Холбогдох хуульд заасны дагуу нутаг дэвсгэрийн нэгж, хүн амын тоо, хилийн цэсийг харгалзан Ажлын хэсгээс 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваарилахад дараах санал, хувилбар боловсруулжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд нэг сая 432 мянган иргэн амьдарч байна. Сонгогчдын тоог мандатын тоонд хуваарилавал нэг мандатад 35-36 мянган иргэн ногдохоор байна. Мөн газар зүйн байршлыг харгалзан алслагдсан дүүргийн мандатын тоог нэмэх санал гаргажээ.
Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд ажлын хэсгээс боловсруулсан саналыг дэмжив.Ингэснээр, ирэх аравдугаар сард болох нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн тойргийг 23 байхаар тогтож, мандатыг дараах байдлаар баталлаа.
№ | Дүүрэг | Мандатын тоо |
1. | Баянгол дүүрэг | 6 |
2. | Баянзүрх дүүрэг | 10 |
3. | Хан-Уул дүүрэг | 6 |
4. | Чингэлтэй дүүрэг | 4 |
5. | Сонгинохайрхан дүүрэг | 10 |
6. | Сүхбаатар дүүрэг | 4 |
7. | Багануур дүүрэг | 2 |
8. | Багахангай дүүрэг | 1 |
9. | Налайх дүүрэг | 2 |
ӨРХИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТӨВИЙН БАРИЛГЫГ НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД БҮРТГЭВ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар Нийслэлийн өмч бүртгэлтэй холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.
Тухайлбал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун сэлбэ үйлчилгээний төвийн болон Багануур дүүргийн хоёрдугаар хорооны хуучин барилгын хувьчлалын арга хэлбэрийг тогтоох тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж тогтоолын төсөл баталлаа. Харин хувьчлалын үнэ өртгийг бодитоор тогтоох үүргийг Нийслэлийн Засаг Дарга С.Амарсайханд даалгалаа.
Мөн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгоны Захирагчийн ажлын албаны хоёр барилга, Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны хуучин барилга, Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн Шар хадны хэсгийн хуучин барилга, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын эзэмшиж буй байр зэргийг тус бүр өмч, хувьчлалын жагсаалтаас хасах асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Дээрх барилгуудыг хувьчлалын жагсаалтад оруулаад байсан ч худалдан авах санал ирээгүй тул ийнхүү хувьчлалын жагсаалтаас хасаж байгаа аж. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийн төв”-ийн барилгыг Нийслэлийн өмчид бүртгэн авлаа. Тус барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулжээ.
"ИРЭЭДҮЙ" ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ХӨРӨНГИЙГ ШИЛЖҮҮЛЭВ
Сонгинохайрхан дүүргийн лаборатори “Ирээдүй” цогцолбор сургуулийг гурван хэсэг болгон хувааж, өөрчлөн байгуулсан. Иймээс сургуулийн өмчид бүртгэлтэй байсан хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, сургалтын чанар хүртээмжийг сайжруулахаар “Ирээдүй” цогцолбор сургуулийг “Өнөр”, “Хөгжил” цогцолбор сургууль болгон өөрчлөн зохион байгуулсан. Харин өнөөдрийн Тэргүүлэгчдийн хурлаар “Хөгжил”, “Өнөр” сургуулиудад хуучин “Ирээдүй” цогцолбор сургуулийн хөрөнгөд бүртгэлтэй байсан тус бүр таван тэрбум гаруй, төгрөгийн хөрөнгийг балансад шилжүүлэн шийдвэрлэв.
АВРАХ 80 ДУГААР АНГИЙН БАРИЛГЫГ НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД БҮРТГЭЛЭЭ
Мөн Багахангай дүүргийн гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авч, хуучин байрыг актлахыг дэмжсэн бол УСУГ-аас ирүүлсэн саналын дагуу ашиглалтын шаардлага хангахгүй болсон зургаан ус түгээх байрыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахаар болов. Нийт 23 сая төгрөгийн өртөг бүхий эдгээр байруудыг хөрөнгөөс хасч, шинээр ус түгээх байр барихаар боллоо.
Эх сурвалж: НИТХ-ын ХМОНТ
Холбоотой мэдээ