Хасын Ганхуяг Абдул Каримд хариу өгөв

Хуучирсан мэдээ: 2015.12.05-нд нийтлэгдсэн

Хасын Ганхуяг Абдул Каримд хариу өгөв

"Ард" санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг өөрийн фэйсбүүк хуудаснаа Абдул Каримын үйлдлийг шүүмжилжээ. Тэрбээр "За, энэ бол буруу. Юу вэ? Хугацаа хаагдахаас өмнө нэг минутын өмнө дэнчингээ тушаагаад хувьчилж авч байгаа мөнгөний эх үүсвэрийг, авч байгаа эзнийг шалгаад цэвэр мөнгө гэдгийг баталгаажуулах ёстой гэснээс болоод ингээгүй гэж найднам." гэж өгүүлээд өөрийн бодлыг ийн илэрхийлжээ.

 

Абдул Каримгуайд,

Эрхэм ах таны захидлыг сая уншлаа. Тэгээд энэ мэдэгдлийг бас үүгээр хийхгүй бол болохгүй нь ээ. Юуны түрүүнд би таны саяхны хувьчлалд иргэний зориг гарган оролцож, ялсан явдалд баяр хүргэж, талархал илэрхийлье. Хожуудсан бол хүлцэл өчье. Миний бие гадаадын хөрөнгө оруулалтыг тууштай дэмжиж, гадаад, дотоод бизнес эрхлэгчдийн хувьд Монголд тэгш боломжийг олгон таатай орчин бүрдүүлэхийн төлөө тууштай ажиллаж ирсэн нэгэн билээ.

Би хувьдаа төрийн өмчийг шударгаар хувьчилснаар, гадаад дотоодын шилдэг менежерүүд шаргуу ажилласнаар, дэлхийн шилдэг технологийг Монголд нутагшуулснаар Монголын бизнес дэлхийн түвшинд гарч, Монгол улс хөгжингүй улсуудын эгнээнд жагсах боломжтой гэдэг итгэлтэй нэгэн гэдгээ хэлье. Хэвлэх үйлдвэрийн дуудлага худалдааны дараа хэд хэдэн хэвлэл мэдээллийн сувгаар ярилцлага өгөх үеэрээ болон хэвлэлийн бага хурал дээр би АЛИВАА хувьчлалд оролцогчийн жинхэнэ эзэн мөнгөний эх үүсвэр тодорхой байх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Буруу үг, хэллэг хэрэглэсэндээ хүлцэл өчье.

Хувьчилсан хөрөнгийн эзэн нь ил, мөнгөний цаана ямарваа буруу гарын нөхөд байхгүй гэдгийг бид, Монгол Улс, баталгаажуулах ёстой гэдэгтэй та санал нэгдэх байх. Гэхдээ энэ асуудлыг хэт өрөөсгөл байдлаар хүлээн авч, намайг огт тооцоолоогүй өнцгөөс буруутгах, шүүмжлэх явдал гарсан билээ.

Гадаадын хөрөнгө оруулалтыг тууштай дэмжих арга зам бол Монгол Улс НЭЭЛТТЭЙ байхад оршино. Нээлттэй гэдэг нь хөрөнгө авахад нээлттэй улс болох гэсэн үг. Мөн өрсөлдөөн, хувьчлал нь ил тод, шударгаар явагдах ёстой гэсэн үг. Нөгөө талдаа оролцож байгаа талууд нь мөн л ил тод, нээлттэй байхыг хэлнэ гэж би ойлгодог. Энэ бол зарчмын асуудал. Ингэснээр бидний түншүүд, дэлхий нийтийн итгэлийг бид урт хугацаанд хүлээх, даах боломж бүрдэх юм. Бидэнд итгэх итгэл ингэж байж л бүрэлдэнэ. ЗӨВХӨН ингэснээр.

Монгол Улсын хуулиар газрыг зөвхөн Монголын иргэн өмчлөх эрхтэй билээ. Би хувьчлал явуулж байгаа нөхдийг зөвхөн үүнийг л баталгаажуулахыг л хүссэн. Та Монгол Улсын иргэн тул хувьчлалд оролцсон мөнгөндөө татвараа төлсөн үү гэдгийг баталгаажуулахыг л хүссэн. Энэ бол аль ч иргэний хувьд тавьж болох шаардлага гэж үзэж байна. Та ч үүнтэй санал нэгдэх байх. Хууль бол хууль. Би өөрийн итгэл үнэмшил дээрээ тулгуурлан тодорхой зарчим баримталж ирсэн бөгөөд үүнийгээ цаашид ч дагана гэж боддог. Энэхүү дуудлага худалдааны үр дүнгээс татгалзаж байгаа явдалд би харамсаж байгаа. Нуух юун – цочирдсон. Гэхдээ таны тайлбарыг мөн хүлээж авч байна. Монголчууд бидэнд эв нэгдэл хэрэгтэй. Газрын дараачийн эзэнд ч мөн адил шаардлага тавигдах ёстой. Энэ нь Монголын өмч хувьчлалын цаашдын ажилд жишиг, шугам болох ёстой гэдэгт би хатуу итгэж байна. Яг одоо Монголчууд бидэнд алдах эрх байхгүй. 

Ингээд таны цаашдын ажил, амьдралд амжилт хүсье.

Таныг хүндэлж ёсолсон,

Монгол Улсын иргэн Чулууны Ганхуяг.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж