АС Монако багийн од тоглогч Сеск Фабрегасын 95 настай эмээ шинэ коронавирусийг ялж, бүрэн эдгэрсэн тухай мэдэгдлээ. Энэ тухай Сеск Фабрегас өөрийн Твиттер хуудсаараа дамжуулан “Тэр 95 насандаа коронавирусийг давж гарлаа. Өчигдөр түүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Миний эмээ баатарлаг эмэгтэй гэхдээ эмч, сувилагч нарын тусламжгүйгээр энэ бүхнийг давж гарч чадахгүй байлаа. Бидний хувьд ч энэ хэцүү цаг үед сайхан мэдээ сонслоо” хэмээжээ.
Энэ дөрөвдүгээр сарын эхээр Испанийн Каталон мужийн төв Барселон хотын Аренис де Мар дүүргийн 70 хувь нь халдвар авсан хэмээн С.Фабрегас мэдэгдэж байсан юм. Өдгөө 32 настай түүний хувьд одоогийн байдлаар Монакод хөл хорионд орсны улмаас Испани руугаа буцаж чадахгүй байгаа аж. Тэрбээр өнгөрөгч Мягмар гаригт Монако багтаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх үүднээс дөрвөн сарын цалингаа авахгүй мөн цаашдаа цалингийнхаа 30 хувийг хасахаар шийджээ.
Цагтаа Английн Челси, Арсенал Испанийн Барселона багуудад тоглож, Испанийн хөлбөмбөгийн шигшээ багтайгаа 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ, 2008 болон 2012 Европын АШТ тус тус түрүүлж явсан С.Фабрегас өнгөрөгч 2019 оны нэгдүгээр сард Монако багтай гэрээ байгуулсан юм.
Холбоотой мэдээ