Өмнөд Солонгосын Ичонь хотод орон нутгийн цагаар лхагва гаригийн /2020.04.29/ 13.30 цагийн орчимд баригдаж буй барилгад гал гарч, галын улмаас 38 хүн амь үрэгджээ. Дахин 10 гаруй хүний биеийн байдал тааруу байгаа ба хохирогчдын тоо нэмэгдэж магадгүй байгаа тухай албаны хүмүүс мэдээлжээ. Амиа алдсан 38 хүний 15-ийг хэн болохыг олж тогтоогоод байгаа ба цогцос таниулах үйл ажиллагаа үргэлжилж байгаа аж. Тус барилга дээр нэг монгол иргэн ажиллаж байсан ба гал гарахын өмнөхөн хажуугийн барилга руу шилжин ажилласнаар осолд өртөөгүй байна.
Тиймээс бид тус барилга дээр ажиллаж байсан монгол иргэн Ж. Цолмонжаргалтай холбогдож товч мэдээлэл авлаа.
-Сайн байна уу, юун түрүүнд аймшигтай осол холуур өнгөрсөнд баяр хүргэе. Гал гарсан барилга дээр танаас өөр монгол хүн ажиллаж байгаагүй юм байна тийм үү?
-Баярлалаа. Миний хувьд маш том аз тохиолоо. Энэ барилга маань Гёнги аймгийн Ичонь хотод баригдаж байгаа хөргүүртэй агуулахын зориулалттай барилга. А блок, Б блок гээд зэргэлдээ хоёр барилга баригдаж байсан юм. Өчигдөр /2020.04.29/ А блок олон арван хүн амь үрэгдсэн аймшигтай осол боллоо. Гал гарах үеэр 78 хүн ажиллаж байсан гэсэн. Гадаадын ажилчид бас их байсан. Надаас өөр монгол хүн байгаагүй ээ. Би энэ барилгын цахилгааны ажлыг хийж байгаа. Гал 13.30 минутын орчимд гарсан. Харин би 10 цагийн үед Б блок руу орж ажиллахаар явсан.
-Ослын талаар өөр мэдээлэл олж мэдэв үү?
-Гар гарсны дараа 30 орчим минутын дараа галын машинууд ирсэн. 20,30 машин ирж байх шиг байсан. Бас нисдэг тэргээр хор цацаж байсан. Энэ барилга баригдаж байгаа газар нь олон том машин ороход зам муутай учир галын машинууд бага зэрэг удаж байж ирсэн. Агуулахын зориулалттай барилга учраас халуун тусгаарлагч хөөсөн доторлогоо хийж байсан. Осолд өртсөн хүмүүс зоорийн давхарт ажиллаж байсан юм билээ. Тэнд их олон торхтой хөөснүүд хадгалагдаж байсан. Сэндвичэн хавтангаар барьсан барилга болохоор их хурдан шатсан. Тэгээд тэр торхтой хөөснүүд бас дэлбэрсэн юм шиг байна лээ. Тэгээд л тэр олон хүн барилгаас амжиж гарч чадалгүй амь үрэгдсэн байх. Одоогоор шинжээчид ослын шалтгааныг бүрэн тодруулахаар ажиллаж байгаа, барилгын ажлыг бүрэн зогсоож хамгаалалтад авсан байна.
-Та БНСУ-д хэр удаан амьдарч байгаа вэ. Дэлхий даяар цар тахал гарсан энэ үед нөхцөл байдал ямар байна?
-Би энэ улсад 15 жил амьдарч байна. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. БНСУ ч гэлтгүй хаа сайгүй хэцүүдэж байх шиг байна. Энд ажлын байр хомсдож, хүмүүс ажилгүй болж байна. Аяллын визээр, түр ажил хийхээр ирээд эх орон руугаа буцаж чадахгүй түгжигдсэн монголчууд маань энд их олон байгаа гэж сонссон.
За мэдээлэл өгсөнд баярлалаа. Амьдрал нь аз жаргал хүсье!
-Баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Холбоотой мэдээ