын Лозанн хотноо өнгөрөгч нэгдүгээр сард болсон "Лозанн-2020" Залуучуудын өвлийн олимп миний хоёр жилийн өмнөх мөрөөдөл байсан. Миний хувьд өөрийгөө гүйлтийн цанаар л орно гэж бодсон. Тэгээд 2019 онд биатлоноор шаргуу бэлтгэл хийж, тус олимпод дэлхийн 99 орны тамирчидтай өрсөлдөж, 12 дугаар байранд орсон.
ШВЕЙЦАРЬ УЛСАД БОЛСОН ЗАЛУУЧУУДЫН ӨВЛИЙН ОЛИМПИЙН ГУРАВДУГААР НААДАМД АНХ УДАА ОРОЛЦОЖ, 12 ДУГААР БАЙРАНД ШАЛГАРСАН. СЭТГЭГДЛЭЭ ХУВААЛЦАХГҮЙ ЮУ?
-Өнгөрөгч 2019 оны намар Итали улсад ЗХУ, Беларусийн гавьяат тамирчин, Беларусийн гавьяат дасгалжуулагч Александр Поповын удирдлага доор тасралтгүй бэлтгэл хийж, тус наадамд оролцсон. Манай дасгалжуулагч багш Беларусийн нэрт биатлонч, 1988 оны Калгарийн олимпийн алт, 1992 оны Альбервилийн олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ий дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медальт алдартай тамирчин. Монгол Улс шиг биатлоны спорт хөгжөөгүй орны тамирчин анх удаа олимпод оролцож, 12 дугаар байранд шалгарсандаа баяртай байгаа. Залуучуудын өвлийн олимпийн гуравдугаар наадамд Монгол Улс анх удаа албан ёсны эрх авч оролцсон. Ингэснээр өвлийн спортын түүхэнд анхны эрх авсан төрөл болж бичигдсэн.
Миний хувьд биатлоны эрэгтэй ганцаарчилсан зайн төрөлд нийт 20 сумнаас дөрөв алдаж 12 дугаар байранд орсон. Хэрвээ хоёр алдсан бол гуравдугаар байранд орох боломж байсан. Баг хамт олны тухайд дөрвөн охин, таван эрэгтэй, хоёр дасгалжуулагч, нэг жолоочийн баг бүрэлдэхүүнтэй Европ улсыг зорьсон. Тэгээд хоёр сар хүртэл Европ улсаар цуврал тэмцээнүүдэд орж явсаар байгаад хамгийн сүүлд Дэлхийн аварга дуусаад Монголдоо ирдэг. Баг хамт олон маань хоорондоо найрсаг эелдэг, бие биенээ дэмжин ойлгодог.
БИАТЛОН НЬ ӨВЛИЙН СПОРТЫН ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ ТӨРӨЛ. ТАМИРЧИН ХҮНЭЭС ЯМАР УР ЧАДВАРЫГ ШААРДДАГ ВЭ?
–Биатлоны спортод буудлага бол гулгахаас илүү чухал. Муу буудвал нэг минутаар торгуулна эсвэл торгуулийн тойрог тойрдог. Тийм учраас буудлагаа сайн хийж чадвал ямар ч сайн тамирчин байсны өмнө орох боломжтой сонирхолтой спорт. Буудлага, цана хоёрын нийлмэл төрөл хэдий ч буудлагын чадвараа давамгай хөгжүүлэх шаардлагатай. Мэдээж тамирчны сэтгэл зүй хамгийн чухал. Бас хурд, авхаалж самбаа их шаардана. Биатлон нь хамгийн багадаа 7.5, 15, 20 км замыг туулдаг.
ЧӨЛӨӨТ ЦАГААРАА ЮУ ХИЙХ ДУРТАЙ ВЭ?
-Би ихэвчлэн тэмцээний бэлтгэлдээ анхаардаг. Чөлөөт цагаараа хааяа Pubg тоглох дуртай. Ихэнхдээ бэлтгэлийн төлөвлөгөөгөө бичиж, гаргана. Бас сагсан бөмбөг тоглох дуртай.
ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
-Энэ зуны бэлтгэлээ сайн хийхээр төлөвлөж байна. Цаашдын зорилго “Бээжин-2020” олимпод орж, медаль авах юм. Ирэх өвөл “Бээжин-2022” оны оноо цуглуулах тэмцээнүүд болно. Тиймээс энэ зуныхаа бэлтгэлээ л сайн хийх хэрэгтэй. Зуны бэлтгэлээ зургаа, долдугаар сардаа Монгол Улсдаа хийж байгаад намраас Беларусь улсад хийх байх.
ТАНЫ ИРЭЭДҮЙН ЗОРИЛГО, ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ
-Цаашид бэлтгэлээ маш сайн хийнэ. Надад үлгэр дууриалал болдог олон сайхан тамирчин бий. Тэдний нэг болж, эх орныхоо төрийн далбааг мандуулахыг хүсдэг. Энэ спортоороо тууштай хичээллэж, 2022, 2026 оны олимпод амжилттай оролцож, медаль авах хүсэл мөрөөдөлтэй. Монгол Улсдаа биатлоны спортыг хөгжүүлж, олон мундаг тамирчин бэлтгэх зорилго ч бий.
МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ХАНДАЖ ХЭЛЭХ ЗӨВЛӨГӨӨ
-Залуустаа хандаж хэлэхэд амьдралд шантрах зүйл олон тохиолдоно. Тэр болгонд шантралгүйгээр урагшлах хэрэгтэй. Миний бодлоор Монгол Улсын хөгжил дэвшил өнөөдрийн залуусаас эхэлнэ. Тиймээс залуустаа хамгийн гол нь хөдөлмөрч, тууштай, хариуцлагатай байгаарай.
Нэг эхлүүлсэн зүйлээ дуустал хийж, заавал эцсийн үр дүнг нь үзээрэй. Үргэлж өөрийнхөө хийж буй зүйлдээ сэтгэл гаргаж, биеэ дайчилж байгаарай гэж хэлье.
Холбоотой мэдээ