Улсын хоёрдугаар төв эмнэлгийн 50 ортой хүүхдийн эмнэлгийн шав тавих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2020.04.30/ боллоо. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл, БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Цай Вэньруй, БСШУС-ийн дэд сайд Г.Ганбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Улсын хүүхдийн төв эмнэлэг нь насанд хүрэгчид төдийгүй хүүхэд багачуудын эрүүл мэндийн төлөө ажилласаар ирсэн түүхэн уламжлалтай билээ. 1965 онд анх 50 ортой Хүүхдийн эмнэлэг байгуулж өдгөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар байгаа цөөхөн төв эмнэлгүүдийн нэг юм.
1990 оноос 12 ортойгоор тус эмнэлэг үйл ажиллагаа явуулж ирсэн ч, эмнэлгээ өргөтгөх, хүрээг нь нэмэгдүүлэх хүсэлтийг дээд шатны байгууллагууддаа уламжлан ирсэн. Энэхүү зорилго хэрэгжин БНХАУ-н Энхтайван хөгжлийн сан мөн Хангарьд хөгжлийн төв ТББ, ЭМЯ дэмжиж, буцалтгүй хандив тусламжаар 50 ортой хүүхдийн иж бүрэн эмнэлэг барих ажил эхэлж байна. Эмнэлгийг энэ оны 9 сарын 1 гэхэд багтаан ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Үйл ажиллагаа нь энэ намар эхэлснээр хотын зүүн талын дүүргүүдэд амьдарч байгаа 150000 гаруй хүүхдүүдэд тусламж үзүүлдэг дүүргийн эмнэлгүүдийн ачаалал 20% -р буурах юм. Амбулаторийн нарийн мэргэжлийн үзлэг, яаралтай тусламж, хэвтэн эмчлүүлэх, эрчимт эмчилгээ, товлолын дархлаажуулалт, нярайн эргэлт хүүхдийн эрүүл мэндийн боловсрол зэрэг тусламж үйлчилгээг цогцоор нь чанартай үзүүлэх боломжтой болж байна. Жилдээ амбулаториор 18 мянга, хэвтэн эмчлэхээр 2 мянган хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар төлөвлөгдсөн хүүхдийн эмнэлэг ийнхүү шав тавьснаар барилгын ажил нь эхэллээ. Мөн УХТЭ-ийн ҮОЭТ-ийн тоног төхөөрөмжөөр оношилгоо хийлгэх давуу талтай юм.
Д.ГАНБҮЖИН
Холбоотой мэдээ