Цементийн нөөц тасарвал бүтээн байгуулалт зогсоно

Хуучирсан мэдээ: 2020.04.30-нд нийтлэгдсэн

Цементийн нөөц тасарвал бүтээн байгуулалт зогсоно

Цементийн нөөц тасарвал бүтээн байгуулалт зогсоно

Долоон жилийн өмнө манай улс барилгын материалынхаа 90 орчим хувийг импортоор хангадаг байлаа. Манай цементийн зах зээлийг Хятадын үйлдвэрлэгчид атгаж байсан үетэй харьцуулахад одоо үндэсний үйлдвэрлэгчид дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болсон. Үндсэндээ монгол, хятад цементийн эрэмбэ, солигдоод буй.

Бүтээн байгуулалтын “талх” гэгддэг  цементийн жилийн хэрэгцээ улсын хэмжээнд хоёр сая тонн.  Харин дотоодын үйлдвэрүүдийн хүчин чадал дөрвөн сая орчим тонн хангалттай давж байгаа тул цаашлаад монгол цементийг экспортлохоор үйлдвэрлэгчид том амбийц тээж байсан нь саяхан.  Өөрөөр хэлбэл, “талх”-ны нөөцөө хангалттай бүрдүүлж, дотоодын хэрэгцээний 90 хувийг хангаж буй МАК, “Монцемент БМ” ХХК, “Хөтөлийн цемент” ХХК зэрэг томоохон дөрвөн цементийн үйлдвэр тус бүртээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай гэхээр хамгийн багаар бодоход 4.2 сая тонн цемент үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадал бий гэсэн үг.

Барилгын материалын 2030 он хүртэлх хэрэгцээг “Барилга.мн” тооцоолон судалснаар цемент улсын хэмжээнд 2.6 дахин нэмэгдэж, 3.4 сая тонн болох төлөвтэй гэж үзжээ. Гэтэл дэлхий нийтийг нөмөрсөн цар тахлын улмаас аж үйлдвэрлэлийн логистик сүлжээнд доголдол үүсч, олон оронд Хятад улстай үйлдвэрлэл, худалдааны шууд хамааралтай аж үйлдвэрлэл доголдож, зогслоо. Үүнд манай улс ч бас хамаатай.

Худалдаа аж аж үйлдвэрлэлийн олон салбарт урд хөрштэй хамтран ажилладаг монголчуудын хувьд цар тахал том цохилт болж, аж ахуй нэгжүүд үүдээ барих нь барьж, ихэнх нь орлого буурахад хүрсэн нь нууц биш. Цемент үйлдвэрлэгч томоохон компаниудад ч бас коронавирусийн сөрөг нөлөө мэдрэгдэж эхэлжээ. Бүтээн байгуулалтын улирал эхэлсэн ч цементийн үйлдвэрүүд хорио цээрийн улмаас түүхий эдээ татан авах, нийслэл дэх цементийн нийлүүлэлт зогсох, эрэлтээ давж чадахгүй байх зэрэг асуудлаас үүдэн борлуулалт ч бас тодорхой хувиар буурсан байна.

Үндэсний үйлдвэрлэгчдийн томоохон төлөөлөл болох Монцемент үйлдвэр нь жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Цар тахлаас үүдэн хорио цээрийн дэглэм тогтоосон учраас үйлдвэрийн хүчин чадлын 30 хувиар ажиллаж байгаа. Ингэхдээ ажилчдын хоорондын зайг 1,5-2 метрт барих, хүүхэдтэй ажилчидаа гэрээс нь ажиллах байдлаар зохицуулжээ.

Нөгөө талаас Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хөл хорионы арга хэмжээг шат дараалан хэрэгжүүлсэн. Үүний нэг нь хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гурав, дөрөвдүгээр сард хоёр ч удаа хязгаарласан нь цементийн нийлүүлэлт тасрахад хүрч, борлуулалт тодорхой хэмжээнд буурахад нөлөөлжээ. Дээр нь барилгын салбарт бас хямрал нүүрлэсэн нь үйл ажиллагаа доголдох, борлуулалт буурах нэг шалтгаан болсон гэж Монцемент компанийнхан үзэж байгаа юм байна. Тус компанийн зүгээс одоогоор үйл ажиллагаа бүрэн жигдрээгүй тул нийлүүлэлтээ 100 хувь хангаж чадахгүй байгаа гэх тайлбарыг өгсөн билээ. Хэрэв цаашид коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрвэл Монцемент компани үйл ажиллагааныхаа хүчин чадлаа бууруулж ажиллахаар төлөвлөжээ.

БНХАУ-д дэгдэж, дэлхийн 213 улсад зөөвөрлөгдсөн коронавирусийн халдварын сөрөг нөлөө ийнхүү үндэсний үйлдвэрлэгчид томоохон сорилт болоод байна. Зөвхөн Монцемент ч биш бусад цементийн үйлдвэрүүдэд ийм асуудал үүссэнийг үгүйсгэх аргагүй.

Хэдийгээр МАК евро цемент үйлдвэрийн тухайд үйл ажиллагаа болон борлуулалт буураагүй гэх тайлбарыг өгч байгаа ч цар тахлын хямрал зөвхөн тус компанийг тойрч өнгөрөөгүй биз ээ. Наад зах нь хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахад л нийлүүлэлт тасарч, эрэлт ихсэхэд хүрнэ. Энэ мэтчилэн коронавирусийн халдварын дэгдэлт, сөрөг нөлөө нь үндэсний үйлдвэрлэгчдэд том сорилт болсон тул сүүлийн үед цементийн эрэлт нь ихэссэн ч нийлүүлэлтээ 100 хувь хангаж чадахгүйд хүрсэн гэх мэдээлэл  байна. Мэдээж үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг үгүйсгээгүй ч халдварт өвчний сөрөг нөлөө бүтээн байгуулалтад чөдөр болж барилгын салбар, цементийн үйлдвэрүүдэд том цохилт болсон гэхэд хилсдэхгүй биз ээ. Хэрэв муугаар бодоход нөхцөл байдал хүндэрч "талх"-ны нөөц тасрахад хүрвэл бүтээн байгуулалт зогсох, улмаар хуурамч цементийн асуудал дахин сөхөгдөхийг ч үгүйсгэх аргагүй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж