Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив

Хуучирсан мэдээ: 2015.12.04-нд нийтлэгдсэн

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.12.04/ Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа.

250 гаруй салбар хуулиудын нийтлэг асуудлуудыг нэгтгэн зохицуулсан, захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаарх Захиргааны ерөнхий хуулийг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр баталсан. Уг хуулиар захиргааны байгууллага, түүний үйл ажиллагааны хэлбэр, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа, захиргааны байгууллагын шийдвэр гүйцэтгэл зэрэг нийтлэг харилцааг зохицуулснаар одоогийн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас материаллаг эрх зүйн зохицуулалтыг хасах, ингэснээр процессын хуулиар зөвхөн захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулах шаардлага үүссэн болохыг Улсын Их Хурлын даргад танилцууллаа. Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан захиргааны шүүхийн хяналтын хүрээг нэмэгдүүлэх, хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогт тохирсон зохицуулалтыг шинээр оруулах, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэх асуудлыг хуульчлах, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай, тасралтгүй явуулах зэрэг шаардлагын үндсэн дээр 16 бүлэг, 138 зүйлтэй хуулийн төслийг боловсруулжээ.

Түүнчлэн захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдаж нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд болон уг хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс