Өдрийн зээл гэх мөнгө хүүлэлтийг хазаарлаач!

Хуучирсан мэдээ: 2020.04.30-нд нийтлэгдсэн

Өдрийн зээл гэх мөнгө хүүлэлтийг хазаарлаач!

Өдрийн зээл гэх мөнгө хүүлэлтийг хазаарлаач!

Өрхийн түвшинд өрийн байдал хүндэрсээр, өнөөдөр Монголд өрийн дарамтад өртөөгүй нь бараг үгүй болсон. Их, бага хэмжээний өрөнд дарлуулсан иргэд эдийн засгийн хүндрэл бэрхшээлээсээ ангижрахын тулд бүх л аргаа хэрэглэж буй. Тухайлбал, хувь хүн, банк, банк бус санхүүгийн байгууллагаас эхлээд жижиг дэлгүүрт хүртэл "хар данс"-ны бүртгэлтэй. Монголчуудын энэ зовлон дээр дөрөөлж цэцэглэсэн өдрийн зээл хэмээх мөнгө хүүлэлт хэрээс хэтэрчээ.

“Үндэслэлгүй тогтоосон зээлийн өндөр хүүг “мөнгө хүүлэлт" гэнэ” гэж тодорхойлсон байдаг.

Иргэд хоорондоо мөнгө зээлэхийг хуулиар хориглодог билээ. Гэвч мөнгө хүүлэлт урьдын адил нууцхан цэцэглэсээр байгаа аж. Өдрийн зээл гэгч мөнгө хүүлэлт Монголд хэзээ үүсэв. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, 2000 оноос өдрийн зээлийн үйлчилгээ эхэлжээ. Сарын 10-30 хувийн хүүтэй байдаг бол зарим газар 40 хүртэл хувийн хүүтэй гардаг мэдээлэл бий. Энэ зээлийг худалдаа эрхэлж буй бараг бүх хүн авчээ. Өдрийн зээл нь барьцаагүй, авахад хялбар байдаг. Сая төгрөг 25 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй авлаа гэхэд маргаашаас нь 44 мянга, 66 мянган төгрөг төлөөд эхэлдэг байна.

Авсан зээлийн төлбөрөө заасан цагаас нь өмнө төлөхгүй тохиолдолд цаг тутамд 7000 төгрөгийн алданги тооцож эхэлдэг аж.

Нэг удаа өдрийн зээл авчихвал буцаж гарч чаддаггүй байна. Өнөөдөр нэгээс мөнгө зээлж аваад өмнө авснаа төлөх байдлаар явдаг аж. Зээлдэгч зээлсэн мөнгөө төлж чадахгүй бол шүүх цагдаагийн байгууллагын хаалга татдаг байна. Өдрийн зээлээс болоод “Хархорин” зах дээр наймаа эрхэлдэг 20 настай бүсгүй амиа хорлосон тохиолдол гарч байжээ.

Баянзүрх дүүргийн 18-р хорооны иргэн Б наймаа хийхийг хүсч, гурван жилийн өмнө өдрийн зээл анх авчээ. Хувиараа жижиг бизнес эрхлэх хүсэлтэй ч хуримтлалгүй, хүний бараа зардаг тул хувь хүнээс өндөр хүүтэй зээл авч одоогийн ажлаа эхлүүлжээ. Сарын 10 хувийн хүүтэй зээл авч, таван хүнийг тэжээж яваа аж. Банкны зээл авъя гэхэд барьцаа хөрөнгөгүй учир зээл гарагүй. Гурван жилийн турш өдрийн зээлээр амьдарч буй энэ эмэгтэй “Банкнаас зээл авах нь бидний хувьд мөрөөдөл. Маш их бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай болдог. Хувиараа бизнес эрхэлдэг хүмүүсийг төрөөс дэмждэггүй учир бид хувь хүний өндөр хүүтэй зээл авахад хүрдэг” гэв.

Иргэн С “Нарантуул” зах дээр долоон жил жижиглэнгийн худалдаа эрхэлжээ. Өдрийн найман хувийн хүүтэй дөрөв хүртэлх сая төгрөгийн зээл авна. Ийм төрлийн зээлийг хүмүүс ихэвчлэн баяр ойртох, эсвэл онцгой тэмдэглэлт өдрүүдийн үеэр авах нь элбэг аж. Нөгөөтэйгүүр баярын улирал дөхөхөд өдрийн зээлэнд мөнгө оруулж өсгөх сонирхолтой хувь хүн ч олон болдог байна.

Монголын худалдаачдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Э.Солонгын мэдээллээр, Ц гэх эмэгтэй анх 500 мянган төгрөгийн өдрийн зээл авч, дахин авсаар зургаан сарын дотор 6-7 зээлдэгчид нийт 80 гаруй сая төгрөгийн өрөнд орж, өнөө маргаашгүй шоронд орох дээрээ тулсан байна. ТҮЦ ажиллуулж байхдаа нэг сарын дотор 1.1 сая төгрөгөөр торгуулсан нь зээл авах шалтгаан болжээ. Анхны зээлийн хүүгээс хүү бодогдон өсч, 80 сая гаруй төгрөг болсон байна.

Мөнгө хүүлэгчид буюу нэг өдрийн зээл олгогчид жижиг, дунд бизнес эрхлэгчид, худалдааны төвд лангуу түрээсэлдэг хүмүүсийг ихэвчлэн сонгож зээлээ өгдөг аж. Мөн хөдөө орон нутагт дэлгүүр ажиллуулдаг хүмүүст мөнгө зээлдэг. Өдөр болгон бэлэн мөнгөний орлоготой хүн бүр нэг өдрийн зээл авах боломжтой байдгаас уг зээлийг авах хүний тоо ч өдөр ирэх тусам нэмэгддэг байна.

Мөн иргэний үнэмлэх, хурууны хээгээ уншуулаад барьцаагүй зээл олгодог “Төгрөг – АТМ” буюу “Т-АТМ”-ийн үйлчилгээнд иргэд хошуурах болсон. Тус үйлчилгээ нь долоо хоногийн 10 хувь, 14 хоногийн 20 хувь, 21 хоногийн 30 хувийн хүүтэй зээл олгодог байна. Хэрэв хэрэглэгч анх удаа зээл авч буй бол орлогоосоо шалтгаалан 10-50 мянган төгрөгийн зээл авч, зээлийн давтамж, эргэн төлөлтөөс хамааран 300 мянган төгрөг хүртэлх зээл авах боломжтой аж. Барьцаалан зээлдүүлэх газрын 14-21 хоногийн дундаж хүү 7-8 хувь байдаг бол энэхүү зээлийн үйлчилгээний 21 хоногийн хүү 30 хувь гээд бодохоор мөнгө хүүлж байна гэж үзэхээс өөр аргагүй юм. Энэ үйлчилгээг эрхлэгчид “Манайх барьцаагүй зээл олгодог тул хүү өндөр байдаг” гэсэн хариулт өгөв.

Санхүүгийн зохицуулах хороонд дээрх байгууллагын талаар иргэдээс гомдол санал ирдэг тул Зөрчлийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаас өөр аргагүйг хэлж байлаа.

Эдийн засагч Б.Дэлгэрсайхан өмнө нь манайд ярилцлага өгөхдөө "Мөнгө хүүлэлт гэдгээ эхлээд сайн ойлгох хэрэгтэй. Мөнгө хүүлэлт гэдэг нь тухайн эдийн засгийн орчинд байх боломжгүй хүүг тогтоох тухай. Мөн эрсдэлтэй, төлж чадахгүй байж болзошгүйг мэдсээр байж тодорхой дарамт үүсгэх байдлаар тулгаж, бусдад мөнгө зээлдүүлэх замаар ашиг олохыг хэлээд байгаа юм. Энэ  нь үндсэндээ гэмт хэргийн шинж чанартай үйлдэл. Манай банк, санхүүгийн байгууллагууд зээлдэгчидтэй ярилцаж, тохироод, өнөөгийн эдийн засгийн орчны түвшинд тохирсон хүүтэй зээл олгож, гэрээ байгуулж, хуулийн хүрээнд явж байгаа учраас огт өөр.

Харин Нарантуул, Хархорин захад байдаг өдрийн зээл олгодог нөхдүүд байна. Наймаа хийж амьдралаа болгож байгаа хүмүүс, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд сардаа 20, 30, жилдээ 200, 300 хувийн хүүтэй зээл олгодог. Энэ бол мөнгө хүүлэлт.

Иргэдийн санхүүгийн мэдлэг муутай байдлыг далимдуулж мөнгө хүүлэгч угаагчдын үйлдлээс сэргийлэхийн тулд хууль гаргаж болно. Монголд Улсад зээлийн хүү жилдээ 40, 30 хувис давсан байвал гэж ч зааж өгвөл боломжтой. Түүнийгээ эдийн засгийн судалгаа хийж, нарийн тооцох ёстой.

Улмаар 30 хувиас давсан байвал мөнгө хүүлэлт гэж үзнэ гээд хуульчлаад өгчихвөл зохицуулалтгүй байгаа ломбардуудаас эхлээд бусад байгууллагуудын зүй бус мөнгөн урсгал хаагдах боломж бүрдэнэ. Үүнийг дэмжвэл зохино. Харин манай зарим хүмүүс арилжааны хүү, мөнгө угаалт хоёроо ялгахгүйгээс болоод хүүгийн тааз тогтоох талаар ярьж, өндөр хөгжилтэй орнуудын жишээг татах явдал байна. Тэр хүмүүс асуудлаа сайн ойлгох хэрэгтэй" хэмээн ярьсан билээ. Энэ бүхнийг бодлого, шийдвэр гаргах түвшинд ойлгож, зүй зохистой зохицуулалт хийж, цаашлаад хуульчлах шаардлагатай юм.

Манай улсад энэ мэтчилэн зээлийн хүүг бууруулах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, мөнгө хүүлэлтийг зогсоох, иргэд хоорондын богино хугацаатай, өндөр хүүтэй зээлийн харилцааг зохицуулах шаардлага бийг салбарынхан хэлсээр ирсэн.

Монголбанкнаас Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан өнгөрсөн онд тодорхой санал, зөвлөмж гаргаж, мөнгө хүүлэлттэй тэмцэх зохицуулалт дээр илүүтэй анхаарах шаардлагатайг онцлон дурдсан байдаг.

Төв банкнаас мэдээлснээр, өнөөдрийн байдлаар мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай бие даасан хуулийн төсөл байхгүй. Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд тусдаа бүлэг болж орсон бөгөөд УИХ-ын байнгын хороогоор хэлэлцүүлэхээр бэлдэж байгаа ажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж