Ард Даатгал ХК хувьцаа эзэмшигчдийн хурлаа 2020 оны 4-р сарын 29-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Цахимаар зохион байгуулсан энэ удаагийн хуралдааны ирц 88 хувьтай байсан. Тус хурлаар ТУЗ-ийн болон компанийн санхүү болон үйл ажиллагааны тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэж, 99.6 хувийн саналаар батлав.
Цар тахал, улмаар дэлхийн эдийн засаг бүхэлдээ хямарсан энэ үед тэд өмнөх жишгийн дагуу ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ. 2018 онд өмнөх жилийн ашгийн 50 хувь буюу 632 сая төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгож байсан юм. Компанийн цэвэр ашиг төлөвлөснөөс бага зэрэг доогуур байсан ч өмнөх оны үзүүлэлттэй харьцуулахад 36 хувиар өсч, 1.7 тэрбум төгрөг хүрсэн бөгөөд нэгж хувьцаанд ногдох ашиг 69 төгрөг болж буй аж. Үүний 50 хувь буюу 34 төгрөгөөр тооцож хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хүртээх юм. Ногдол ашгийг энэ оны зургадугаар сард багтаан хуваарилж дуусах юм байна.
Төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт 124.4 хувьтай байсан нь СЗХ-ны шаардлагыг бүрэн биелүүлжээ. ТУЗ-ийн зүгээс удирдлагын багийн үйл ажиллагааг хангалттай гэж үзэн, борлуулалтыг нэмэх, үйл ажиллагааны зардлыг хэмнэх, бүтээгдэхүүний чанарыг улам сайжруулах чиглэл өгөв.
О.ОДБАЯР: 850 ОРЧИМ САЯ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТАРААНА
“Энэ онд хувьцаа эзэмшигчдэдээ 850 сая төгрөгийн ногдол ашиг тараах гэж байна. Хувьцаа эзэмшигчдийн хувьд хамгийн чухал нь тухайн компанийн үйл ажиллагаа хэр хэвийн байна, хувьцааныхаа ашгийг авч чадаж байна уу гэдэг асуулт байдаг. Хувьцаат компани болсноосоо хойш хоёр удаа ногдол ашиг тарааж байна. Монголын зах зээлд байдаг даатгалын 15 орчим компанийн өрсөлдөөн дунд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж, үйл ажиллагаа хэвийн байгаа нь чухал. Ингэж ажиллаж байгаа нь компанийн удирдлагын багийн үйл ажиллагаатай шууд холбоотой” хэмээн онцолж байсан юм.
Г.ЦОГБАДРАХ: “КОВИД-19”-ИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ОЛГОХ БОЛОМЖТОЙ
Хурлын дараа Ард даатгал компанийн гүйцэтгэх захирал Г.Цогбадрахтай цөөн хором ярилцлаа.
-Тайлант хугацаанд юунд гол анхаарал хандуулж ажилласан бэ?
-Авлага, өглөгийг бууруулах, Санхүүгийн зохицуулах хорооноос тавьдаг гол үзүүлэлт, шаардлагууд болон төлбөрийн чадвараа хангаж ажиллахад чиглэлээ. Мэдээж хувьцааныхаа үнэ цэнийг нэмэгдүүлэх нь бидний гол зорилго. 1.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь бидний том амжилт юм.
-Шинээр ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлсэн бэ?
-Эрүүл мэндийн, унаач хүүхдийн болон тээврийн хэрэгслийн даатгалуудаа илүү шинэчлэхийг зорьсон. Мөн хадгаламжийн даатгалын бүтээгдэхүүн нэвтрүүлэх зөвшөөрлөө Санхүүгийн зохицуулах хорооноос оны өмнөхөн авсан. Хадгаламжийн даатгалын корпорацаас банкуудад байршсан иргэдийн хадгаламжийн 20 хүртэлх сая төгрөгийг даатгадаг. Тэгвэл хадгаламж, зээлийн хоршоодод мөнгөө хадгалуулсан иргэдийн хувьд ямар ч даатгалгүй байдаг. Энэ зах зээлрүү нэвтрэхийн тулд хадгаламжийн даатгалын үйлчилгээ нэвтрүүлсэн. Мэдээж зохих шаардлага, шалгуурыг хангасан байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байна. Энэ үйлчилгээг манайх Монголд анхлан нэвтрүүллээ.
-Тэгвэл 2020 онд шинээр танилцуулах бүтээгдэхүүн, үйлчилгээгээ товч танилцуулахгүй юу?
-Бид эхний улиралд багтаан “Ард” апп-даа онлайн даатгалын үйлчилгээ нэвтрүүлсэн. Үүнийгээ цаашид ч хөгжүүлнэ. Түүнчлэн даатгалын бүтээгдэхүүнийхээ тоог нэмэгдүүлэх, “Ард” апп-аар дамжуулан нөхөн төлбөр авах бололцоо бүрдүүлэхээр ажиллаж байна. Мөн байшин эзэмшигчийн даатгал нэвтрүүлэхээр зорьж байгаа. Энэ нь олон улсын давхар даатгалын компаниудтай хамтарч ажиллах тооцоо, судалгаа шаарддаг учраас эдгээр ажлаа эхлүүлчихсэн.
-Цар тахлын үед баримтлах тусгайлсан бодлого, хөтөлбөр боловсруулсан уу?
-ТУЗ-д үйл ажиллагаагаа тогтмол богино хугацаанд тайлангаа тавьж яваа. Хүндрэлийг дор дор нь шийдвэрлэн ажиллаж байгаа. Нэг таатай мэдээ дуулгахад, олон улсын эрүүл мэндийн даатгалыг манайхаас санал болгодог. Үүний хүрээнд “Ковид-19”-ийн эмчилгээний зардлыг хариуцахаар болсон. Ер нь эрүүл мэндийн даатгалд цар тахал, нийтийг хамарсан өвчин ордоггүй. Нөхөн төлбөрийг нь олон улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнийхээ хүрээнд олгох боломжтой болсон гэсэн үг.
-Цаашид ашиг, өгөөжөө дээшлүүлэхийн тулд юунд төвлөрч ажиллах вэ?
-Энэ онд нийт 2.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар зорьж байна. Үүндээ ч хүрэх бүрэн боломжтой гэж харж байгаа. Өнгөрсөн оны нэгдүгээр улирлынхтай энэ оны үзүүлэлтийг харьцуулахад манай ашиг 5-6 дахин өссөн байна. Хувьцааны үнэ ч дагаад өсөх магадлалтай. Тиймээс хувьцаа эзэмшигчдэдээ хандаж хэлэхэд, хувьцаагаа битгий зараарай.
-Ашгийн хэмжээ өссөн шалтгаан нь юу вэ. Коронавирусийн тархалтаас болж дэлхий даяараа эдийн засаг хямарч байна шүү дээ.
-Цар тахлын үед элдэв уулзалт, цуглаан хийх нь хориотой байгаа. Тиймээс бид үйлчлүүлэгч нэг бүр тусгайлан хүрч ажиллаж байгаатай холбоотой болов уу. Мөн хөрөнгө оруулалтын зөв менежмент явуулж буйтай шууд холбоотой.
Ард Даатгал ХК нь Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай компани ба Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй, хувьцаа нь AIC тикертэйгээр олон нийтэд арилжаалагддаг, нээлттэй хувьцаат компани юм.
Б.НОМИН
Холбоотой мэдээ