Хил хаагдсан гэх шалтгаанаар ногооны үнэ нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.04.30-нд нийтлэгдсэн

Хил хаагдсан гэх шалтгаанаар ногооны үнэ нэмэгджээ

Хил хаагдсан гэх шалтгаанаар ногооны үнэ нэмэгджээ

Шатахууны үнэ төрлөөсөө хамаараад 183-309 төгрөгөөр буурсан ч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орсонгүй. Татварын өөрчлөлт, шатахууны үнийн өсөлт, валютын ханш жаахан чангарахыг анаж байсан юм шиг бараа, бүтээгдэхүүний үнээ нэмчихдэг наймаачид энэ бүхэн буурахаар нь дагаад үнээ буулгадаг нь ховор. Бараг үгүй дээ.

Тодруулбал, Нийслэлийн статистикийн газрын өчигдрийн /2020.04.29/ судалгаанд таван нэрийн барааны үнэ өссөн хэмээн дурджээ. Үүнд “Алтан тариа” дээд гурил, үхрийн цул мах, болон  байцаа, манжин зэрэг багтжээ.

  • Нэг килограмм байцаа дөрөвдүгээр сарын 10-нд 1945 төгрөг байсан бол дөрөвдүгээр сарын 29-нд 2455 төгрөг
  • Нэг килограмм манжин дөрөвдүгээр сарын 10-нд 2056 төгрөг байсан бол дөрөвдүгээр сарын 29-нд 2156  төгрөг болжээ. 

Тиймээс хүнсний ногоо ямар үнэтэй, ямар шалтгаанаар үнийг нь нэмж байгааг тодруулахаар томоохон зах, худалдааны төвөөр орлоо. Ихэвчлэн хотын төвийн оршин суугчид үйлчлүүлдэг “Меркури” худалдааны төвд 13.00 цагийн үед очиход  хөл хөдөлгөөн багатай, зарим худалдагч “50, 100 төгрөг хямдруулаад аваарай” гэсээр угтсан юм. Харин иргэдийн дунд “Өргөн хэрэглээний барааны  үнэ ингэж өсөөд байвал юугаа идэж ууж, яаж амьдрах юм бэ” гэсэн яриа хөврөх аж.

“ХЭЗЭЭ ИЙМ ҮНЭТЭЙ БОЛЧИХОВ”, “САЯХАН Л ТЭД ГЭЖ БАЙСАН БИЗ ДЭЭ”

Бид юуны түрүүнд хүнсний ногооны тасгаар орж, хүмүүсийн өргөн хэрэглэдэг ногооны үнийг тодрууллаа. Худалдагчдын лангуун дээр  лууван, байцаа, төмснөөс гадна өргөст хэмх, улаан лооль, салатны навч, вандуй, бууцай, хулуу, гоньд зэрэг  нарийн ногоо  өнгө алаглан харагдана. Хаалгатай ойрхон захын  лангуун дээр монгол төмс нэг килограмм нь 1200, лууван 2000, манжин 4000, байцаа 2500, сонгино 6000 мянган төгрөгийн үнээр зарж байв. Харин жаахан цаашлаад өөр лангууны худалдагчаас ногооны үнэ лавлахад монгол байцаа нэг килограмм нь 3500, хятад байцаа 2000, хятад сармис төрлөөсөө хамаараад  нэг килограмм нь 8000-25000 төгрөгөөр зарж  байгаа бол монгол сонгино 6500 мянган төгрөг байна.

“Монгол сонгино үнэтэй зарагдаж байгаа нь нөөц дууссан учраас,  Хятад сармисны үнэ өссөн нь хил, гааль хаасантай холбоотой. Цаанаасаа их өндөр үнээр ирж байгаа” гэх тайлбарыг тэд хэлж байсан юм.  

Анзаараад байхад  нарийн ногооноос бусад хятад ногоо зах зээлээс шахагдаж монгол ногоо эргэлтэд орж эхэлжээ. Ногооны тасгаар явж буй хүмүүс “Ямар үнэтэй юм бэ”, “Хэзээ ийм үнэтэй болчихов”, “Саяхан л тэд гэж байсан биз дээ” гэх мэтээр уулга алдсаар аргагүйн эрхэнд хоногийн хоолны ногоогоо авч байгаа харагдана.  Харин худалдагч нар “Үнэтэй гэж байгаа бол хятад ногоо авч болно шүү дээ” гэх нь сонсогдоно.

МОНГОЛ, ХЯТАДЫН  НОГОО 1000-2000 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЗӨРҮҮ  ГАРДАГ

Худалдагч эмэгтэй  хэлэхдээ “Монгол жилийн дөрвөн улиралтай учраас ногоо тарихад их хэцүү. Мөн тарьсан ногоогоо хураах зоорь, сав ч ховор. Тиймээс л хятад ногооноос үнэтэй зарагддаг. Иргэдийн хувьд яахын аргагүй  монгол ногоог үнэтэй байна гэдэг л дээ. Ер нь монгол, хятадын бүх  л ногоон дээр 1000-2000 мянган төгрөгийн зөрүү  гардаг” гэв. Шинэ ургацын ногоо гараагүй, нөөц бага байгаа учраас ногооны үнээ нэмсэн гэдэг тайлбарыг худалдагч нар хэлсэн юм.

Тэд цаашид ч дахин нэмж магадгүй гэдгийг тодотголоо. Монгол, хятад ногооны үнэ тэнгэр газар шиг зөрүүтэй. Монгол ногоо хэрэглэх хүсэл, байв ч тэнгэрт хадсан үнийг нь дийлэхгүй учраас яах аргагүй хятад ногоо сонгох хүн ч цөөнгүй харагдаж байв.

“Меркури” худалдааны төвөөс гараад  “Барс” захын ойролцоох бөөний худалдааны төвөөр ороход  монгол байцаа нэг килограмм нь 1800, сонгино 1500, лууван 1500, төмс 900 төгрөгөөр  зарагдаж байв.

Харин “Барс” зах дотор  монгол төмс нэг килограмм нь 900, байцаа 3500, хятад байцаа 1600, шар манжин 4000, улаан нь 2500, монгол сонгино 5500, орос сонгино 3000, хятад сонгино  нэг килограмм нь 10.000, буриад үрийн шар төмс 1100, лууван  1500 төгрөгөөр  тус, тус зарагдаж байна. “Одоо хүнсний ногоо  үнэд ордог цаг. Угаасаа нөөц багасаад эхэлсэн.  Шинэ ургац хүртэл ногооны үнэ өснө. Монгол сонгино гэхэд өмнө нь 3500 төгрөг  байсан бол одоо 6000 төгрөг болсон. Огцом өссөн шүү дээ” хэмээн худалдагч хэллээ.  Шинэ ургацыг хүлээх зуур хуучин ногооны үнэ өдөр бүр нэмэгдэх шинжтэй. Чухам хэд хүрэх нь худалдаачдын таалал бололтой. Худалдаачид шинэ ургацын ногоо гарахыг далимдуулан цаашид үнээ улам өсгөсөөр байх нь.

Үүнээс харахад импортын хүнсний бүтээг­дэхүүний хэмжээ буурснаар үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэх­үүний эрэлт сайжрах боловч нөгөө талдаа хүнсний ногоо ялангуяа улирлын чанартай хүнсний ногооны үнэ өсч, хэрэглэгчдэд үнийн дарамт нэмэгдэх төлөв ажиглагдаж байна.

Уг нь төрийн түрийвчин дэх мөнгөний талыг хувийн хэвшлийнхэн бүрдүүлдэг атлаа өнөөдрийг хүртэл өргөн хэрэглээний барааны үнэ өслөө хэмээн дуугарч, гоншигнож байсангүй. Тэр хэрээр өссөн өртөгтэй бараа, бүтээгдэхүүн худалдан авч, хойд хормойгоороо урд хормойгоороо нөхсөн амьдрал нь яг хэвээр. 

Тэгвэл хүнсний ногооны импортын татварыг нэмэгдүүлснээр гадаадаас худалдан авч буй бүтээгдэхүүний үнэ өсөн, зах зээл нь хумигдан, дотоодын үйлдвэрлэгч, газар тариалан эрхлэгчдийг дэмжинэ хэмээн ХХААХҮЯ-ныхан тооцжээ.

ДОТООДЫН ХАНГАМЖ ААЖМААР ӨРГӨЖИН, ЯВААНДАА ХҮНСНИЙ ЗАРИМ НОГООНЫ ИМПОРТ ТЭГЛЭГДЭХ БАЙХ

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжил, бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун:

-Хүнс үйлдвэрлэлийн салбар дахь импортын хамаарлыг бууруулах, эх орны бүтээгдэхүүнээр зах зээлээ хангахад дэмжлэг үзүүлэх нь төрөөс баримтлах үндсэн бодлого. Манай улс төмс, лууван, шар манжинг дотоодоосоо бүрэн хангадаг. Харин бусад төрлийн болон нарийн ногоо, жимс, жимсгэнийн нийт хэрэглээний 70 орчим хувийг импортолдог. Ер нь бүх төрлийн таримлын ургацыг өсгөх зорилгоор энэ онд улсаас жилийн гурван хувийн хүүтэй, 150 тэрбум төгрөг олгох юм. Үүний зэрэгцээ аж ахуйн нэгжүүдэд өвлийн хүлэмж барих дэмжлэг үзүүлж, ийм хүлэмж бүхий талбайн хэмжээг 20 га-гаар нэмнэ. Ингэснээр өвлийн хүлэмжийн одоо ашиглаж буй хэмжээг бараг хоёр дахин тэлэх юм. Гэхдээ татвар нэмсэн даруйд гадаад худалдан авалт багасч, үндэсний үйлдвэрлэгчдийн тариалалт, нийлүүлэлт өснө гэж болохгүй. Дотоодын хангамж аажмаар өргөжин, яваандаа хүнсний зарим ногооны импорт тэглэгдэх байх” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж