Яагаад Канад лугаа хөгжих ёстой гэж ... | News.MN

Яагаад Канад лугаа хөгжих ёстой гэж …

Яагаад Канад лугаа хөгжих ёстой гэж …

Гонгорын Дамдинням

 Уул уурхайн засаглал, бодлого судлаач

/Гурав дугаар хэсэг/

Энэ удаад Канад боловсрол, түүний онцлогийн талаар өгүүлэхээр шийдсэн болно. Учир нь орчин үеийн нийгмийн хөгжлийн суурь нь боловсрол  мэдлэг юм. Канад бол дэлхийн боловсролын төвшингөөрөө дээгүүр ордог орон. Энэ улсын хүчирхэг байгаа нэг том шалтгаан бол ухаалаг, зөв боловсролын үр шим билээ.  

Боловсрол: Хүний хүмүүжил, үндсэн суурьт зөв хандлага, тэмүүлэл бий болгох гол зарчим бол сургуулийн өмнөх боловсрол юм. Канадын боловсролын системийн хамгийн хүчтэй суурь бол сургуулийн өмнөх боловсрол билээ. Канадад цэцэрлэг хамгийн өндөр төлбөртэй. Сард дундажаар 1000 канад доллар төлнө. Гэр бүлийн хоёр байлаа гэхэд хоёулаа ажил хийгээд нэгнийхээ цалингаар амьдраад, нөгөөгийнхөө цалингаар хүүхдийнхээ цэцэрлэгийн төлбөрийг төлөхөөр тийм өндөр зардалтай. Тэр хэрээрээ сургуулийн өмнөх боловсрол өртөг өндөртэй. Цэцэрлэгийн нэг багш дундажаар 5 хүүхэд хариуцаж ажиллана. Мөн түүн дээр нэг асрагч багш нэмэгдэнэ.  Хүүхэд бүртэй багш өдөр бүр тогтмол ажиллах боломжтой гэсэн үг. Багш аль болох хүүхдүүдээрээ аливаа зүйлийг хийлгэж, урам зориг өгч тэднийхээ дунд орж тоглох ба харин заах, чиглүүлэх арга барил бараг л хэрэглэхгүй. Манайхаас нэг ялгарах онцлог нь цэцэрлэгт өдрийн хоол өгдөггүй. Харин хүүхэд бүр гэрээсээ хоолоо авчирна. Учир нь олон үндэсний хүүхдүүдэд бүгдэд нь таарах өдрийн хоол бэлдэх боломжгүй гэж үздэг. Хүүхдүүд ч үүндээ дуртай юм билээ. Манай жаалууд орой гэртээ ирээд өдөр тэрний хоолноос амссан, тэр найздаа хоолноосоо өгсөн гээд л ярих юмтай орж ирдэг. Магадгүй энэ нь тэдний нийгмийн онцлогийг бүр багаас нь мэдрүүлж байгаа нэг хэлбэр байж болох юм.

Teacher And Pupils Using Wooden Shapes In Montessori School

Цэцэрлэгийн бүртгэл бүр хөөрхөн. Хүүхэд өөрийнхөө зурагтай наадаг соронзонгоо цэцэрлэгтээ гэсэн хэсэгт өглөө бүр байрлуулна. Орой тарахдаа нөгөө соронзон тэмдгээ гэртээ гэсэн хэсэгт байрлуулна. Цэцэрлэгийн нэг анги нэг тусдаа байшинд хичээллэнэ. Тэгээд олгож буй боловсролын цөм нь бусдыг ойлгох, хүлээн зөвшөөрөх, өөрийнхөө дуртай юмыг хийх, бие даасан шийдвэр гаргах, шинжлэн судлах тэр бүх сонирхол тэмүүллийг бий болгоход оршдог. Ийм л философиос өвөрмөц шийдлүүд гарна. Жишээ нь ахмадын асрамжийн газрыг өнчин хүүхдүүдийн асрамжийн газартай нийлүүлж шинэ жишиг, нийгмийн хандлагыг Канад улс санаачлаад байна.

Ерөнхий боловсролын сургууль манайхтай ижил 12 жилийн системтэй. Ялгаатай нь гэрийн даалгавар бараг өгдөггүй. Сурагчдыг хичээлээр ачаалах, хатуу сахилга баттай байхыг шаардах зэрэг бүр хориотой. Боловсрол олгохдоо хүүхдийг хэзээ ч хүчилж болохгүй гэдэг зарчим тэнд үйлчилнэ. Хүүхэд өсөж, төлөвших явцдаа өөрөө  өөрийгөө олохоос гадна суурь хүмүүжил нь бүрэлдэх учиртай аж. Хэрэв хүүхдийг хүчээр чиглүүлээд байвал тэр хүн дараа нь бусдыг хүлээн зөвшөөрдөггүй, хүчирхийлэгч болж хувирна гэж үздэг. Хэрэгтэй философи байгаа биз.

Манайх Бритиш Колумбын их сургуулийн гэр бүлтэй оюутнуудын хотхонд амьдардаг байв. Хотхоны хорооноос хүүхдэд зориулсан арга хэмжээнүүд их зохион байгуулна. Хэдэн сонирхолтой жишээ дурдъя. Хүүхдүүд өөрийн гараар юм бүтээж түүнийгээ эцэг, эх болон хотхоныхоо том хүмүүст зардаг өдөрлөг бий. Мөн хуучин тоглоомоо бусдад хандивлах, хоорондоо солилцох, зарах үйл ажиллагаануудыг зохион байгуулна. Үр дүнд нь хүүхдүүд өөрийгөө үнэлж, мөнгөтэй харилцаж сурна, бас тоглоомдоо ариг гамтай болж зараад шинийг авч болно гэх прагматик хандлага эртнээс суудаг.

Бага ангийн хичээл ихэвчлэн тоглоомын аргаар орно. Би нэг удаа багшаас нь та нар хүүхдүүдэд жаахан нэмэлт даалгавар өгч болохгүй юу гэхэд үгүй эхлээд таны хүүхэд сургуульд явах дуртай болох ёстой гэж билээ. Сургуульдаа явах дуртай болсон хүүхэд дараа нь сурах дуртай болох ёстой юм байна лээ. Ингээд сурахад дуртай болсон хүүхэд дараа нь хүссэн чиглэлээрээ бие даан сурна. Энэ л тэдний боловсролын системийн амин сүнс юм уу даа.

Дунд ангид сурахад дуртай болгох тэр арга зүй ахиад л үргэлжилнэ. Хичээлүүд нь шинжлэх ухааны маш сонирхолтой туршилтуудаар дүүрэн. Жишээ нь байгалийн түүхийн хичээлээрээ уул уурхайн музей үзэж, алт шигших ба хэрэв олбол өөрөө авна шүү дээ. Сурагчид ахлах ангид оронгуут нь энэ бол чиний амьдрал, сурах дуртай шинжлэх ухааны салбараа сонгож аваад одоо гүнзгийрүүлээд судал гэсэн зарчим үйлчилнэ. Ахлах ангийн сурагчид асар өндөр ачаалалтай. Гэхдээ хүүхэд энэ үед хэдийнээ бэлтгэгдсэн байдаг. Мөн гадаад орнуудтай сурагч солилцооны хөтөлбөртэй бөгөөд гадаад сурагчид олноор авдаг. Энэ нь хүүхдүүд олон үндэстний найз нөхөдтэй болж, өөрийн шинэ харилцааг хөгжүүлэхэд түлхэц болдог гэж үздэг. Нөгөөтэйгүүр гадаад орноос ирсэн эдгээр сурагчид энэ улсад оюутан болох, улмаар иргэн болох нь ч түгээмэл. Канад бол цагаачдад хамгийн нээлттэй бас ээлтэй орнуудын нэг билээ.

Канадын их сургуулиуд их өндөр босготой. Нэгэнт түүнийг даваад ороод ирсэн бол сурах орчин, сургалт чанартай. Харин төлбөр бага, бараг манай зарим их дээд сургуулиудаас ч бага төлбөртэй. Канадын их сургуулиудын хамгийн том давуу тал нь мэдлэгийг хэрэглээнд шилжүүлэх чадвар асар өндөр хөгжсөнд оршдог. Ямар л мэдлэг байна тэрийг хэрэглээнд нэвтрүүлэх гэж хичээнэ. Манай дээд боловсролын нэг сул тал бол энэ байх.

Миний очиж, тархи толгой дах бодлоо цэгцэлдэг газар. Бритиш Колумбын их сургуулийн кампус дахь Япон цэцэрлэг. 2014

Дээд боловсролын салбарт асар их мөнгө эргэлдэж, олон тэрбумын хөрөнгө оруулалт хийгддэг. Шанхайн Дэлхийн Их Сургуулиудын Академийн Зэрэглэлд (ARWU) буй шилдэг 100 их сургуулиуд дунд 4, QS буюу Дэлхийн Их Сургуулиудын Зэрэглэлийн хамгийн шилдэг 500 их сургуульд 20 Канадын их сургууль багтсан байх жишээтэй. Бритиш Колумбын их сургууль бол дэлхийд 30-40–ийн хооронд эрэмбэлэгдэх ба яг манай их сургуулийн Уул уурхайн сургууль бол уул уурхайн хөтөлбөрөөрөө Австралийн Күнсландийн их сургуультай нэгдүгээр байр булаацалддаг. Зарим жил нэгт зарим жил хоёрт жагсах жишээтэй.

2019 оны дэлхийн их сургуулиудыг эрэмбэлсэн байдал[2]

Их сургуулийн оюутнуудын 90 хувь нь төгссөн даруй зургаан сарын дотор ажилд ордог. Нийт ажил олгогчдийн 90 хувь нь Канадын их дээд сургууль төгсөгчдөд сэтгэл ханамж өндөр гэсэн үнэлгээ өгдөг гээд олон тоо баримт дурдаж болно. Жилдээ тус улсад сурахаар 200 мянга орчим гадаад оюутан ирдэг. Зөвхөн Бритиш Колумбын их сургууль гэхэд хятад оюутнуудад зориулсан дотуур байр, хэлний курс, хоолны газар, номын сан ажиллуулж, хятадын элит давхаргын хүүхдүүдийг хүлээж авдаг. Канад бол цагаачдын бүтээсэн улс. Тиймээс чамд хувийн үзэл бодол байгаа, гэхдээ бас бусад хүмүүст ч гэсэн хувийн үзэл бодол байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. Таны үзэл бодол бусдын үзэл бодолтой ямар нэг байдлаар нийцдэг, тэр хэсэг нь нийтийн үзэл бодол болно, үүнийхээ төлөө бүгдээрээ хатуу зогсож тэмцэж байх ёстой гэсэн философийг дээд боловсролдоо суулгаж өгнө. Бас нэг сонирхолтой нь их дээд сургуулиудын жилийн орлогын 20-30 хувийг хандив эзэлдэг. Төгсөгчдийн холбоогүй, төгсөгчдийн холбооны байргүй, спорт цогцолборгүй сургуулиуд ховор. Манай баячууд морь, бөх, хөшөө, суваргад гар татдаггүйтэй адил Канадын хөрөнгөтнүүд их дээд сургуулиуддаа асар их хандив өгдөг. Түүнийхээ үр шимийг ч хүртдэг. Харин манайд их сургуулиуд ойгоор л төгсөгчдөө нэг цуглуулж хандив гуйх жишээтэй. Гэтэл Канадад төгсөгч их сургууль хоёр бол байнгын харилцаатай байна. Төгсөгч бол оюутнуудад дадлагын бааз суурь бэлдэгч, ажил олгогч, хамтрагч, чиглүүлэгч нь болдог. Их сургуулиас төгсөгчдөө оюутны сайн дурын ажлын гол удирдагч, лекторууд болгохын зэрэгцээ тэдэнд хөнгөлөлттэй давтан сургалтууд, янз бүрийн спорт сургалт, үйлчилгээнүүд болон зөвхөн төгсөгчдөд зориулсан уулзалтын болон амралтын цогцолбороо санал болгож байнгын эргэх холбоог үүсгэдэг.

Ингээд “Яагаад Канад лугаа хөгжих ёстой гэж…” гэж гарчигласан гурван цуврал нийтлэлээ өндөрлөж байна. Та өмнөх нийтлэлүүдийг уншиж амжаагүй бол https://news.mn/r/2291533/ ,   https://news.mn/r/2292750/  холбоос линкээр орж уншиж болно. Дахин хэлэхэд энэ улс манай хөгжлийн нэг загвар болж болох орон мөн. Бас Монгол улсын гурав дахь хөрш болох бүрэн боломжтой. Энэ итгэл үнэмшил маань улам л баттай болоод байгаа. Уншигч танд баярлалаа. Та бүхэн саналаа daimka@gmail.com гэсэн хаяг руу илгээж болохоос гадна @Daimka07 гэсэн твиттер, Гонгорын Дамдинням гэсэн фейсбүүк хаягаар хандан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно.


[1] https://www.americanprogress.org/issues/early-childhood/reports/2018/02/14/446330/child-care-dollar-go/

[2]https://www.timeshighereducation.com/world-university-rankings/2019/world-ranking#!/page/0/length/100/sort_by/rank/sort_order/asc/cols/stats

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж