Ердөө нэг сар хагасын дараа 2020 оны УИХ-ын сонгууль болохоор төлөвлөгдөөд буй. Улс төрийн хоёр том намын хувьд удахгүй нэр дэвшигчдээ тодруулах том сунгаагаа хийнэ. МАН-ын хувьд намын Бага хурлаа ирэх сарын 15-нд хийхээр төлөвлөсөн бол Ардчилсан намын хувьд ирэх сарын 10-нд Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, нэр дэвшигчдээ эцэслэхээр болжээ.
Сонгуулийн хуулийн дагуу сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвсэл санал авахаас 45 хоногийн өмнө буюу тавдугаар сарын 10-15-ны өдрүүдэд нэр дэвшигчээ тодруулах ёстой. Үүний дараа Сонгуулийн ерөнхий хороо, АТГ-т холбогдох баримт бичгээ бүрдүүлсэн дараа нэр дэвшигчийн материалыг хянах ёстой. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн материалыг хянаж дууссаны дараа санал авах өдрөөс 22 хоногийн өмнө буюу зургадураар сарын 2-ны өдөр нэр дэвшигчийг зарлаж, үнэмлэхийг олгоно.
Түүнээс гадна Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авах хугацаа дуусгавар болж анх удаа хамгийн олон буюу 208 бие даагч өрсөлдөхөөр болсон. Тэгвэл намаасаа нэр дэвших квотоо авч чадаагүй, жийгдэгсдийн хувьд энэ удаад бие даах хувилбар байхгүй болсон. УИХ-ын тухай сонгуулийн хуулиар цаг хугацааны хувьд өөрчлөлт оруулсан учраас намаасаа мандат авч чадаагүй нэр дэвшигчид бие даан нэр дэвшдэг байсан уламжлалыг үгүй болгосон. Өөрөөр хэлбэл, намын удирдлагаасаа нэр дэвших эрх авч чадаагүй бол шууд бие даан нэр дэвших боломжтой байдаг байсан бол энэ удаад боломжгүй болсон гэсэн үг. Тиймээс ч Үндэсний аудитын газар 208 хүн бие даахаар мөрийн хөтөлбөрөө өгсөн биз ээ.
Хоёр долоо хоногийн дараа намууд нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулах ёстой ч намын дарга нар зарим нэр дэвшигчээ баруун халаасалчихсан. Зарим нэгтэй эргэж, буцаж гар барих эсэх асуудал л яригдаж байгаа болохоос намын даргын халаасанд орсон нэр дэвшигчдийн хувьд тойргоо тойглох ажлаа хийж байгаа. Гэхдээ намын даргын зүүн халаасанд байгаа нэр дэвшигчдийн хувьд нөхцөл байдал хэрхэх вэ гэдэг нь эргэлзээтэй.
Ялангуяа эрх баригч намын хувьд зүүн халааснаас баруун халаасанд шилжих хүсэлтэй нь олон ч бодит байдал нь тун эмзэг байгаа нэр дэвшигчид олон бий. ЖДҮ, 60 тэрбум, намын даргад “таалагдаагүй”, намын бодлогын эсрэг сөрсөн, хуулийн байгууллагад уяатай гээд МАН-д ч, АН-д ч олон хүн бий. Нэгэнт бие даагчид тодорхой болсон учраас намын даргаасаа эрх авч чадаагүй хүмүүс өөр нам сонгохоос өөр сонголт бараг л үгүй. МАН-ын жийгдэгсэд гэхэд МАХН руу урвах, АН-ынхан гэхэд Зөв ХҮН эвсэл, зөв электорат хөдөлгөөн гээд сонголт хийх боломжтой.
Гэхдээ нэгэнт намаасаа жийгдчихвэл аль нэг нам царайчилна гэдэг улстөрчийн хувьд том сонголт болно. Сонгуулийн өнгө, тойрог, сонгогчийн хүсэл гээд олон зүйлийг бодож чухал шийдвэр гаргах болно. Тиймээс энэ удаагийн сонгууль жийгдэгсдэд орон зай бараг л үлдээгээгүй гэхэд хилсдэхгүй. Ямартай ч намууд сонголтоо хийнэ, түүний дараа хэн жийгдэж, хэн сонголт хийхийг ирэх өдрүүдэд харах биз ээ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ