Ерөнхийлөгч кино урлагийнханд мэндчилгээ дэвшүүллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ерөнхийлөгч кино урлагийнханд мэндчилгээ дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.12.05-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч кино урлагийнханд мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсад Үндэсний кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ой энэ онд тохиож буй байна. Энэ өдөр Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ойд

Монголын кино урлагийн үе үеийн зүтгэлтэн, нийт ажилтан, уран бүтээлчид ээ,

Анх үүссэн цагаасаа монгол түмнийг соён гэгээрүүлэх, шинэ соёлд уриалан дуудах, залуу үеийг эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулж ирсэн Монголын кино урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Монгол киноны үе үеийн уран бүтээлчдийн сэтгэл оюунаас ундарга авсан “Монгол хүү”, “Цогт тайж”, “Ардын элч”, “Сэрэлт”, “Энэ хүүхнүүд үү”, “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Тунгалаг Тамир”, “Мандухай сэцэн хатан” зэрэг олон сайхан бүтээл Монголын кино урлагийн өнгө төрх, нүүр царай болон мөнхөрсөн билээ. 1935 оноос хойш Монгол оронд болж өнгөрсөн түүхэн гол гол үйл явдлуудыг манай баримтат киноныхон дуу дүрстэйгээр баримтжуулан авсан нь өнөөдөр төдийгүй ирээдүй хойчид ч Монголын түүхийн гайхамшигт баталгаа болон үлдэж байна.

Монгол кино анхнаасаа гараагаа амжилттай эхэлж, олон улсын нэр хүндтэй шагналуудыг удаа дараа хүртсээр ирлээ. Анхдагчдын тавьсан зөв суурин дээр киноны дараа дараагийн үе өсөж өндийж, бүтээж туурвисаар монгол кино 80 нас хүрчээ.

Зах зээлийн харилцаанд шилжсэн он жилүүдэд манай киночид их урлагийн төлөөллөө хадгалахын зэрэгцээ арилжааны зорилготой бүтээлүүд нэлээд хийж байна. Энэ бол зах зээлийн жам ёсны хөгжил юм. Гэхдээ аль ч тохиолдолд гоо сайхны хэмжүүр, мэргэжлийн шалгуур, ёсзүйн босго, соён гэгээрүүлэгч үүргээ Монголын киночид умартаагүй юм.

Угтан ирэх он жилүүдийн уртад Монголын кино урлаг ямагт шилдэг нь байж, алтан үеийнхний дархалсан алдар сууг хадгалж, улс орон, ард түмнийхээ төлөө ихийг хийж бүтээхийн өлзийтэй ерөөл дэвшүүлье.

Монгол кино улам хөгжин дэлгэрэх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

Улаанбаатар хот

2015 оны 12 дугаар сарын 5-ны өдөр

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-05 202.126.91.95

Концерт эхлэхэд Эби, Энхболд, Гантөмөр гэх мэт 5 хүний мэндчилгээг уншсан БСШУЯ-ны сайдын илтгэлийг үзэгчид огт тоохгүй хоорондоо ярьж шуугиж байсан ба түүний дунд сургуулийн сурагчийн бичсэн нуршуу зохион бичлэгийг би лав огт сонсоогүй. Концертын дундуур микрофон үе үе чанга дуугарч, худлаа долигносон хөтлөгч. 4-5 цаг үргэлжилсэн концертоос Баянбулгийхан, Би чамд хайртай , Суварган цэнхэр уулс киноны 3 дуу Мандухай цэцэн хатан киноны хөгжмөөс өөр бусад номерууд огт таалагдаагүй.

МОНГОЛ 2015-12-05 103.229.120.73

Киноны дуунуудын концерт үнэндээ, огтоос таалагдсангүй, санасанд даанч хүрсэнгүй ээ.....Маш муу, үнэхээр муу найруулжээ...Монгол киноны дуу гэж байхад дунд нь бүжиг, дууриамал жүжиг, ямар учиртай нь үл мэдэгдэх бөмбөрчид, орос киноны дуу, хувцасны үзүүлбэр ч гэх шиг цаг үрж үзэгчдийг чилээж залхаасан юм их байлаа.....Дээр нь UBS ТВ-ийн зураглаачид гэж толгой нь эргэчихсэн амитад байна....Нэртэй, олон түмэнд танигдсан кино жүжигчдийг нэрлэж байхад үзэгчдийн суудлаас тэднийг олоод дэгэцэндээ гаргачихаж чадахгүй, бас дуучдын ард гарч байгаа киноны хэсгийг, үзэгчдийг олигтой ч харуулчихаж чадахгүй юм хөөрхийс, яаж ичихгүй улсаас хоол хороож байдаг байна аа......

Зочин 2015-12-05 202.126.91.95

Да здравсвует коллективизация, долой капиталистов-буржуев, да здравствует Ленин, Суха-батор, гэсэн үг үү ам ажил тань мөн ч их зөрөх юм даа