НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) дэлхийн ажиллах хүчний тал хувь нь буюу 1.6 тэрбум ажилчид цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн уршгаар амь зуулгаа алдах өндөр эрсдэлтэй байгаа талаар анхаарууллаа.
Хамгийн сүүлийн мэдэгдэлдээ НҮБ коронавирусээс болж хамгийн их хямарч буй хүмүүс бол богино хугацааны гэрээний ажилчид, хувиараа бизнес эрхлэгчид зэрэг “албан бус эдийн засгийн” ажилчид юм хэмээжээ. “Цар тахлын эхний нэг сард л гэхэд эдгээр “албан бус эдийн засгийн” ажилчдын тоо 60 хувиар буурсан” хэмээн ОУХБ мэдээлсэн байна. ОУХБ улам бүр хүчээ авсаар буй цар тахал дэлхийн олон оронд 436 сая бизнесийг санхүүгийн хямралд оруулж, дампуурлын ирмэгт аваачаад байгааг онцолжээ. Тэдний тооцоолсноор цар тахлын нөлөөнд хамгийн их хохирч байгаа салбарууд бол үйлдвэрлэл, бөөний болон жижиглэн худалдаа, үл хөдлөх хөрөнгө зэрэг юм.
“Тэдгээр салбарын сая сая ажилчдын хувьд бол орлогогүй болно гэдэг нь хоолгүй, аюулгүй байдалгүй, ирээдүйгүй болно гэсэн үг. ОУХБ-ын мэдээлэл дээр үндэслэн засгийн газрууд эдийн засгаа аварч үлдэх арга бодож олохгүй бол дэлхий даяар ажилгүйдлийн түвшин асар ихээр нэмэгдэх төлөвтэй байна" хэмээн ОУХБ-ын ерөнхий захирал Гай Райдер хэлжээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ