&#34Tашаа мэдээлэл санаатай түгээхгүй байхыг хүсч байна&#34

Хуучирсан мэдээ: 2015.12.05-нд нийтлэгдсэн

&#34Tашаа мэдээлэл санаатай түгээхгүй байхыг хүсч байна&#34

Б.Нэргүй: Ор үндэслэлгүй, ташаа мэдээллүүд санаатайгаар түгээхгүй байхыг хүсч байна

“Монгол Улсын Ерөнхийлөгч хуралд үг хэлэхээр Францыг зорихдоо 440 сая төгрөг зарцуулжээ” гэсэн зүйлийг саяхан нэр бүхий хүн твиттерт тавьсан байсан. Энэ талаар тодруулахаар бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүйтэй холбогдлоо.

– “Монгол Улсын Ерөнхийлөгч хуралд үг хэлэхээр Францыг зорихдоо 440 сая төгрөг зарцуулжээ” гэсэн зүйлийг саяхан нэр бүхий хүн твиттерт тавьсан байсан. Үнэхээр ийм их зардал гарсан юм уу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсвийг шууд захирагчийн хувьд Та энэ талаар хариулт өгнө үү?

-Юуны өмнө Төрийн тэргүүний гадаад арга хэмжээний төсөв, зардалтай холбоотой баримт бичиг нь төрийн нууцад хамаардаг гэдгийг энд хэлэх нь зүйтэй. Тиймээс ч Шилэн дансны хуулийн үйлчлэлд хамаардаггүй. Өөрөөр хэлбэл, шилэн дансанд гарсан зардлын талаарх мэдээллийг байршууулдаггүй.

Хоёрт, Монгол Улсын Ерөнхийлөгчийг үг хэлэхээр Франц улсыг зорихдоо 440 сая төгрөг зарцуулжээ гэж сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр нэр бүхий сэтгүүлч мэдээлэл тараасан нь гүтгэлгийн шинжтэй худал мэдээлэл гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын сарын 3-ны хооронд НҮБ-ын суурь Конвенцийн талуудын Төр, засгийн тэргүүн нарын 21 дүгээр уулзалтад оролцохдоо тусгайлан онгоц хөлөглөөгүй. Түүнийг дагалдан албаны гурван хүн хамт явсан. Харин тодруулаад хэлэхэд “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ” гэгчээр Ерөнхийлөгч бизнес ангиллаар, албаны бусад хүмүүс нь энгийн зэрэглэлтэй суудал захиалж зорчдог шүү дээ гэдгийг хэлье. Дээр хэлснээс харахад Төрийн тэргүүн уг арга хэмжээнд оролцохдоо тэр хүмүүсийн хэлээд байгаа шиг асар их, 440 сая төгрөгийн зардал гаргаагүй гэдэг нь ойлгогдох байх аа. Ор үндэслэлгүй, ташаа мэдээллүүд санаатайгаар түгээхгүй байхыг хүсч байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж