Орчин цагийн цахим уурхайн мөнгө олборлогч

Хуучирсан мэдээ: 2020.04.30-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Орчин цагийн цахим уурхайн мөнгө олборлогч

Орчин цагийн цахим уурхайн мөнгө олборлогч

"NEWS” агентлаг энэ долоо хоногийн “Хүмүүс” булангаараа Youtube дээр 104 сая дагагчидтай Шведийн ютубер PewDiePie буюу Феликс Арвид Ульф Чельбергийг танилцуулж байна.


Техник технологийн эрс шинэчлэлт гарсан 21-р зуунд хүүхэд бүрийн мөрөөдөл цагдаа, компанийн захирал, ерөнхийлөгч, гал унтраагч байх аа больжээ. Тэдний мөрөөдөл ютубер эсвэл инстаграмын од байхыг хүсч хэрэглээгээ даган хувьсан өөрчлөгдсөн байна. Феликс Арвид Ульф Чельберг 21-р зууны хүүхэд залуусын мөрөөдлийн ажлыг хийж, хүслээрээ амьдарч буй Шведийн ютубер залуу юм. Тэр бол өнөө цагийн хүүхэд залуусын жинхэнэ роль модель болсон хүн.

БАГА НАС

“PewDiePie”-ийн жинхэнэ нэрийг Феликс Арвид Ульф Чельберг гэдэг бөгөөд Шведийн Готенбург хотод 1989 оны аравдугаар сарын 24-нд төрж өссөн энэ жил 31 нас хүрэх авьслаг залуу. Фанни хэмээх нэг эгчтэй тэрбээр багаасаа л урлаг болон видео тоглоомонд сонирхолтой нэгэн байжээ. Түүний ээж Лотта Кристине Йоханна 2010 оны Шведийн оны шилдэг мэдээллийн технологийн дарга болж байсан учир багаасаа л Феликс компьютер, цахим ертөнцтэй ойр өсчээ.

Харин түүний аав Ульф Кристиан Чельберг бизнесмен төдийгүй нэгэн компанийн удирдах зөвлөлийн гишүүн аж. Ахлах сургуульдаа фотошоп болон видео тоглоомын сайхныг мэдэрсэн Феликс хичээлээ таслан компьютер тоглоомын газар ихэнхи цагаа өнгөрөөдөг байлаа. Сонирхлоо даган Чалмерсийн технологийн их сургуульд элсэн орсон боловч судлаж байгаа хичээлүүд нь дэндүү уйтгартай байна хэмээн үзэж Youtube дээр өөрийн сувгаа нээж, үүндээ илүү их цагийг зарцуулахыг хүсчээ.

ДУРТАЙ ЗҮЙЛЭЭРЭЭ МӨНГӨ ОЛЖ ЭХЛЭВ

 Феликс үнэндээ 2006 онд “PewDie” хэмээх нэрээр Youtube дээр суваг нээсэн боловч нууц үгээ мартсан учир 2010 онд “PewDiePie” гэх шинэ нэрээр шинэ суваг нээжээ. Түүнийг их сургуулиа хаяхад ээж аав нь ч түүнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ больжээ. Ийнхүү мөнгө олохын тулд Феликс фотошопоор янзалсан зургуудаа зарахаас гадна хот догийн газар ажилладаг болсон байна.

PewDiePie гэдэг нэрийн үүсэл нь Pew буюу буу эсвэл лазернаас гардаг чимээ, Die нь үхлийг илтгэж буй, Pie нь түүний дуртай амттан болох бялуу аж.

Гэвч тэрбээр нэг л өдөр видео тоглоомын бичлэг хийдэг хүн байхгүйг анзаарчээ. Энэ тухайгаа ярихдаа “ Би өөр олон төрлийн бичлэг хийдэг алдартай хүмүүсийг мэддэг байсан л даа. Гэвч тэдэн дотор видео тоглоомын бичлэг хийдэг алдартай хүн байгаагүй. Үүнийг хийгээд мөнгө олдог ч гэж би мэдээгүй. Энийг хийх гэж ч би сургуулиа хаяагүй. Зүгээр л миний хийх дуртай зүйл байсан юм” хэмээжээ. Ийнхүү дуртай зүйлээ тултал нь хийдэг болсон тэрбээр 2013 онд 4 сая ам.долларын хөрөнгийг цуглуулж чаджээ. Түүнд энэ их мөнгө орж ирэх үүд хаалгыг Maker Studios нээж өгсөн юм. 2012 онд  Maker Studios нийтийн сүлжээнд олны анхаарлын төвд байгаа "PewDiePie"-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, гол түнш нь болжээ.

Хожмоо Maker Studios компанийг Уолт Дисней худалдан авсан юм. Тухайн үед тус компани нь дэлхий даяар мянга гаруй сувгуудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан байжээ.

PewDiePie эхэндээ аймшгийн болон адал явдалт видео тоглоом голчлон тоглож тайлбарладаг байжээ. Мөн Minecraft, Call of Duty, Amnesia: The Dark Descent гэх тоглоомууд дээр төвлөрч стриймин хийдэг болсны хажуугаар 2011 оны есдүгээр сарын 2-ноос эхлэн долоо хоног бүр “Fridays with PewDiePie” гэх өөрийн влогоо цацаж эхэлжээ. Энэ нь ч өгөөжөө өгч түүний Youtube суваг 2011 оны арванхоёрр сар гэхэд 60 мянган дагагчидтай, 2012 оны тавдугаар сарын 09-нд 500 мянган дагагчидтай, 2012 оны долдугаар сард 1 сая дагагчидтай, 2012 оны есдүгээр сард 2 сая дагагчидтай тус тус болж OpenSlate сайтын гаргасан судалгаагаар Youtube платформын номер нэг суваг болж чадсан байна.

ДЭЛХИЙ ТҮҮНИЙГ МЭДДЭГ БОЛОВ

2013 оны хоёрдугаар сарын 18-нд 5 сая дагагчидтай болсон Феликс тус оныхоо дөрөвдүгээр сард дэлхийн томоохон өдөр тутмын сонин болох Нью-Йорк Таймсын нүүрийг чимэв. 2013 он бол Феликс Арвид Ульф Чельберг хэмээх ажилгүй компьютерийн ард суудаг залуугийн дэлхийд өөрийгөө таниулсан жил байлаа. Тус ондоо л гэхэд тэрбээр “Шведийн олон нийтийн сүлжээний од”, “Олон нийтийн сүлжээний хамгийн алдартай од”, “Youtube дээрх хамгийн их дагагчидтай болсон хоёрдахь хүн”, мөн тус оныхоо наймдугаар сарын 15-ны өдөр Youtube дээрх дагагчдынхаа тоогоор Smosh сувгийг гүйцэж, хамгийн дагагчидтай ютубер болж “Гиннесийн ном”-нд бичигдсэн. Түүний амжилт зүгээр л гэрлийн хурдаар явагдаж байлаа. Сар, өдөр бүр дагагчид, үзэгчдийнхээ тоогоор “Youtube”-ийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоож, дэлхий даяарх залуу үеийнхэнд нөлөөлөл үзүүлж байсан гэхэд хилсдэхгүй ээ.

2014 оны арванхоёрдугаар сард түүний сувгийн нийт бичлэгийн үзэлт 7 тэрбумд хүрсэн бол 2015 оны долдугаар сар гэхэд сар бүр 300 сая гаруй хандалтыг бичлэгүүд нь авдаг болов.

T-SERIES VS PEWDIEPIE

2018 оны аравдугаар сарын 5-нд PewDiePie Энэтхэгийн хөгжмийн T-Series хэмээх Youtube сувагтай дайн зарлаж “TSERIES DISS TRACK” хэмээх дуу гаргажээ. Учир нь T-Series хөгжмийн суваг нь “PewDiePie”-ийг Youtube платформ дээр дагагчдынхаа тоогоор гүйцэх зорилт тавьсан аж. Феликс тэдэнд зориулж дуу гаргаснаас гадна хуурамч хаяг ашиглаж дагагчдынхаа тоог нэмж байна хэмээн “T-Series”-ийн эсрэг шүүхэд зарга мэдүүлжээ.

Харин T-Series өөрсдийнх нь эсрэг гаргасан дууг арьс өнгөний үзэл хэт их агуулсан хэмээн Энэтхэгийн дээд шүүхэд хандсан байна. Гэвч тэдний тэмцэл үүгээр дууссангүй. 2019 оны гуравдугаар сарын 12-нд PewDiePie өөрийн Pew News мэдээ хүргэдэг бичлэгээрээ Энэтхэгийн 40 цэрэг Пакистаны жихадист бүлгийн гишүүнийг хороосны мэдээлжээ. Энэхүү аллагын дараагаар T-Series өөрсдийн Youtube сувгаасаа Пакистаны уран бүтээлчдийн дууг устгаснаар Пакистаны Youtube хэрэглэгчид “PewDiePie”-ийг дэмжих нь улам бүр нэмэгджээ. Энэ бүх хэрүүл, тэмцлийн дараа T-Series санасандаа хүрч дагагчдынхаа тоогоор “PewDiePie”-ийг гүйцэж Youtube дээр хамгийн их дагагчидтай суваг болов. Үүнийх нь хариуд Феликс “Congrulations” гэх ёжилсон дуу гаргаж, хариу барив. Бүх юм ингээд дууссан гэвэл үгүй. Удалгүй T-Series Энэтхэгийн шүүхэд дахин гомдол гаргаж  “TSERIES DISS TRACK” болон “Congrulations” дууг Youtube платформоос бүр мөсөн устгах хүсэлтээ гаргасан байна. Тэдний хамгийн гол ялалт нь “PewDiePie”-ийн бичлэгүүдийг Энэтхэгт хориглохыг хүсч энэ нь ч хуулийн дагуу зөвшөөрөгджээ.

АМЖИЛТЫН ОРГИЛД ХҮРЧ, ТҮР ЗАВСАРЛАВ

Ютубер болсон эхэн үедээ өдөр бүр Minecraft тоглож олонд танигдсан Феликс сүүлийн жилүүдэд хамгийн дуртай видео тоглоомоо тоглох нь багасч бусад төрлийн бичлэгүүддээ илүү их цаг гаргадаг болжээ. Тэрбээр “Хэрэв Minecraft уйтгартай болж эхэлвэл би өөр бусад зүйл рүү шилжих хэрэгтэй шүү дээ” хэмээжээ. Мөн Феликс зөвхөн Minecraft ютубер байхыг хүсдэггүй гэжээ. 2019 оны наймдугаар сарын 25-нд Феликс Арвид Ульф Чельбергийн 9 жил ажиллуулсан PewDiePie суваг нь Youtube платформ дээр 100 сая дагагчидтай болсон “T-Series”-ийн дараа орох хоёрдахь суваг болжээ. Харин ганцаараа сувгаа ажиллуулдаг хувийн анхны 100 сая дагагчидтай болсон Youtube суваг болсон байна. 2019 оны 12-р сарын 14-нд Феликс “Youtube”-ээс завсарлага авч буйгаа зарласан юм. Тэрбээр өөрийн албан ёсны Twitter хаягаа устгаж, 2020 оны нэгдүгээр 15-наас эхлэн амралтаа авсан. Түүний энэхүү шийдвэр дэмжигч, фэнүүдийнх нь хувьд харсан дарсан зүүд мэт санагдаж байжээ. Гэвч “Youtube”-ээс төрсөн ютубер маань удалгүй буюу 2020 оны хоёрдугаар сарын 21-нд зургаан өдрийн дараа эргэн ирсэн. PewDiePie одоогийн байдлаар Youtube дээр 104 сая дагагчидтай, 4.1 мянга гаруй бичлэгтэй. Түүний оруулсан нэг бичлэг 24 цагийн дотор 3 сая хандалтыг авдаг гэж бодохоор түүнийг ямар гайхалтай хүн гэдгийг мэдэж болно.

КОМПЬЮТЕРИЙН АРААС ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛЖ БУЙ НЭГЭН

“PewDiePie”-ийн нийт хөрөнгө 2020 оны байдлаар 30 сая ам.доллар. Тэрбээр Youtube платформ дээр оруулсан бичлэг бүрийнхээ нэг минутаас 3,319.71 ам.доллар олдог тухай businessinsider сайт мэдээлсэн бол ивээн тэтгэгч байгууллагууд болох Volvo, Huawei, LG зэрэг компаниудтай сая сая ам.долларын гэрээтэй ажилладаг гэнэ. Харин үзэгч, фэнүүдийнх нь насны хувьд 18-24 насныхан 44 хувийг нь эзэлдэг бол 13-17 насныхан 28 хувийг, 35-65+ насныхан 17 хувийг, үлдсэн хувийг нь 25-34 насныхан эзэлдэг байна. Хамгийн маргаантай зүйл нь Google компани "Youtube"-д бүртгүүлэх насны доод хязгаарыг 13, Европын зарим улсуудад насны доод хязгаарыг 16 хүртэл хязгаарладаг учир энэхүү судалгааг үнэн зөв болоход ихээхэн нөлөө үзүүлжээ. Албан ёсны судалгаагаар түүнийг ес хүртэлх насны хүүхдүүд үздэггүй бол албан бус судалгаагаар 0-65 сая ес хүртэлх насны хүүхдүүд түүнийг үздэг тухай dexerto.com сайт мэдээлсэн. Гэр бүлийн хувьд түүний эхнэрийг влоггер Марзиа Бизонин гэдэг бөгөөд хосууд 2011 оноос хойш болзож 2019 оны наймдугаар сарын 19-нд гэрлэсэн аж. Фэнүүд нь тэднийг “Youtube”-ийн хамгийн хүчирхэг хослол гэж үздэг. Сонирхуулахад хосууд маань хоёр нохойн хамт амьдардаг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж