Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ | News.MN

Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ

Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.04.30) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 30 минутад эхэлж,
дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Үндсэн хуулийн цэцийн 02  дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ

Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02  дугаар дүгнэлтийг хэлэлцсэн. Цэцийн дүгнэлтийн талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Х.Нямбаатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нар тус тус  танилцуулав.

Цэцийн дунд суудлын хуралдаанаар уг маргааныг хянан хэлэлцээд Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.” гэж заасны “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө …”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтад “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн;” гэж заасны “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… сонгогдох эрхтэй. …”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэжээ.

Харин Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.” гэж заасны “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө …”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтад “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн;” гэж заасны “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам … байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. …” гэж заасныг зөрчөөгүй байна гэж үзжээ.  

Улсын Их Хурлын Хууль зүйн болон, Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тус тус үзсэн байна. Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү асуулт асууж, хариулт авсны дараа Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02  дугаар дүгнэлтийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв. 

Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүдийг томилж, чөлөөлөв

Дараа нь  Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцууллаа. 

Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тавыг Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаатай томилохоор заасан. Энэ үндсэн дээр Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүн Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг хүсэлтийнх нь дагуу чөлөөлж, С.Баатаржав, Б.Баасандорж нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн байна. 

Нэр дэвшигч Сайннямбуугийн Баатаржав нь 1967 онд Улаанбаатар хотод төрсөн, бригадын генерал цолтой. Төрийн албанд 30 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 1990 онд Нийгмийн аюулаас хамгаалах яамны Цагдан сэргийлэхийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр, 2004 онд Оросын холбооны Улсын Дотоод явдлын яамны Удирдлагын академийг удирдлагын хөтөлбөр, 2009 онд Монголын үндэсний дээд сургуулийг хууль зүйн магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн. 1990-1995 онд Төв аймгийн Цагдаагийн хэлтэс, Мөрдөн байцаах тасагт, мөрдөн байцаагч, 1995-1998 онд Төв аймгийн Цагдаагийн хэлтэс, Эрүүгийн тасагт эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч, 1998-1999 онд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Хөтөл сум дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга, 1999-2002 онд Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, 2004-2008 онд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Газрын дарга, 2008-2012 онд Нийслэлийн цагдаагийн газрын Газрын дарга, 2012 онд Мөрдөн байцаах газрын дарга, 2012-2013 онд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга, 2013-2014 онд Цагдаагийн ерөнхий газарт Тэргүүн дэд дарга, Газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Газрын дарга, 2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн захирал, 2017 оноос Цагдаагийн ерөнхий газрын даргын албан тушаалыг хашиж иржээ.

Нэр дэвшигч Барсүрэнгийн Баасандорж нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн, төрийн албанд 18 дахь жилдээ ажиллаж байна. 2001 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2011 онд Америкийн Нэгдсэн Улсын Калифорнийн Олон Улсын Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгссөн. 2001-2013 онд Улсын Их Хурлын Тамгын газарт шинжээч, референт, зөвлөх, ахлах зөвлөх, 2013-2015 онд Хууль зүйн яамны Хууль зүйн бодпогын газрын дарга, 2015-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018 оноос өнөөг хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалыг хашиж байгаа аж.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Д.Эрдэнэбат, О.Баасанхүү нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ,  улс төрөөс хараат бус байж, хуулийн хүрээнд ажиллахыг онцгойлон анхааруулж байлаа. Түүнчлэн  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлагдсантай холбогдуулан өнгөрсөн хугацаанд хэчнээн иргэд, сонгогч шилжилт хөдөлгөөн хийснийг тодруулсан.

Сонгогчдын шилжилт хөдөлгөөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлээр зохицуулагдаж байгааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга хариултдаа тодотгоод, иргэний шилжилт хөдөлгөөнийг хуульд заасны дагуу 02 сарын 01-нээс зогсоосон. Жил бүрийн нэгдүгээр сарын 01-нээс хоёрдугаар сарын 01-ний өдрийн хооронд иргэний шилжилт хөдөлгөөн дунджаар 16-18 мянга байдаг бол 2020 оны эхээр 35-40 мянга хүрч ихэссэн гэж байлаа. 

Ингээд Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээс Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг чөлөөлж, орон тооны бус гишүүнээр С.Баатаржав, Б.Баасандоржийг нарыг  томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Монгол Улсын Гавьяат хуульч Н.Лувсанжав, Ардын Их Хурлын-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн  Р.Хатанбаатар,  Улсын Бага Хурлын гишүүн, УИХ-ын гишүүн  Ц.Товуусүрэн нар оролцсон.  

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 10 гишүүнээс 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав. 

Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа явуулсан бөгөөд төсөлтэй холбогдуулан 18 зарчмын зөрүүтэй санал, хуулийн төслийн үг хэллэг, найрууллага, дугаарлалтыг жигдлэх гурван багц найруулгын саналыг  бэлтгэн хэлэлцэн шийдвэрлүүлсэн гэдгийг дурдлаа.

Хуулийн төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд асуулт асууж, хариулт авсны дараа Ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан Байнгын хорооны дэмжсэн, дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалаа. Тухайлбал, төслийн 4 дүгээр зүйлд 4.5. дахь хэсгийг 4.5, 4.6 дахь хэсэг болгон “Улсын Их Хурал нь тогтоосон журмаар үйлдсэн тамга тэмдэг, хэвлэмэл хуудас  хэрэглэнэ” гэж, 4.6.“Хувь хүн, хуулийн этгээд нь Улсын Их Хурлын нэр, үйл ажиллагаатай шууд холбогдож ойлгогдох оноосон нэр ашиглахыг хориглоно” гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Түүнчлэн төслийн 23 дугаар зүйлийн 23.3.3. дахь заалтын “Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны” гэснийг “Хүн ам зүй, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн” гэж, төслийн 23 дугаар зүйлийн 23.3.4. дэх заалтын “Өргөдлийн” гэснийг “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын” гэж тус тус өөрчлөхөөр тогтлоо. Мөн  төслийн 23 дугаар зүйлд “иргэд, байгууллагаас Улсын Их Хурал, түүний Байнгын, дэд, түр хороо, тэдгээрийн удирдлага, гишүүнд ирүүлсэн өргөдлийг судалж, шийдвэрлэх, шаардлагатай бол хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах” гэж, 23.2.15 дахь заалт, “өргөдөл гаргагч, холбогдох албан тушаалтан, мэргэжилтнээс тайлбар авах” гэсэн агуулгатай 23.2.16 дахь заалт, төслийн 44 дүгээр зүйлд 44.4.19 дэх буюу “Парламентат ёсны талаарх иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, сургалт, сурталчилгаа зохион байгуулах” гэсэн агуулгатай заалтыг тус тус нэмэхээр болов. 

Ингээд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн 

Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 7 гишүүнээс 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхээр үргэлжиллээ. 

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан,  Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нар  тус тус танилцуулав. 

Улсын Их Хурал 2007 онд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг батлан гаргаснаас хойш 26 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулж, Улсын Их Хурлын хуралдааны үйл ажиллагаанд үүсэж байгаа тулгамдсан асуудлыг шуурхай зохицуулалт хийж, өөрчлөх, боловсронгуй болгох, олон улсын чиг хандлагыг тусгаж, парламентын төлөвшилт хөгжилтөд зохих үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Харин Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваар”-ийн дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 14 бүлэг, 126 зүйлтэйгээр боловсруулсан гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдсан. 

Мөн тэрбээр, Парламентат ёс хөгжсөн улс оронд парламентын анхдугаар хуралдаанаар парламентаа өөрөө зохион байгуулдаг нийтлэг зохицуулалттай байдаг. Иймээс хуулийн төслөөр Улсын Их Хурлын Анхдугаар чуулганыг зохион байгуулах, Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох, Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөхтэй холбоотой харилцааг шинээр болон өөрчлөн найруулж тусгасан. Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдааны дэгийг шинэчлэн батлах, эсэх асуудлыг анхдугаар чуулганы хугацаанд хэлэлцэж, санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулна. Улсын Их Хурлын гишүүдийн олонх хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох шаардлагагүй гэж үзсэн бол өмнөх Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд мөрдөж байсан хуралдааны дэгийг тухайн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын хуралдааны дэг гэж хүлээн зөвшөөрсөнд тооцохоор зохицуулсан гэж байлаа. 

Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэх, анхны хэлэлцүүлэг, эцсийн хэлэлцүүлэг, хуулийн төслийг эцэслэн батлах гэсэн 4 үе шаттайгаар хэлэлцэн батлах; нэгдсэн хуралдаан тухайн төслийн талаар олон нийтээс санал авахаар шийдвэрлэсэн бол холбогдох Байнгын хороо уг ажлыг анхны хэлэлцүүлэг явуулахаас өмнө санал авах ажлыг зохион байгуулах; холбогдох Байнгын хороо хэлэлцүүлгийн явцад төслийн талаар Тамгын газраар эрх зүйн дүн шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулах; Байнгын хороо анхны хэлэлцүүлгийг төслийн зүйл бүрээр хэлэлцэхээр тусгасныг онцлов.

Харин Байнгын хороо төслийн эцсийн хэлэлцүүлгийн санал хураалтын дүнд үндэслэн эцэслэн батлуулах төслийн хувилбарыг бэлтгэж нэгдсэн хуралдаанд оруулна. Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн батлагдсанд тооцохоор зохицуулжээ. Түүнчлэн төсөлд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг болон улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцэх журмуудад зохих өөрчлөлтүүд оруулсан байна. Үүний зэрэгцээ албан тушаалтны бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, томилох, чөлөөлөх, огцруулах, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх, Ерөнхий сайдын мэдээлэл, гишүүний асуулга, асуултын хариуг сонсох, Засгийн газар, холбогдох байгууллагын тайлан, мэдээлэл, илтгэлийг сонсох, хэлэлцэх журмуудад зохих өөрчлөлтүүд оруулахаар төсөлд тусгасныг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдав. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд холбогдох хуулийг нийцүүлэх зорилгоор чуулганы хуралдааны дэгийг боловсронгуй болгох, хуулиар зохицуулаагүй асуудлыг олон улсын чиг хандлагад нийцүүлэх хэрэгцээ, шаардлагыг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон ‘ишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулгадаа дурдлаа. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, Л.Мөнхбаатар, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүдийн зүгээс дэгийн тухай хууль зөрчсөн, ёс зүйгүй үйлдэлд хариуцлага тооцох эсэх, гишүүдийн хууль санаачлах эрхийг хязгаарласан талаар илүүтэй тодруулав. 

Төсөл санаачлагч гишүүн хариултдаа, 2006 оноос хойш Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд 26 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсныг дурдаад хуралдааны дэг гэдэг маш чимхлүүр ажил байсныг тодотгов. Түүнчлэн танхимын дэг алдагдуулсан бол хуралдаан даргалагч түүнд урьдчилан сануулахгүйгээр тухайн өдрийн хуралдаанд үг хэлэх эрхийг хасна гэж заасан ч, хуралдаан даргалагч нь гишүүний үг хэлэх эрхийг хасаад, хавчиж шахан танхимаас хөөж гаргаад байвал давж заалдах эрхийг Төрийн байгуулалтын  байнгын хороонд өгөөд энэ асуудлыг шийдвэрлэж, эргэж мэдээлэх заалтыг тусгасан гэж байлаа. Мөн хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүдийн хууль санаачлах хүрээ хязгаарыг тогтооно гэж заасан байгаа. Гэхдээ бид Улсын Их Хурлын тухай хуульд Ерөнхийлөгч, гүйцэтгэх засаглалынхан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлахгүй гэж зохицуулсан. Харин татвар, төсөвтэй холбоотой  анхдагч хуульд Засгийн газар өөрчлөлт оруулахаар зохицуулснаас бусдаар гишүүдийн хууль санаачлах эрхийг хязгаарлаагүй гэдгийг Д.Лүндээжанцан гишүүн хариултдаа онцолсон.

Ингээд  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.2 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-30 43.242.242.59

Ард түмнийхээ эсрэг шийдвэр гаргасан цэцийн гишүүдийг огцруулъя. хэн гэдэг гишүүд Эрдэнэтийн 49 хувийг АН-ын цөөхөн хэдэн нөхдийн хувийн өмч болгоё гэсэн юм бэ. Ил тод байх ёстой. Ганц саалийн үнээ болсон үйлдвэрээ улсад нь үлдээчихэж болохгүй байна уу муу олигорхиуд аа. Та нар идэж ханахгүй байна уу. Мөнгөндөө хахаж үхнэ дээ новшнууд аа. Ард түмэн та бүгд өөрсдөө сонор сэрэмжтэй нам гэж тал засахгүй зөв юмны төлөө дуугарах цаг нь болж байна.

Avatar

Зочин 2020-04-30 192.82.77.56

Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй юм бол тийм байгуулгыг тарааж төсвөө хэмнэх нь зөв биш үү?

Avatar

зөв 2020-04-30 103.229.120.124

Зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж