Нефть импортлогч компаниуд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-наас шатахууны үнээ литр тутамд 280-300 төгрөгөөр бууруулсан. Гэвч такси үйлчилгээний үнэ буураагүй хэвээр байна. Олны нэрлэж заншсанаар “халтуурчид” өнөөдөр нэг км газарт 1000 төгрөгөөр, бүртгэлтэй дуудлагын такси нэг км газарт 1500 төгрөгөөр үйлчилж байна.
"Иргэд шатахууны үнэ буурсан нөхцөлд таксины үнэ буурах ёстой" гэж үзэж буй. Тиймээс энэ асуудлыг сурвалжиллаа.
“Тэнгис” кино театрын замын урд талаас таксинд сууж, жолоочоос “Нэг км газар хэдэн төгрөгөөр үйлчилж байгаа вэ” гэж асуухад “1000 төгрөгөөр явна” гэв. Үнээ буулгаагүй шалтгаанаа “Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ улам л нэмэгдээд байхад бид хямд үнээр үйлчлэх боломжгүй. Бид ч гэсэн халтуур хийж ар гэрээ тэжээдэг. Ядаж мах, гурил, талхны үнэ хямдарвал хамаа алга” хэмээн бухимдангуй хариуллаа.
Мөн хөл хориотой холбоотойгоор өдрийн орлого нь эрс багассан гэнэ. Өмнө нь авто машины түгжрэл ихтэй хэдий ч хөл хөдөлгөөн их байсан учраас орлого сайн байжээ. Жишээлбэл, хувиараа таксинд явж байгаа жолооч өглөө 08.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл явахад дунджаар шатахууныхаа зардлыг хасаад 35 мянган төгрөг олдог байсан бол хөл хорио тогтоосон үеэс өдөрт 15-25 мянган төгрөг олж, орлого нь буурчээ.
“И-Март” худалдааны төвийн замын хойд талд ар араасаа эгнэн зогссон таксины жолооч нартай уулзав. Жолооч С.Баяраа “Хувиараа таксинд явдаг жолооч нар нэг км газарт 1000 төгрөгөөр явж байгаа. Зарим хүмүүс 800 төгрөгөөр ч явна. Хэдийгээр шатахууны үнэ буурсан ч өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх болсон. Бид өнөөдөр "халтуур" хийсэн орлогоороо амьдардаг. Тууштай явж чадвал өдөрт бензинээсээ гадна өдөрт 30 мянган төгрөг олчихно” гэлээ.
"ХӨЛ ХОРИОТОЙ ХОЛБООТОЙГООР ТАКСИНЫ ЖОЛООЧ НАРЫН ОРЛОГО БУУРСАН"
Уг газарт зогссон жолооч нарын олонх нь нэг км газарт 1000 төгрөгөөр явна гэж байсан бол ганц нэг нь 800 төгрөгөөр үйлчилнэ гэж байлаа. Ингээд нэгэн жолоочтой /нэрээ хэлэхийг зөвшөөрөөгүй/ зам зуур яриа өрнүүллээ.
-Таны хувьд хувиараа такси үйлчилгээнд хэдэн жил явж байна вэ?
-Би өнгөрсөн жил хувиараа такси үйлчилгээнд явдаг байсан. Энэ жил ажилтай учраас долоо хоногт гурван удаа л таксинд явдаг.
-Нэг км газар хэдэн төгрөгөөр үйлчилдэг вэ?
-Шатахууны үнэ буурсан ч таксины үнэ буураагүй. Нэг км газар 1000 төгрөгөөр явж байгаа. Албан ёсны такси үйлчилгээ эрхлэгчид үйлчилгээний үнээ буулгаагүй болохоор мөд буухгүй байх. Албан байгууллагын дуудлагын таксинууд гурван км-ээс илүү газар явах юм бол тариф нь буурч, 1000 төгрөг болдог. Харин гурван км дотроо 1500 төгрөгөөр явдаг гэж сонссон. Дуудлагаар явахаас гадна замд таарсан хүнд үйлчлэхдээ ялгаагүй нэг км газарт 1500 төгрөгөөр үйлчилдэг гэсэн.
-Шатахууны үнэ буурснаар таксины жолооч нарын орлогод хэрхэн нөлөөлж байна вэ?
-Байнгын такси үйлчилгээнд явахад машины эвдрэл гэмтэл гарахаас эхлээд асуудал ихтэй. Хөл хориотой холбоотойгоор миний өдрийн орлого ойролцоогоор 20 хувиар буурсан. Хэдийгээр шатахууны үнэ буурсан ч АИ-80, АИ-92 шатахууныг хольсон юм шиг санагдаад байгаа. АИ-80 хийвэл их хэмжээний бензин орох ч машин хүч муутай болдог. Ер нь машинд муу л даа. Машины мотор, цагаан гол хурдан эвдэрнэ гэсэн үг. ШӨХТГ-аас гэнэтийн шалгалт хийхгүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байж хийснийг ойлгохгүй юм. Тэрийг ямар шалгалт гэдэг юм бэ. Шатахуун түгээх станцууд бензиний саваа султгачихна шүү дээ. Би өөрөө шатахуун түгээх станцад нэг жил ажиллаж байсан учраас саваа султгаад дороо янзалчихдаг гэдгийг мэднэ. Угаасаа долоо хоногтоо нэг удаа шатахуун нэмэгдэж, орж ирдэг юм” гэв.
"ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНЭ НЭМЭГДСЭН УЧРААС ТАКСИНЫ ҮНЭ БУУРАХГҮЙ"
Тэндээс “Улаанбаатар такси” компанийн улбар шар өнгийн таксинд суулаа. Уг таксины хувьд эхний нэг км газарт 1500 төгрөг, хоёр дахь км-ээс 1000 төгрөг тооцож үйлчилдэг аж. Жолооч М.Даваадорж “Өнөөдөр зах зээл дээр мах гурил, ногоо зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байгаа учраас такси үйлчилгээний үнээ буулгахад хүндрэлтэй. Бензиний үнэ мянга буураад яах вэ дээ. Ядаж махны үнийг тогтвортой барьж, бууруулах шаардлагатай байна. Хөл хориотой холбоотойгоор орлого ч багассан. Миний хувьд өмнө нь өдөрт 10-20 дуудлага авдаг байсан бол өнөөдөр 5-10 хүнд л үйлчилж байна. Бид Стандарт хэмжил зүйн газраас олгосон лацтай тоолууртай. Бид энэ тоолуураа хөнддөггүй. Саяхан баталгаажилтаа хийлгэчихсэн. Жилдээ хоёр удаа баталгаажилт хийлгэдэг юм. Такси маань газаар явдаг учраас ашиг орлогод шууд нөлөөлсөн зүйл алга” гэдгийг хэлж байв.
Таксинд суухаар зам дагуу гар өргөн зогсч буй иргэн Э.Дариймаа “Сүүлийн үед би хол явах газраа 800 төгрөгөөр таксигаар үйлчлүүлж байгаа. Өнгөрсөн долоо хоногт хотын төвөөс 22-ын товчоо ороход 800 төгрөгөөр явсан. Миний хувьд Сансарын тунелиас Аравдугаар хороолол орохоор таксинд суухаар 5500 төгрөг гардаг. Заримдаа жолооч нар 4500 төгрөгөөр үйлчилдэг. Албан ёсоор такси үйлчилгээний үнэ хямдруулаагүй ч таксины жолооч нартай үнээ тохироод явчихдаг” гэсэн юм.
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын гаргасан судалгаагаар Улаанбаатарт 10 аж ахуйн нэгжийн 459 такси үйлчилгээнд явдаг байна.
Таксины жолооч нарын зүгээс өргөн хэрэглээний барааны үнэ буураагүй учраас үйлчилгээнийхээ үнийг буулгах боломжгүй гэдэг хариултыг өгч байна. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шатахууны үнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ тодорхой хэмжээгээр буурсан гэдэг тайлбарыг өглөө.
"ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ШУУД ҮНЭД НЬ НӨЛӨӨЛЖ, ДООД ҮНИЙГ ТОГТООХ БОЛОМЖГҮЙ"
ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам “Дөрөвдүгээр сарын 15-наас шатахууны үнэ төрөл зүйлээсээ хамаараад 280-300 орчим төгрөгөөр буурсан. Ингэснээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурах нөхцөл бүрдсэн. Манай байгууллагын зүгээс цар тахлын үед өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ, хангамжинд байнгын хяналт тавин ажиллаж байгаа. Уг хяналт шалгалт, судалгааны үр дүнгээр цагаан будаа зургаа, шар будаа гурав, хонины ястай мах дөрөв, цул мах зургаа, үхрийн цул мах нэг хувиар тус тус буурч, үнэ ханш нь тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлттэй байна.
Гэсэн хэдий ч үнэ буурсан шатахууныг шууд хэрэглэж буй такси үйлчилгээний үнэ буурсан зүйл харагдахгүй байгаа. Тиймээс нийслэлийн Нийтийн тээврийн газраас холбогдох мэдээллүүдийг авч, хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд тус газраас Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоонд шаардлага хүргүүлж, хариутай бичиг авах ажлыг хийж байгаа.
Хамгийн гол нь өмнө нь 800 төгрөгөөр үйлчилж байсан үнэд хүрч чадах уу гэдэг нь тухайн үйлчилгээ эрхлэгчдээс хамаарна. Чөлөөт өрсөлдөөний зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа учраас төрийн байгууллагын зүгээс шууд үнэд нь нөлөөлж, доод үнийг тогтоох боломж хязгаарлагдмал гэдгийг ойлгох хэрэгтэй.
Таксины дуудлага, үйлчилгээтэй холбоотой хяналт шалгалтыг нэлээд дээр үед хийж байсан. Одоогийн байдлаар энэ үйлчилгээнд хяналт шалгалт хийхэд хүндрэлтэй байгаа. Учир нь манайд албан ёсны зөвшөөрөлтэй такси үйлчилгээнээс гадна хувиараа энэ чиглэлийн үйлчилгээ эрхэлдэг жолооч нар олон бий. Эдгээрийн үйл ажиллагааг цэгцлэх чиг үүрэгтэй байгууллага бол нийслэлийн Нийтийн тээврийн газар. Бид ч гэсэн такси үйлчилгээтэй холбоотой зөвлөмжүүдийг тухайн үед тус газарт өгч ажиллаж байсан” хэмээн хэллээ.
ШӨХТГ-аас дөрөвдүгээр сарын 20-нд шатахууны чанар, дүүргэлтэд Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газартай хамтран шалгалт хийсэн бөгөөд дүн хараахан гараагүй байна.
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ