УБТЗ-ын зорчигч тээврийн орлого 4 тэрбум төгрөгөөр тасалджээ

Хуучирсан мэдээ: 2020.05.01-нд нийтлэгдсэн

УБТЗ-ын зорчигч тээврийн орлого 4 тэрбум төгрөгөөр тасалджээ

УБТЗ-ын зорчигч тээврийн орлого 4 тэрбум төгрөгөөр тасалджээ

УБТЗ  "COVID-19”-ийн улмаас оны эхний дөрвөн сарын байдлаар 4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Жилдээ 30 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг тус салбарын эдийн засгийн дарамтыг “COVID-19” улам нэмэгдүүлжээ.

Өнөөдрийн байдлаар орон нутгийн зорчигч тээвэр хэвийн, харин олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг дахин сунгаж, тавдугаар сарын 30-ныг хүртэл зогсоосон нь нийт төвлөрүүлэх орлогынхоо 60 орчим хувийг алджээ.

Энгийн үед хоногт 8-9 мянган хүн, ачаалалтай үед 12-13 мянган хүн төмөр замаар зорчдог ч өнөөдөр энэ тоо хэд дахин  буурч ердөө 3200-3500 зорчигч  хоногт тээвэрлэж байгаа юм.

Уг нь төлөвлөгөө ёсоор, 2020 оны эхний дөрвөн сард 500 мянга гаруй зорчигч тээвэрлэсэн байх ёстой ч УБТЗ-ын зорчигч тээвэр өнөөдрийн байдлаар 270 мянган зорчигч тээвэрлэх боломжоо алджээ. Мөнгөн дүнгээр тооцвол, төлөвлөгөө 4 тэрбум төгрөг юм. Үндсэндээ өнгөрсөн хугацаанд УОК-ын шийдвэрийн дагуу сар шинийн баяраар дөрвөн  хоног, гуравдугаар сард 10 хоног, дөрөвдүгээр сард зургаан хоног мөн Монгол-БНХАУ-ын галт тэргийг хоёрдугаар сарын 14-нөөс, Монгол-ОХУ-ын галт тэргийг гуравдугаар сарын 11-нд зогсоосон нь УБТЗ-ыг ийн алдагдалд хүргэсэн байна.

Зорчигч тээврийн урсгал саарсан тул  276 вагоны 90-100 орчмыг нь ашиглаж байгаа аж.

Энэ талаар УБТЗ-ын Зорчигч тээврийн албаны дарга Б.Даваасүрэн "Зорчигч тээврийг зогсооход нийт тээвэрлэхээр төлөвлөсөн зорчигчийнхоо 50 хувийг алдсан. Үүний улмаас байгууллагад төвлөрүүлэх орлогынхоо  дөнгөж 34 хувийг л бүрдүүлсэн. Ирэх сард мөн 1 тэрбум гаруй төгрөгийн алдагдал хүлээх төлөвтэй байна. Өнөөдөр хоногтоо 3200-3500 зорчигч вагоноор үйлчлүүлж байна. Зорчигчдыг урсгалаар нь авч үзвэл, 20 хувь нь Улаанбаатараас урагш чиглэлд, 80 хувь нь Улаанбаатараас хойш чиглэлд зорчдог” гэв.

Өнөөдөр  “УБТЗ” орон нутгийн харилцаанд нэг зорчигчийг нэг километрт 30 төгрөгөөр тээвэрлэдэг. Харин нэг зорчигчийг нэг километрт тээвэрлэх тээврийн өртөг нь 52 төгрөг байна. Өөрөөр хэлбэл, нэг зорчигчийг нэг километрт дунджаар 22 төгрөгийн алдагдалтай тээвэрлэдэг гэсэн үг. Энэ нь зорчигчийн тоо өсөх хэрээр зорчигч тээврийн алдагдал төдий чинээ өснө.

 Ийм алдагдалтай тариф мөрдөж байгаагаас УБТЗ-ын зорчигч тээвэр жил бүр 25-30 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж ирсэн. Уг алдагдлаа транзит тээврийн орлогоороо нөхөж ирсэн ч энэ жилийн хувьд бүх тээвэр нь алдагдал хүлээхээр байна.

Тиймээс “УБТЗ” тээврийн тарифын алдагдлыг бууруулахын тулд  төрөөс тарифыг нь нэмэгдүүлэх шаардлага нэгэнт тулгарчээ.

Дэлхийн бараг бүх улс орнуудад зорчигч тээврийг бие даасан төмөр замын компани эрхлэн явуулж байдаг бөгөөд улсын төсвөөс татаас, дэмжлэгийг хангалттай түвшинд үзүүлдэг. Манайд энэ ачааллыг “УБТЗ” өөрийн нуруун дээр үүрч явдаг бөгөөд жил бүр ачаа тээврийн салбараас олсон орлогоосоо тус салбарт татаас болгон зарцуулж байгаа билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж