Л.Гантөмөр: Монгол шиг хоригтой улс алга | News.MN

Л.Гантөмөр: Монгол шиг хоригтой улс алга

Л.Гантөмөр: Монгол шиг хоригтой улс алга

УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөртэй ярилцлаа.


Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн үед та олны анхааралд өртөх нь бага, харьцангүй нам жим байлаа. Улс төрөөс хөндийрсөн энэ дөрвөн жилд та юу хийв, ямар ажил амжуулав?

-Сүүлийн жилүүдэд эмийн ургамлыг тарималжуулах ажилд төвлөрч, үр шимийг нь үзлээ. Эрдэмтэдтэй хамтран эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд гаргаж авах судалгаа хийж байна. Мөн инновацийн орчныг бүрдүүлэх чиглэлээр судалж, мэдлэг бүтээх хүний нөөцийг хэрхэн бэлтгэх вэ, хөтөлбөр нь ямар байх талаар сургуульд зөвлөх хийсэн. Ийм ажлуудыг амжууллаа.

-Дөрвөн жилийн өмнө АН-ын даргын сунгаанд өрсөлдөж байсан хүн. Намынхаа ажилд хэр оролцож байна. Таны намын шинэчлэл  дууссан уу, үргэлжилсээр байна уу?

-Намын ажилдаа оролцолгүй яах вэ. АН өнгөрсөн хугацаанд шинэчлэлтийнхээ хүрээнд нэлээд ажил өрнүүлснийг та бүхэн сайн мэднэ. Намын дүрмийг өөрчлөхөөс эхлээд нийт гишүүд дундаас намын даргаа сонгосон түүхэн цаг үе байлаа. Мөн ҮБХ буюу АН-ын төв байгууллагын гишүүдийн эргэлтийн сонгуулиа сэргээсэн. ҮБХ байгуулагдсаны дараа намын үзэл баримтлалын шинэчлэлийн ажил хийгдэж, орон даяар хэлэлцүүлгүүд өрнөсөн.  Энэ бүх намын шинэчлэлийн төлөө үгээ хэлж, алдаа оноог нь шүүж, санал бодлоо илэрхийлж байна. Цаашлаад Монгол Улсад урт хугацаанд хэрэгжүүлэх намын бодлогын судалгаа дээр ажилласан. Мөн хэсэг эрдэмтэдтэй хамтарч шинжлэх ухааны  суурийг яаж зөв болгох вэ, шинжлэх ухаанд суурилсан хөгжлийг хэрхэн яаж гаргаж ирэх вэ гэдэгт төвлөрч ажиллалаа. Энэ мэтчилэн намын дүрэм, журам боловсруулах гээд шаардлагатай ажилд оролцож явна.

"76 НЭР ДЭВШИГЧИЙГ ТОДРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙГ С.ЭРДЭНЭ ДАРГА  АХАЛЖ БАЙГАА"

-Ардчилсан нам  УИХ-ын сонгуулийн бэлтгэлээ хэр базааж байна. Сонгуульд ялах танай намын тактик нь юу байх бол?

-АН сонгуульд ялах, ялагдах нь нэр дэвшигчдээсээ шууд  шалтгаална. Юу үнэн, энэ үнэн. 76 нэр дэвшигчийг тодруулах ажлын хэсэг нам дээр ажиллаж, С.Эрдэнэ дарга  ахалж байгаа. С.Эрдэнэ даргын удирдаж буй энэ баг ямар 76 хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхээр оруулж ирэх вэ гэдгээс АН сонгуульд хэчнээн суудал авах вэ гэдэг хар зураг нь шууд гарна. Хоёрт, сонгуульд нөлөөлөх дараагийн чухал зүйл нь мөрийн хөтөлбөр, гуравт PR, сурталчилгаа. Олон нийтэд намын бодлогоо хүргэж чадах уу гэдгээс их зүйл хамаарна. Энэ багийг Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү ахалж байна.

-Та Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ ил тод зарлаад байгаа. Намын дарга чинь нэр виз олгох болов уу?

-Улстөрчийн хувьд өнөөдрийг хүртэл олон түмэндээ үнэлэгдсэн үнэлгээ, хийсэн ажил, бүтээсэн зүйлээрээ би шинэ хүн биш. Намын мөрийн хөтөлбөрт өөрийнхөө тодорхой саналуудыг оруулсан. Нэгдүгээрт, монгол хүн ажилтай байх нь чухал байна. Энэ чиглэлд тодорхой бодлого боловсруулсан. Хоёрдугаарт, монгол хүн бүр баялгийн эзэн нь байх чиглэлд түлхүүтэй анхаарлаа. Үнэндээ нэг хэсэг нь лицензийн наймаа хийж, цөөхүүлээ байгалийн баялгаас хүртэж ирсэн байдлыг халах ёстой. Цаашид бид баялгаа яаж эдийн засгийн эргэлтэд оруулах талаар намын мөрийн хөтөлбөрт тусгуулсан. Гуравдугаарт, дээр хэлсэнчлэн ажлын байр бий болгохтой холбоотой бид хөрөнгө оруулалтыг урин дуудах тэр орчныг яаж бүрдүүлэх вэ гэдэгт тодорхой саналуудаа гаргасан.

Энэ бүх саналаа өөрийн тойргийн сонгогчдод хэрхэн хүргэх үү гэдэг дээр төвлөрч ажиллаж байна. Мөн боловсролын ололт, амжилтуудыг улам бататгах, алдаа, дутагдлыг засаж залруулах, цаашлаад мансууруулах бодис, архидалтай тэмцэх шаардлагатай байна. Ерөнхийдөө бичиг цаасны ажилтай л сууж байна даа.

-Та хуучин тойрогтоо нэр дэвших үү?

-Тийм ээ. Сүхбаатар дүүрэгтээ нэр дэвшинэ. Би ер нь тойрог сольж үзээгүй, солих ч сонирхолгүй.

-Ингэхэд намынхаа хандивын 100 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа юу?

-Нам сонгуульд бэлтгэх ёстой. 2020 оны сонгууль хүч тэнцвэргүй тулаан  болно гэдгийг бүгд ойлгох хэрэгтэй. МАН-ын 63 гишүүн  хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр байнга гардаг. Гэтэл АН-ын 7-8 гишүүн дийлэнх нь орон нутагт тойрогтоо очиж ажиллах шаардлагатай. Энэ хооронд МАН-ын 63 гишүүн намын бодлогоо сурталчилж таарна. Тэгэхээр МАН-ын бодлогын сурталчилгааг манайхтай харьцуулбал 10:1 хувийн харьцаатай. Хажуудаа МАН дэмжигч жижиг намуудтай.

Тэд нь АН-ыг муулах ажлыг хийх үүрэгтэй. Энэ бүхнээс харахад үнэндээ хүч тэнцвэргүй тулаан болно. Тэгэхээр чаддагсан, боломжтойсон  бол  100 сая төгрөгөөр тогтохгүй  л намаа дэмжмээр байгаа юм.

-Ардчилсан нам дотоод зөрчил ихтэй, зарим гишүүд нь бие даахаар болсноо зарлачихлаа. Сонгуулийн үед дотоод зөрчил, хагарлаасаа болоод АН ахиад ялагдах вий гэсэн болгоомжлол жирийн гишүүд, дэмжигчдийн чинь дунд байна? 

-Улс төрийн нам дотор гишүүдэд зарчмын зөрүүтэй үзэл бодол гэж байна. МАН-д ч энэ зөрчил бий. Жишээ нь, У.Хүрэлсүх, М.Энхболдын тал гээд хуваагдчихсан биз дээ. Энэ хуваагдал нь дүүргийн намын хороодод нь илрэх жишээний. Сүүлд Чингэлтэй дүүргийн Засаг даргыг солих гэж бөөн л юм боллоо. Яг үүнтэй адил АН-д ч гэсэн зөрчил бий. МАХН-ын хувьд ганц гишүүнтэйгээ зөрчилдсөөр байгаад тэр гишүүн нь манай нам руу орлоо. ШИНЭ намд ч гэсэн зөрчил байгаа. Эхлээд гурван гишүүн нийлж нам байгуулсан. Одоо тэр хүн нь бие дааж нэр дэвшинэ гээд явж байх жишээний. Тэгэхээр нам бүрт л тодорхой хэмжээний зөрчил гардаг. Харин манай намын зөрчлийг дөвийлгөж, товойлгож чадаж байгаа нь мөнгөтэй намын хийж байгаа ажил шүү дээ.

Зөрчлийн шалтгаан нь юу байна вэ?

-Үзэл бодлын зөрчилдөөн гэх үү дээ. Аливаа шийдвэрт “Миний санал дэмжигдэхгүй байна” гэдэг хувь хүний хандлага хаана ч илэрдэг байх аа. Бусдын саналыг сонсохоос илүүтэй өөрийнхөө саналыг дэмжүүлэх гэсэн ийм хандлага. Энэ нь дан ганц улс төрийн намуудад байдаг ч зүйл биш. Амьдрал дээр ч бий. Миний хувьд ч гэсэн намын ҮБХ-ны хуралдаан дээр санал зөрөлдөх,  маргалдах  үе бишгүй л гардаг. Үүнийг зөрчил гэж харах эсэх нь тухайн хүний л асуудалд хандах хандлага юм даа.

"МАНАЙ НАМД ЛИДЕРҮҮДИЙНХ НЬ СЭЛГЭЭ ХИЙГДЭЭГҮЙ"

-Танай намын хуучцуул бие дааж нэр дэвшихээ мэдэгдсэн нь зөв үү, буруу юу ?

-Манай намд нэг зовлон бий. МАН-ын хувьд 1990 оноос хойш  тав дахь үе нь солигдсон. Харин АН-ын хувьд бараг үе солигдоогүй гэж хэлж болохоор. 1990 онд ардчилсан хувьсгал хийж байсан хүмүүс одоо ч байна. Өөрөөр хэлбэл, манай намд лидерүүдийнх нь сэлгээ хийгдээгүй. Тийм учраас хуучны зарим лидер бие дааж нэр дэвшинэ гэхээр хүмүүс цочирдоод байна уу даа гэж би хувьдаа харж байна.

-Эрүүл үзэгдэл гэж үү?

-Мэдээж бахархаад байх зүйл биш. Бас гуниад байх ч зүйл алга. Хэзээ нэгэн цагт ийм сэлгээ болох л байсан, цаашдаа ч явагдах байх.

 –МАН нэр цэвэр хүмүүсээ сонгуульд авч орно гэж намын дарга нь мэдэгдсэн. Танай намын хувьд ямар зарчмаар нэр дэвшигчдээ тодруулах бол?

-Шударга ёсны төлөө тууштай явж чадах хүмүүс энэ сонгуульд ялна гэж харж байгаа. Тэр хүмүүс нь тойрог дээрээ өөрсдийн итгэл үнэмшлээ хэр зэрэг хүргэж чадах уу гэдгээс мөн их зүйл хамаарна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр судалгаа авахад айргийн гуравт байгаа хүмүүс л нэр дэвших ёстой. Короноавирусийн халдвартай энэ үед сонгуулийн сурталчилгаа идэвхтэй, хүчтэй явагдахгүй нь тодорхой. Гэхдээ сонгогчид тэнэг биш. Шударга, нэр цэвэр гэдгийг У.Хүрэлсүх хэлээд мэддэг, бусад нь мэддэггүй байж таарахгүй. Тэгж хэлээд том бизнесменүүдээ эсвэл ЖДҮ-чидээ нэр дэвшүүлэх л байлгүй. Сонгогчид хараад л мэднэ. Ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс гэдэг тусдаа шүү дээ. Тухайн хүнийг олон жил ажигласан ажиглалт, биеэ авч явж байгаа байдал, боловсролын түвшин гээд их олон зүйлийг нь ажигласан байдаг юм, сонгогчид.

Томсгосон мажоритар тогтолцоогоор сонгууль явагдана. Нэг тойрогт олон хүн нэр дэвших учраас намын дэмжлэг болон тухайн нэр дэвшигчийн нэр хүнд, сонгуулийн баг сайн ажиллах шаардлагатай. Энэ тогтолцоо нь парламентад суудалтай намуудад ашигтай бол шинэ залуу хүмүүст халтай гэдэгтэй та санал нийлэх үү?  

-УИХ-ын гишүүдэд маш том боломж бий. Энэ хүмүүс дөрвөн жил тойрогтоо ажиллаж, ойр байсныг бүгд л хүлээн зөвшөөрнө. Гэхдээ шинэ залуучууд ч гэсэн уйгагүй зүтгэвэл боломж бий. Тэр боломжийг нь үгүйсгэж болохгүй.

"ЗАЛУУЧУУД СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ НЬ  АМЬДРАЛЫН НЭГ ТОМ СУРГУУЛЬ ШҮҮ"

-УИХ-ын сонгуульд бие даан оролцохоор 208 хүн Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Манай улсын түүхэнд 2016 онд 69 хүн УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшсэн нь хамгийн оргил үзүүлэлт байсан. Харин энэ удаагийн сонгууль уг рекордыг эвдэх нь. Ер нь бие даагчид юунд ингэж хошуурна вэ?

-Олон хүн бие дааж нэр дэвших нь муу зүйл биш ээ. Бие даагчид болон улс төрийн намуудын нэр дэвшигчид хэд хэчнээн байх нь сонин биш, тэр дундаас 76 хүн сонгогдох нь тодорхой. Олон хүн өрсөлдөх хэрээр тэд бодит амьдралын үнэнтэй нүүр тулна. Тэд тойрог дээрээ очоод мэтгэлцэг, ядарсан иргэдэд туслаг. Тэр хүмүүсийн үг яриа, асуудлыг нь сонсог. Яажшуухан амьдардгийг нь нүдээрээ хараг. Тэдний амьдралд тусалж болох төр юу хийх ёстой вэ гэдгийг ойлгог. Залуучууд сонгуульд нэр дэвшинэ гэдэг амьдралын нэг том сургууль шүү.Үнэндээ ядарсан айлын гэрээр орж үзээгүй л нөхдүүд яваа. Сонгуулиар далимдуулаад үзэж, харах ёстой зүйлстэй нүүр тулаг.

Өнөөдөр өдрийн хоолгүй хэчнээн хүн байгааг энэ улстөрчид мэдэхгүй. Улстөрчид том бүлтрээд л байдаг бодит байдалд ядарсан нэг айлаар ороод гардаг улстөрч тун цөөхөн шүү. Гэр хороололд архидалт ямар байгааг явж хараг. Тийм болохоор олон хүн нэр дэвших нь сайн хэрэг.

-Тэгвэл та хамгийн сүүлд хэзээ гэр хорооллоор хэзээ явав?

-Өө тэгээд өдөр болгон үргэлж явдаг гэж худлаа хэлэхгүй. Мэдээж, хүн хартай уулзана, амьдрал ахуйтай  нь танилцана. Сонгуулиар явж л таарна. Өмнө нь би гишүүн байхдаа зөндөө явж тэндээс гол мессежээ авдаг байлаа. Шалан дээрээ дэвсгэргүй айлд ороод 10 минут суух, хогон дээрээс яс авчирч буцалгаж байгаа хүний амьдралыг хараад тэр сэтгэл зүйгээр асуудалд хандах бол өөр шүү. Тийм учраас дахиад хэлье, аль болох олон хүн нэр дэвшиг.

Тантай би санал нийлэхгүй байна.Төрийн босго намдсанаас хэн дуртай нь УИХ-ын гишүүнд санаархаж байгаа хэрэг биш үү?

-УИХ-д ороод алдаа гаргавал гишүүнээс нь эгүүлэн татдаг байх тэр хуулийг л гаргамаар байна. Түүнээс биш УИХ-ын гишүүний дархлаа гээд худлаа ярихаа одоо больцгоох хэрэгтэй. Хоёрдугаарт, хэвлэлийнхэн УИХ-ын гишүүдээс юм асууж, мэдээ авдгаа больчихмоор байгаа юм. Бүх хэвлэл гадаа нийгэм рүүгээ орох хэрэгтэй. Чуулганы хуралдааныг телевизийн лайваар шууд дамжуулаад байгааг би гайхдаг. Тэднийг харуулах ямар хэрэг байгаа юм. Камерын өмнө худлаа ярьцгааж, эргээд ард түмнээр сайхан, муухай гэж хэлүүлж байна шүү дээ.

Ер нь бол аль ч парламентад бодлого хийдэг 10 гаруйхан хүн л сонгогддог. Тэдний нуруун дээр хамаг ажил нь явдаг. Бусад нь том ярина эсвэл зарим төлөөлөл нь бизнесээ хамгаалах гэж оролдоно. Гэхдээ одоогийн УИХ шиг хэрэг тарьдаг хүмүүс хаа очиж үе үеийн парламентад байгаагүй юм шүү.

-2020 оны  сонгуулийн өнгийг та хэрхэн харж байна вэ?

-2020 оны сонгуулийн онцлог бол коронавирус. Эрх баригчдад коронавирус маш том давуу тал өгсөн. Ард түмнийг айдастай болгосон. Хэнд ч өгөөжгүй баахан мөнгө цацах тухай төлөвлөгөөнүүд баталсан. Дөрвөн жилийн туршид хийсэн бүх зүйлээ коронавирусээр дарж сонгууль явуулж байгаагаараа онцлог. Сайн, муугийн аль аль нь коронавируст ялагдсан. Хоёрдугаарт, 2020 оны онцлог сонгуулиас үл хамаараад эдийн засгийн уналт биднийг хүлээж байгаа. Хүчтэй цохилтод орно, иргэдийн амьдралын чадвар 50 хувиар буурах байх. Ирж байгаа цаг нь маш хүнд. Нэг Засгийн газар байтугай нэлээд хэдэн Засгийн газар ирэх жилүүдийн хүндрэлийг дааж гарахад хэцүү байна байх. Энэ хүндрэл сонгууль хүртэл бараг мэдрэгдэхгүй. Яагаад гэвэл эрх баригч нам ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийг, иргэд, ААН-үүдийг НДШ-ээс чөлөөлөх гэх мэт арга хэмжээнүүдийг авах юм шиг байна. Гэхдээ ямар эх үүсвэрээр  төлөх нь тодорхой бус байна. Гурван жилийн дараа тэтгэвэрт гарах хүний нийгмийн даатгалыг төр төлнө гээд таслалдчихвал яах уу. Тэтгэвэртээ гарах дөхсөн хувийн сургуулийн багш НДШ-ээ өөрөө төлнө гэж хэлж байгааг би сонссон.  Эрх баригчид коронавирусээс айлгах ажлаа маш сайн хийж, бүгдийг хориод л байгаа биз дээ. Монгол шиг хоригтой улс алга.

 "КОРОНАВИРУС ЭРХ БАРИГЧДАД МАШ ТОМ ДАВУУ ТАЛ ӨГСӨН"

-COVID-19 халдварын улмаас боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа цахим сургалтад шилжсэн. Сурагчдад теле хөтөлбөрөөр хичээл заагаад нэлээд хугацаа өнгөрлөө.Та өмнө нь БСШУС-ын сайд байсан хүний хувьд  цахим сургалтын тухайд юу хэлэх вэ?  

-Хэрэв би энэ үед салбарын сайд нь байсан бол бүх хүүхдийг англи хэл сургахад байгаа хүч, нөөцөө зарцуулах байсан. Цахим хичээлийн 80-90 хувийг англи хэлний сургалт болгоно. Хөл хорионд орж, дөрвөн хананы дунд байх үедээ хүний хамгийн сайн чаддаг зүйл бол хэл сурах. Үүнийг л ашиглах байсан.

Ер нь бол цахимаар заахад тохиромжтой хичээл гэж тусдаа бий. Тухайлбал, нийгмийн ухааны хичээлийг цахимаар заахад тохиромжтой. Харин байгалийн ухаан болон биеийн тамирын хичээлийг цахимаар заахад хүндрэлтэй. Боловсролын тухай хуульд ахлах боловсролын зорилгыг бие дааж суралцах гэж тусгасан байдаг. Бие дааж жинхэнэ суралцах ийм цаг үед бие дааж суралцах чадвартай хүүхдүүдэд давуу тал эсрэгээрээ танхимд багшийн үгийг хүлээдэг, багшид удирдуулж сурдаг хүүхдүүд яахаа мэдэхгүй гацчихсан байгаа. Энэ бол бодит үнэн. Намар хичээл эхлэхэд багш нарын ачаалал дийлдэхгүй болно. Хүүхэд тус бүртээ тулж ажиллах шаардлага үүснэ.

-УИХ-ын чуулганаар Цар тахлын тухай хууль болон Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Цаг үеэ олсон хууль болсон гэж харж байна уу?

-Цар тахал Монголд гараагүй байхад тусгайлсан хууль гаргасан нь зохисгүй. Айлгаад л байгаа болохоос дотроос гараагүй. Москвад амьдарч байгаа мэтээр асуудалд хандаж байна шүү дээ. Төр бодит амьдралыг ургуулан бодож, хэтрүүлсэн арга хэмжээнүүдийг авч байна.

-Цар тахлын тухай хуулиар төсвийн тодорхой эрхийг Засгийн газарт шилжүүлэхээр болсон. Энэ хэр зөв шийдэл гэж та харж байна?

-Хэзээ ч тэгж болохгүй. Гишүүд нь төсөв тодотгохоос зугтаж, төсвийн ерөнхийлөн захирагч нарыг хууль зөрчихөд нь бэлтгэж өглөө. Парламент өөрийгөө ямар ч чадавхгүй гэдгээ дахин нотолж байгаагийнх. Хууль зөрчих боломжийг Засгийн газарт олгож байна гэсэн үг. Яагаад төсөв тодотгохоос айгаад байгааг нь би хувьдаа ойлгохгүй байна. Болсон, болоогүй барилгуудын шав тавьчхаад дараа нь төсөв тодотгоно гэж бодоогүй л бол одоо тодотгох ёстой. Үнэхээр л цар тахлын үед иргэдээ дэмжье гэж байгаа бол  яагаад НӨАТ-ын татварыг 5 хувь болгож бууруулсангүй вэ. Энэ мэт наад захын хийх ёстой ажлаа парламент хийхээс залхуурч байна. Бүгд сонгуулиа бодож Засгийн газарт нь шилжүүлье, бид нар оролцохгүй гээд асуудалд хандаж байна шүү дээ. Парламентын засаглалтай улс ингэж болдог юм уу.

АНУ-д Трампын мөнгийг сенатын танхим нь баталж өгч байна. Гэтэл манайд парламентын гишүүд нь хариуцлагаас зугтаж байгаа нь өнгөрсөн дөрвөн жил асуудалд яаж хандаж ирснийх нь өнгө төрх.

-Мөн хуульд жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой эрсдэл бүхий иргэдэд нэг удаагийн дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан?

-Эх үүсвэр,  мөнгөн дүн нь мөн л тодорхой бус. Амьжиргааны түвшнээс доогуур ядуу өрхөд сарын 300 мянган төгрөгийн зөвхөн хүнсний талон өгнө, эх үүсвэрийг нь ингэж шийднэ гээд л УИХ-аар батлах асуудал байсан юм. Одоо Засгийн газар нь өөр шийдвэр гаргана. Аймаг, нийслэл нь өөрөө мэд гэвэл яах уу. Аливаа шийдвэр хэрэгждэг байхын  тулд хууль тогтоох ёстой. “Засгийн газар өөрөө мэд” гэчихээр дураараа дургиж цаг үедээ тааруулж өөрсдийнхөө хүссэн зах зээл рүүгээ хэдэн төгрөг нийлүүлэх үү гэдгээ шийднэ. УИХ хоноцын сэтгэлээр хандсаных.

-500 сая төгрөг хүртэлх дүнтэй зээлийн хүүг 8 хувиар хөнгөлөх хууль эрхзүйн орчин бүрдсэн нь зөв шийдэл биз дээ?

-Зөв, зайлшгүй шаардлагатай. Эдийн засгийн уналтад орсон хүнд үед ингэж л жижиг, дунд бизнес эрхлэгчдээ хамгаална. Ажлын байрыг хадгалж үлдэнэ шүү дээ. Харин ч оройтоод байна.

Ярилцсанд баярлалаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
81
ТэнэглэлТэнэглэл
45
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж