Posted by News.mn on Wednesday, April 29, 2020
"Хөгжлийн бодлогын баримт бичгүүд тоосонд дарагдаж үлдэхгүй"
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2020.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Л.Энх-Амгалан гишүүн танилцуулав.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт хэлж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.ОЮУНДАРЬ:
-Салбар хоорондын зохицуулалт манайд дутагдаад байна. Энэ асуудлыг оруулж ирж байгаа нь их ач холбогдолтой болж байна. Улс төрийн намуудыг хэрхэн оролцуулах вэ гэдэг асуудлыг оруулж байгаа нь сайн хэрэг. Засаглал барьж байгаа улсууд маань өөрсдөө ямар хөгжлийн бодлоготой байхаа нэлээд сайн гаргаж өгсөн сайн бичиг баримт болж байна. Төр, хувийн хэвшлийг дэмжих талаар ямар зохицуулалт орж ирж байна вэ?
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН:
-Монгол Улс хөгжлийн бодлогоо цаашид яаж төлөвлөх, бататгах, хэрэгжүүлэх вэ гэдгийг энэ хуулиар хийж өгсөн. Салбар хоорондын уялдааны асуудлыг уялдуулах тусгайлсан яам бий болгож байгаа. Шадар сайд хариуцна. Өнгөрсөн хугацаанд бий болгосон хөгжлийн цаас бичгүүд муу болоогүй юм билээ. Хэрэгжүүлэх механизмаа тодорхой болгоогүй учраас бодлого төлөвлөлтийн хуулиуд маань хэн нэг албан тушаалтны ширээнд тоосонд дарагдаад үлддэг байсныг нэг мөр болгож байгаа.
Гишүүд асуулт асууж, хариулт авч дуусав. Одоо байнгын хорооны хуралдаанаас гарсан зарчмын зөрүүтэй 16 саналын томъёоллоор санал хураав.
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
"Сумын эрх мэдлийг дээшлүүлж, хариуцлагыг сайжруулах хэрэгтэй"
УИХ-ын чуулганы үдээс хойхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 8 гишүүн 2020.04.22-ны өдөр өргөн мэдүүлсэн)-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт өгч байна. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын асуултад Б.Тогтохсүрэн гишүүн хариулахдаа "Эрх мэдлийг голдуу дүүрэг, сум руу чиглүүлж өгсөн” гэв.
Хуулийн төсөл дээр ажиллаж буй ажлын хэсэг бүсчилсэн хөгжилтэйгээ нутгийн удирдлагыг хэрхэн холбодог гадны туршлагыг судалжээ. Ялангуяа аймаг хоорондын түвшинд бодлогын чанартай асуудлуудыг илүү тодорхой тусгасан байна. Сайн засаглал буюу өөрөө удирдах ёс, иргэдийн өөрийн удирдлага гэсэн хэсгүүдийг тус хуулиудад тодорхой тусгаж өгчээ.
Буцаан төвлөрүүлэх асуудал дээр эрх мэдлийг орон нутагт өгсөн ч төр засгийн хяналтад анхаараагүй явж ирсэн байна. Хууль батлагдсаны дараа зохион байгуулалтын их олон асуудал шийдэгдэх байх гэж үзэж байгаа аж.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ОЮУНХОРОЛ:
-Өнөөдрийг болтол Баянзүрх дүүрэг Засаг даргагүй дөрвөн жил байж болж байна. Дүүргийн Иргэдийн хуралд сонгогдсон гишүүд Засаг даргаа сонгож чадахгүй байгаа бол тараах эрхийг Засгийн газарт олгож байгаагаараа дэвшил гарч байна. Хоёрт, Улаанбаатар хот хөдөөний дүүрэг гэхэд аймгийн төвийн хэмжээний иргэдтэй, хүн амын төвлөрөл маш ихтэй. Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо гэхэд 21000 хүн амтай. Тэнд төрийн ажлыг залгамжлуулж авч яваа нь хороо, хэсгийн ахлагч нар байдаг. Тэдэнд ажлаа хийх санхүүгийн ямар ч эрх мэдэл байдаггүй. Энэ хуулиар цаашид хэрхэн зохицуулах вэ? Гуравдугаарт, Баянзүрх дүүрэг 370 гаруй мянган иргэнтэй. Нэг иргэнд төрийн үйлчилгээг хэрхэн хүргэх вэ гэдгийг толдорхой болгож санхүүжилтийн механизмыг тодорхой болгоно гэж бодож байна. Энэ асуудлыг яаж тооцоолох вэ?
АЖЛЫН ХЭСЭГ:
-Хүн амын төвлөрлийг сааруулах асуудал дээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудал яригдаж байна. Нэгж өөрчлөх асуудал дээр мэдээж хэрэг санал авах асуудал тусгагдах ёстой. Саналыг УИХ-аас журам гаргаж тогтоохоор зааж өгсөн, Үндсэн хуулиараа тэр эрх нь хэвээр байгаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБААТАР:
-Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн явцад бид ажлын хэсгийнхэнтэй ярьж ойлголцож, тодорхой асуудлуудыг дэмжсэн. Засаг захиргааны нэгж тус бүр ямар чиг үүрэгтэй байхыг гаргаж ирсэн байна. Нөгөө талд нь хот тосгонд ямар чиг үүргүүд үлдэж байгаа вэ? Хөвсгөлийн Хатгал тосгон Алаг-Эрдэнэ сумын баг мөртлөө сумаасаа илүү их хүн амтай болсон. Хатгал тосгоны хувьд ямар чиг үүргүүд шилжиж очих вэ? Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль хэзээ орж ирэх вэ? Мөрөн сум хот болох боломжтой гэж ойлгож байгаа. Хуулийн хүрээнд ямар нэг асуудалгүйгээр зохицуулагдахаар байгаа юу? Багийн Иргэдийн нйитийн хурлын дарга нарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулах нь зүйтэй гэж бодож байна. Аймаг, сумын Засаг дарга нарт тавигдаагүй мөртлөө баг, сумын засаг дарга нарт ял шийтгэлгүй байна гэсэн зүйл байгаад байна.
АЖЛЫН ХЭСЭГ н.БЯМБАЖАРГАЛ:
-Хот тосгонтой холбоотойгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр концепцийн шинжтэй томоохон өөрчлөлтүүд орсон нь тусгагдаад явсан. Сумын чиг үүргүүдийг шилжүүлж болохоор тусгагдсан. Засаг захиргааны нэгжийн тухай хууль батлагдвал дараа нь хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль батлагдах эрх зүйн үндэс бүрдэх болов уу.
Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан бөгөөд зарим гишүүн үг хэлэв.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ОЮУНХОРОЛ:
-1.3 сая хүн амьтай Улаанбаатар хот тулгамдсан асуудал их, төсвийн эрх мэдэл нь хаа хаанаа хязгаарлагдмал. Тийм учраас нэг иргэнд очих төрийн үйлчилгээний зардлыг тодорхой болгох хэрэгтэй. Дүүргийн ИТХ-ын сонгууль энэ удаагийн хуулиар илүү хариуцлагатай болно. Дүүргийн ИТХ-аасаа нийслэлийн ИТХ-ын гишүүдээ сонгох боломжтой болсон нь нэлээн том онцлог болсон гэж харж байна. Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж өгсөн нь чухал боллоо. Төсвийн эрх мэдлийг бие даалгах боломж бүрдэж байна. Энэ хуулийг сонгуулийн өмнө батлаад, хэрэгжилтийг нь хангах шаардлагатай байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН:
-НҮБ-ын судалгаагаар харахад, сумын хүн ам яагаад аймаг, нийслэл рүү яваад байна вэ гэдэг нь гурван асуудалтай холбоотой байна. Байнгын орлогогүй, ажлын байргүй, төрийн үйлчилгээ хүрдэггүй. Энэ боломжуудыг нь л энэ хуулиар хангаж өгье гэж бодож байгаа юм. Суман дээрх улс төржилтийг алга болгоё. Суман дээр байгаа иргэн өөрийн намын колонк, дэлгүүрээр үйлчлүүлж байна. Сумын төв дээр намын хороо байгуулдаг байдлыг Улс төрийн намын хуулиар хориглож улс төржилтийг байхгүй болгоно. Эрх мэдлийг шилжүүлж байж, сум шиг хөгжих боломжууд байна. Иргэндээ төрийн үйлчилгээ ямар зардлаар хүргэх вэ гэдгийг тодорхой болгож өгөх хэрэгтэй байгаа юм.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТЭРБИШДАГВА:
-Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийг дэмжиж байна. Ялангуяа орон нутгийн эрх мэдлийг шилжүүлэхгүй бол дэндүү босоо, дээрээсээ удирдлагатай байна гэсэн асуудлыг ярьж байсан. Сумын эрх мэдлийг дээшлүүлж байгаа юм бол хариуцлагыг сайжруулах ёстой. Тухайлбал, газрын харилцааны асуудал, байгаль хамгаалал, бэлчээрийн асуудал, гамшгаас хамгаалах, нийтийн дэг журмын асуудлын хариуцлагыг сум орон хариуцах ёстой. Иргэдэд өгөх төрийн үйлчилгээний асуудлыг нэлээн олон удаа ярьсан. Өнөөдөр баг, хороо, дүүрэг гэж байгаа. Хороо арав гаруй мянган хүн амтай, сум 3-6 мянган хүн амьтай. Иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхэд төсвийн эрх мэдлийг нь өөр болгож өгөхгүй бол болохгүй.
Гишүүд үг хэлж дууслаа. Байнгын хорооны гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад 50 гишүүн оролцож, 41 нь дэмжиж, 82 хувийн саналаар дэмжиж, үзэл баримтлалын хүрээнд дэмжсэнд тооцож, Төрийн байгуулалтын хороонд шилжүүллээ.
"Сонгогчдын олонхийн саналаар гишүүнийг эргүүлэн татна"
Чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 10 гишүүн 2020.04.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулж байна. Үүнтэй холбогдуулан Дэгийн дагуу УИХ-ын гишүүд үг хэлж, төсөл санаачлагчид зарим тодруулга өгч байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:
-Гишүүдээс гаргасан болон иргэд сонгогчдоос ирүүлсэн олон саналыг нэгтгэж, хориглох зүйлсийг хийсэн. Ардчилсан намын зүгээс санал болгоод, УИХ-ын гишүүдийн дархлааг сулруулсан заалт оруулсан гэж ярьсан. Б.Бат-Эрдэнэ гишүүний хэлсэнчлэн хориглох үйл ажиллагааны талаарх зарим зүйлийг хассан. УИХ-ын даргын зөвшөөрөлгүйгээр УИХ-ын гишүүд гадаадад зорчихыг хориглоно, хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх гэдэг хэвээр байгаа. Гишүүний бүрэн эрхэд үл хамаарах байдлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцохыг хориглоно. Бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдыг доромжлох, гүтгэх, дайрах, далайлган сүрдүүлэхийг хориглоно гэдгийг хийж өгсөн байгаа. Бид гарцаагүй зүйлүүдээ авч үзээд явна.
УИХ-ын гишүүнийг сонгогчид нь эргүүлэн татах тухай зарчмын зөрүүтэй саналыг Д.Эрдэнэбат гишүүн гаргажээ. Тэрбээр энэ талаар "Зарим гишүүд мушгисан тайлбар хийгээд байна. Миний санал бол сонгогдсон тойргийн нийт сонгогчдын олонхи нь эргүүлэн татахыг дэмжсэн бол тухайн гишүүнийг эргэн татъя гэсэн санал. Хариуцлага ёс зүй, хяналтын хувьд тухайн тойргийн хараа, үнэлэмж, итгэлцэл дор гишүүд байх ёстой. Тийм учраас энэ саналыг босгоод өгөөч ээ. Энэ нь үнэхээр гишүүн хариуцлагатай, ёс зүйтэй байхад чухал нөлөөтэй" гэв.
Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдээгүй энэ саналыг чуулганы хуралдаанд оролцож буй гишүүд дэмжлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулав.
Санал хураалтын нэгдсэн дүнгээр хуралдаанд оролцсон 51 гишүүний 38 дэмжиж, 74.5 хувийн саналаар хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын долоон гишүүн 2020.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн билээ. Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хийв.
УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ:
-УИХ-ын гишүүн Дэгийн хууль зөрчсөн тохиолдолд яах вэ? УИХ-ын гишүүний хууль санаачлах бүрэн эрхийг хязгаарлах тухай яриад байх юм?
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:
-2006 оноос хойш Дэгийн тухай хуульд 26 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Найман удаагийн парламент дээр юу болсон, юу нь болоогүй гэдгийг дэглэх нь маш чимхлүүр ажил байдаг юм байна. УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхийг хязгаарлаагүй. Дэг үнэхээр алдагдуулаад байгаа тохиолдолд үг хэлэх эрхийг нь хасахаар оруулсан. Шинэ парламент дэгээ өөрөө зохицуулаад явах эрх нь нээлттэй. Хөндлөнгийн байгууллага парламентын дэгд өөрчлөлт оруулж болохгүйг зааж өгсөн. 14 бүлэг, 126 зүйлийн асуудлыг яривал их олон заалт орсон.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБААТАР:
-Х.Нямбаатар гишүүн бид хоёрын өмнө оруулж байсан саналуудыг тусгасан байна. Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна.
Засаж сайжруулах хэд хэдэн зүйл байна. Нэгд, УИх-ын чуулганы үдээс өмнөх чуулганыг үр дүнгүй болгодог асуудал. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг өмнөх долоо хоногт нь УИХ-ын даргын зөвлөл байнгын хороодоос санал аваад баталдаг. Үүнийхээ дагуу хуралдах ёстой. Гэтэл хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан долоо, найман гишүүн үг хэлдэг. Хариулт авдаг. Үг хэлж байгаа нь хэлэлцэх асуудлын дараалалтай огтхон ч холбоотой биш, ихэвчлэн хувийн байр сууриа илэрхийлдэг. Энэ нь их үр дүнгүй болгодог. Баталсан дарааллаараа хуралддаг баймаар юм.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:
-Нямбаатар, Мөнхбаатар гишүүн нар дэгийн хуулийн төсөл хйисэн, өргөн барих бэлтгэл хангасан. Дэгийн хуулийг бид хийхдээ 70 хувийг нь тусгасан гэж хэлж болно. Их хурлын даргыг спикер болгоё гээд байгаа юм. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Их хурлын дарга төрийн дээд гурван албан тушаалтны нэг. Томилгоо, Их хурлаа төлөөлөх бусад асуудлыг өөрчилж чадаагүй учраас хуучин байдлаараа явахаас аргагүй байгаа.
Чуулганы эхэнд баахан хүн үг хэлдэг. Энийг урьдчилан мэдэгдээд, гурав хүртэл хүн үг хэлж болно. Өөрөөр хэлбэл гурван намын төлөөлөл маягаар хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотойгоор үг хэлэхийг журамлаж өгсөн.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлсний дараа санал хураалт явуулав.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалаа. Хуралдаанд оролцсон нийт 52 гишүүний 37 нь дэмжиж, 71,2 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Хуулийн төслүүлийг дэмжих нь зүйтэй гэж гишүүдийн дийлэнх нь үзсэн тул төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжсэнд тооцож, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс хойших хуралдаан 15:00 цагт эхэлнэ.
С.Баатаржав, Б.Баасандорж нарыг СЕХ-ны гишүүнээр томиллоо
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг чөлөөлөх, шинээр томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Төслийн танилцуулгыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хийлээ.
Нэр дэвшигч Сайннямбуугийн Баатаржав нь 1967 онд Улаанбаатар хотод төрсөн, бригадын генерал цолтой. Төрийн албанд 30 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 1990 онд Нийгмийн аюулаас хамгаалах яамны Цагдан сэргийлэхийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр, 2004 онд Оросын холбооны Улсын Дотоод явдлын яамны Удирдлагын академийг удирдлагын хөтөлбөр, 2009 онд Монголын үндэсний дээд сургуулийг хууль зүйн магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн.
1990-1995 онд Төв аймгийн Цагдаагийн хэлтэс, Мөрдөн байцаах тасагт, мөрдөн байцаагч, 1995-1998 онд Төв аймгийн Цагдаагийн хэлтэс, Эрүүгийн тасагт эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч, 1998-1999 онд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Хөтөл сум дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга, 1999-2002 онд Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, 2004-2008 онд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Газрын дарга, 2008-2012 онд Нийслэлийн цагдаагийн газрын Газрын дарга, 2012 онд Мөрдөн байцаах газрын дарга, 2012-2013 онд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга, 2013-2014 онд Цагдаагийн ерөнхий газарт Тэргүүн дэд дарга, Газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Газрын дарга, 2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн захирал, 2017 оноос Цагдаагийн ерөнхий газрын даргын албан тушаалыг хашиж иржээ.
Нэр дэвшигч Барсүрэнгийн Баасандорж нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн, төрийн албанд 18 дахь жилдээ ажиллаж байна. 2001 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2011 онд Америкийн Нэгдсэн Улсын Калифорнийн Олон Улсын Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгссөн.
2001-2013 онд Улсын Их Хурлын Тамгын газарт шинжээч, референт, зөвлөх, ахлах зөвлөх, 2013-2015 онд Хууль зүйн яамны Хууль зүйн бодпогын газрын дарга, 2015-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018 оноос өнөөг хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаал хашиж байгаа аж.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭРДЭНЭБАТ:
-СЕХ-нд байх ёстой хүмүүс нь орж байгаад баяртай байна. Бараг босоо тогтолцоотой болж байгаа. СЕХ шийдвэр гаргах бүрэн эрхтэй. Улс төрийн намуудын улс төржилт сонгуулийн жил өндөрсдөг. Хоёрдугаар сарын 1-нээс хойш хичнээн шилжилт хөдөлгөөн хиийгдэв. Аль аймагт нэмэгдэв.
УБЕГ-ЫН ДАРГА С.БААСАНДОРЖ:
-Улсын бүртгэлийн байгууллагаас хоёрдугаар сарын 1-нээс иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоосон. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 1-ний хооронд дунджаар иргэний шилжилт хөдөлгөөн 35-36 мянга хүрч ихэссэн. Сонгогч шилжих хөдөлгөөн СЕХ-ны 24 дүгээр зүйлээр зохицуулагдаж байгаа.
УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ:
-Хуулиа харах хэрэгтэй. Энэ хүмүүс сарын дараа дахиад өөрчлөгдөх үү? Цаашид жишиг тогтоомоор байна. Аймшигтай “корона”-гийн сонгууль болох гэж байна. Худал мэдээлэл гаргаад, тэр эмнэлэгт хорио тогтоолоо гээд мянга, 500-гаар нь сонгогчдыг тасдах боломжтой санагдаж байна. Би сүүлийн үед цагдаагийн байгууллагад итгэхээ болиод байна. Миний цагдаа намайг биш улс төрчдийг хамгаалдаг болоод байна, яанаа. Би Эрдэнэтдээ тайван алхаж чадахаа болилоо.
УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ:
-Дөрвөн жилд нэг удаа сонгууль болдог. Төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байдаг. Сонгууль хуулийн дагуу шударга явах ёстой. Сонгуулийн үйл ажиллагаанд улс төрийн намууд оролцдог байсан бол өөрчлөлт оруулаад төрийн жинхэнэ албан хаагчид оролцдог болсон. Сонгуулийн хууль зөрчвөл эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ.
Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж нарыг СЕХ-ны гишүүдээр томилох асуудлыг оруулж ирж байгаа. Сонгуульд нэр дэвшиж буй этгээд өрсөлдөгчийнхөө нэр хүндийг гутаах, доромжлох асуудал гаргавал нэр дэвшүүлэхгүй. Ийм үйлдэл гаргаж байгааг холбогдох байгууллагуудад өөрсдөө мэдээлж, өөрсдийнхөө эрх ашгийг илүү хамгаалах талаар санаачлагатай ажиллахыг анхааруулъя.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулт, хариулт авч дууслаа.
СЕХ-ны гишүүнээс Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг чөлөөлөв. СЕХ-ны гишүүнээр С.Баатаржавыг томилох тухай санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 58 гишүүн оролцож 80,4 хувийн саналаар дэмжсэн бол Б.Баасандоржийг СЕХ-ны гишүүнээр томилох санал хураалтад 52 гишүүн оролцож, 40 нь дэмжиж 76.9 хувийн саналаар дэмжлээ.
Цэцийн тухай дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ
УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхэллээ. Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар:
-Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлт;
-Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 10 гишүүн 2020.04.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 7 гишүүн 2020.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2020.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 8 гишүүн 2020.04.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Х.Болорчулуун нарын 22 гишүүн 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
-Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
Гишүүд хэлэлцэх асуудлын жагсаалт дагуу Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлтийн талаар хэлэлцэж эхэллээ. Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүнийг томилох асуудлыг шийдэх албан бичгийг хоёрдугаар сард Улсын дээд шүүхэд хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариу нь ирээгүй байгаа аж. Х.Нямбаатар гишүүн хэлэхдээ “Өчигдөр дахин албан бичиг хүргүүлсэн” хэмээв.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг ҮХЦ-ийн гишүүн Д.Солонго танилцуулав.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлт Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэнийг танилцуулж, хэлэлцэн баталж өгөхийг хүсэв.
Байнгын хороодын санал дүгнэлттэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авав.
О.БААСАНХҮҮ:
-Байнгын хороод Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэж байгаа бол хуулийн үйлчлэлээс хамаараад нэр дэвшичгдээ зарлах байдалд хүндрэл учрах юм биш үү?
Х.НЯМБААТАР:
-Их суудлын хуралдаанаар тогтоол гаргасан тохиолдолд мэдээлэл гаргасантай холбогдуулан Цэцийн шийдсэн дагуу холбогдох зүйл заалтын үйлчлэл зогсоно.
Л.ЭНХ-АМГАЛАН:
-Үндсэн хуулийн цэц дээр хоёр асуудлаар маргаан үүссэн. Нэг нь мандатын тоогоор бүрэн дугуйлах ёстой гэж. Таны асуугаад байгаа асуудал улс төрийн намыг хэзээ бүртгэсэн байх ёстой вэ. Сонгууль товлон зарлахаас өмнө УДШ-д бүртгүүлсэн нам сонгуульд оролцоно.
Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 2 дугаар дүгнэлтийн тухай тогтоолын төслийг баталъя гэсэн санал хураалтад 47 гишүүн оролцож, 41 нь дэмжиж, 87.8 хувийн саналаар баталлаа.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Холбоотой мэдээ