Төр "хөөж" явуулаагүй ч чадлаараа тээж авчирсаар байгаа шүү!

Хуучирсан мэдээ: 2020.04.30-нд нийтлэгдсэн

Төр "хөөж" явуулаагүй ч чадлаараа тээж авчирсаар байгаа шүү!

Төр "хөөж" явуулаагүй ч чадлаараа тээж авчирсаар байгаа шүү!

Дэлхий нийтийг нөмрөөд буй коронавируст халдварын улмаас эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ хэрээр төрийнхөө сүлдийг дээдлэх нь бүү хэл улан дороо гишгэлэх хандлага сүүлийн үед газар авчээ. Үүний тод жишээ нь Энэтхэгт буй иргэдийг татан авах уу үгүй юу гэдэг асуудал байв.

Энэ асуудлаар Шадар сайд Ө.Энхтүвшин “Энэтхэг рүү нислэг хийж чадахгүй байна. Тэнд байдал үнэхээр хүнд байна. Нэг л боломж байгаа нь Энэтхэгт байгаа хүмүүс дамжин нислэгээр БНСУ-д ирэх юм. Бид байнгын нислэг хийдэг улс руу нислэг хийнэ" гэж мэдэгдсэн. Эсрэгээр нь нийгмийн сүлжээнд түүний хэлсэн үгийг гуйвуулж, Энэтхэгт буй иргэдийг татан авахгүй мэтээр мэдээлэл цацагдснаар өнөөх л төрдөө буруугаа чихэж, төрөө харааж зүхдэг муухай монгол зан цухуйсан.

Мөн 86 настай иргэнийг хүний нутагт орхилоо ч гэж нийгмийн сүлжээнд шүүмжилсэн нь саяхан. Үүнийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тайлбарлахдаа “Албан ёсоор 86 настай иргэнийг авахгүй байна гэсэн асуудал үүсч байна. Энэ иргэнийг бид орхиогүй ээ. Тусгай үүргийн нислэгт хамрагдсан байгаа гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Гэхдээ 86 настай иргэнийг авчрахын тулд нислэгт хамрагдах ёстой байсан нэг хүнийг хасч байна. Өөрөөр хэлбэл, нэг хүнийг баярлуулаад, нөгөө хүнийг гомдоох ийм асуудал үүсч байна. Тусгай нислэгт багтах иргэдийг сонгох асуудал маш хүнд байна гэдгийг ойлгох хэрэгтэй” гэсэн юм. Мөн сүүлийн өдрүүдэд БНСУ-ын Элчин сайдын яамны гадна манай улсын иргэд эмх замбараагүй байдал үүсгэх, дипломат ажилтнуудын эрхэнд халдах, нэр төрийг гутаах үйлдэл гаргах болсныг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян тодотгож “Иргэддээ анхааруулж хэлэхэд Элчин сайдын яамны өдөр тутмын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах асуудлыг онцгойлон анхааруулж байна” гэж мэдэгдсэн билээ.

Угтаа бол өөрийнхөө бүхий л асуудлыг төрдөө чихэж, онгоц шувуу шиг нисээд ирэхийг хүлээж суух биш эх орондоо ирэх сонголт хийх эрх нь иргэдэд нээлттэй байгаа. Хэрэв Энэтхэгт “гацсан” бол БНСУ руу дамжвал эх орондоо ирэх боломжтой гэдгийг ч Шадар сайд Ө.Энхтүвшиний хэлсэн үгийг энд тодотгоё.

ОХУ-аас эх орондоо ирсэн иргэдийн тухайд ч бас ихэнх нь Франц, Итали зэрэг хоёр гурван улсаар дамжсан түүхтэй байсныг Эрүүл мэндийн яамнаас өмнө нь мэдээлж байсан. Энэ нь эх орондоо ирэх боломж, арга замаа өөрсдөө хайсны нэг жишээ нь. Нөгөө талаас, гадаад дахь монголчуудын хэлж ярьж байгаа шиг иргэдийнхээ дуудсан газарт нь онгоц шувуу шиг нисээд ирэх боломжгүй. Наанадаж аалзны тор шиг агаарын замаар Монгол Улсын агаарын тээвэр нислэг үйлдэх боломжтой бас боломжгүй урсгал гэж бий. Цар тахлын улмаас ихэнх улс орнууд хилээ хаасан хүнд нөхцөлд дуртай үедээ нислэг үйлдээд иргэдээ татан авах ямар ч боломжгүй. Хар ухаанаар бодсон ч энэ бол хэнд ч ойлгомжтой асуудал. Коронавируст халдварын үед Элчин сайд хоорондын харилцааны асуудал ч ээдрээтэй байгаа нь нууц биш. Тухайн улс орон онгоц газардах зөвшөөрөл өгөх үү үгүй юу гэдгийг манай улс дур мэдэж шийдэхгүй нь ойлгомжтой. Дээр нь, агаарын зам, олон улсын нислэг, цар тахлын үед иргэдээ татан авах уу үгүй юу гэдгийг улс хоорондын харилцан тохиролцож, хэлэлцсэний үр дүнд л шийдэгдэх асуудал.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч бас хэлсэн үгэндээ “Гадаадад амьдарч байгаа иргэддээ Ерөнхий сайдын хувьд миний сэтгэл маш их санаа зовж байна. Бид хязгаарлагдмал нөөцтэй, бүх улс орон руу онгоц нисгэх боломжгүй. Бүх иргэдээ татан авчирна гэж худлаа ярьж чадахгүй. Дэлхийн өнцөг булан бүрт асгасан шагай шиг тарсан 150-160 мянган монгол иргэд амьдарч байна” гэдгийг тодотгож байсныг эргэн сануулъя.

Харин ч коронавирусийн халдварын улмаас дэлхий нийтээр хилээ хааж, хөл хорио тогтоочихоод байхад манай улс иргэдээ татан авчирч байгаад нь хараах бус талархах учиртай. Тусгай үүргийн нислэг үйлдэх хоёрхон онгоцтой, тусгаарлах байр, эмнэлгийн хүрэлцээгээр бусад орнуудтай харьцуулахад ядруухан ч гэлээ өөрсдийн нөөц боломжийн хэрээр хоёрдугаар сарын 1-ээс хойш нийт 6599 иргэнээ татан аваад байна.

Нислэг үйлдэх боломжтой БНСУ, ОХУ, Япон зэрэг улсаас нийт тусгай үүргийн найман удаагийн нислэгээр 1800, хилийн боомтоор 2400 гаруй иргэн эх орондоо ирээд байна. Өнөөдөр ч бас долоон улсаас тусгай үүргийн нислэгээр 273 иргэнээ татан авчирна.

Цар тахлын үед гадаададын улс орнуудаас иргэдээ татан авч буй цөөхөн улс орнуудын нэг нь Монгол Улс. Коронавирусийн халдварын тоо 38 болж, тээвэрлэгдэж ирсэн ч бас Засгийн газар, Улсын онцгой комисс үе шаттайгаар иргэдээ татан авна. Энэ үйл ажиллагаа тасалдахгүй гэж өчигдөр мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн 35 орноос 9900 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ өгчээ. Цаана нь өчнөөн иргэд буцах хүсэлтэй байгаа нь тодорхой.

Энх цагт  эх орон чинь нэг ч иргэнээ хүний нутаг руу "хөөж" явуулаагүй. Хүнд хэцүү нөхцөлд эрсдлээ үүрээд ч хамаагүй эх орон чинь та бүхнийг тээж авчирч байгааг Монголд батлагдсан тохиолдлуудаас харж болно. Цаашид ч бас гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол нэмэгдэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс улсынхаа шийдвэрийг дагаж, хүндэтгэлтэй хандацгаая. Дэлхийн хаана ч байсан бид нэг л улсын иргэд.

 

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
185
ЗөвЗөв
17
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж