"Бидний хэдэн нөхөд ус руу үсрээд орчихсон, живэх нь живсэн"

Хуучирсан мэдээ: 2020.04.30-нд нийтлэгдсэн

"Бидний хэдэн нөхөд ус руу үсрээд орчихсон, живэх нь живсэн"

"Бидний хэдэн нөхөд ус руу үсрээд орчихсон, живэх нь живсэн"

Монголын банкны холбооны ерөнхийлөгч, Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.  


 ОЙРЫН ИРЭЭДҮЙД САНХҮҮГИЙН НЭЛЭЭН ГҮН ХЯМРАЛ БОЛЖ МЭДНЭ

 -Дэлхийд тархсан цар тахлын аюул Монголын банк, санхүүгийн салбарт хэр зэрэг хүнд тусч байна вэ?

 -Ер нь хэцүү байдал үүсгэж байна. Хугацаа хэтэрсэн зээл өмнөхөөсөө илүү их. Чанаргүй зээл нэмэгдэж байна. Зээлдэгч харилцагч нар маань зээлийн хугацаагаа сунгуулъя, хүүгээ тодорхой хэмжээнд бууруулж өгөөч гэсэн хүсэлтүүд байнга тавьж байна. Арилжааны 13 банк энэ чиглэлээр харилцагч, зээлдэгчдийнхээ зээлийн хугацааг сунгах, боломжоороо зээлийн хүүг нь бага зэрэг бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг шат дараатай авч, банк бүр харилцагч нартайгаа тулж ажиллаад явж байна.

-Нийгэмд цаашид эдийн засаг нэлээн хүндэрнэ гэсэн айдас байна. Цар тахалтай холбоотойгоор биднийг ойрын ирээдүйд юу хүлээж байгаа бол?

-Ойрын ирээдүйд санхүүгийн нэлээн гүн хямрал болно байх. Санхүүгийн хямралаас улбаалаад эдийн засгийн хямрал руу орно байх. Цаг хугацаа нь тодорхой биш учраас. Нэгэнт санхүүгийн хямрал, эдийн засгийн хямрал руу орчихоор цаашлаад нийгмийн хямрал руу орох магадлалтай гэж харж байна.

-Дэлхийн Төв банкууд эрсдэлээс хэрхэн сэргийлж байна вэ?

-Дэлхийн бараг бүх улс банкны хоёр шатлалтай тогтолцоотой. Нэг нь Төв банк гэж, мөнгө зээлийн бодлого явуулдаг, нөгөөх нь арилжааны банк гэсэн хоёр шатлалтай. Арилжааны банк нь компанитай адилхан ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Ресторан, дэлгүүр шиг өөрийнхөө бүтээгдэхүүнийг борлуулаад, зараад явж байгаа. Төв банк нь тухайн улсын мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг, мөнгө хэвлэдэг, мөнгөний нийлүүлэлт хийдэг төрийн институц. Тэгэхээр дэлхийн бүх орны Төв банк санхүүгийн болон эдийн засгийн энэ хямралын үед бодлогын хүүг бууруулах, арилжааны банкууддаа бага хүүтэй, урт хугацаатай мөнгөний нийлүүлэлт, санхүүжилт хийж байна. Тэр мөнгөөр нь арилжааны банкууд зээлдэгч – харилцагчдадаа үйл ажиллагааг нь зогсоочихгүйн тулд ажлын байраа хэвээр хадгалж үлдээлгэхийн тулд дамжуулан зээлдүүлж, тэр аж ахуйн нэгж, компаниудыг санхүү, эдийн засгийн хямралаас гаргах үйл явцад нь туслаж дэмжлэг үзүүлж байгаа юм.

-Та Монголын банкны холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш хагас жилийн хугацаа өнгөрчээ. Зээлийн хүү бууруулах арга хэмжээг цааш үргэлжлүүлж, цогц арга хэмжээ авч ажиллана гэсэн. Таны төлөвлөснөөр ажил урагшилж байна уу?

-Миний бие өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлчээр сонгогдсон. Санаснаар ажил урагшлаагүй гэж шууд хэлж болно. Яагаад гэхээр “Ковид”-ын улмаас цаг үеийнхээ асуудлуудтай улам илүү ажиллаж байна.

Зээлийн хүүг бууруулах асуудал нэлээн цогц, олон асуудлыг багтаасан, өргөн фронтоор хийх ажил байгаа юм. Тэрийгээ бид банкны холбооныхоо 2020 оны төлөвлөгөөнд тусгаж, тэрний дагуу мэргэжлийн зөвлөлүүд маань ажлаа бага багаар хийгээд явж байна.

Өнөөгийн өдөр тутмын нөхцөл байдалтай уялдуулаад энэ ажилдаа банкны холбоо гол анхаарлаа хандуулаад, долоо хоногт заримдаа нэг, хоёр удаа холбооны Удирдах зөвлөл хуралдах жишээтэй. Ингэж л үйл ажиллагаагаа явуулж байна.

"БОДЛОГЫН ХҮҮГ 5 ХУВЬ БОЛГОНО ГЭДЭГ ПОПУЛИСТ ҮГ БАЙНА"

-Зарим эдийн засагч бодлогын хүүг бүр 5 хувь хүртэл бууруулах боломжтой гэсэн байр суурь илэрхийлдэг. Яагаад бодлогын хүүг ийм хэмжээнд бууруулж болдоггүй юм бэ?

-Бодлогын хүүг үү, чээжний пангаар хэлсэн тоо байна. Ямар ч тооцоо судалгаагүй, популист маягаар хэлсэн үг гэж хэлье. Хэрвээ 5 хувь болгон бууруулчихвал нөгөө талд нь ам.долларын эсрэг төгрөгийн ханшаа алдчихна. Үндэслэлгүй л яриа байна.

-Түүхэндээ мөнгөний бодлогын хүү бүр тэр орчимд буурсан тохиолдол бий юү?

-Бодлогын хүү хамгийн багадаа 2006 онд 6.40 хувь, хамгийн өндөр нь 2012 онд 15,47 хувь болж байсан бол өнөөдөр (2020.04.30) 9 хувьтай байна.

-Бодлогын хүү 15 хувь болж өсөхөд гол нөлөөлсөн хүчин зүйл юу байсан бэ?

-Инфляци их байсан нь нөлөөлсөн дөө.

-Төв банк арилжааны банкуудын санал зөвлөмжийг тэр бүр тоож авч хэлэлцдэггүй гэж Та банкир, сэтгүүлчдийн уулзалт дээр дурдсан. Монголбанк арилжааны банкуудтайгаа хэр нягт уялдаа холбоотой ажилладаг вэ?

-Товчоор хэлбэл, санасанд хүрэхгүй л байна. Мэдээж бид Монголбанкиндаа л асуудлаа тавьж ханддаг. Асуудал шийдэж байгаа нь санасанд хүрэхгүй байна. Зарим үр дүн гарч байгаа ч “Яст мэлхий”-н хурдаар явж байгаа гэж хэлэхэд болно.

-Та банк, санхүүгийн байгууллагад 30 гаруй жил ажилласан туршлагатай. Энэ салбарт дутагдалтай, өөрчилмөөр ямар асуудал байна вэ?

-Зээлийн хүүг яаж хоёр оронтой тооноос нэг оронтой тоонд оруулах вэ гэдэг дээр л бүх талаас нь анхаарч ажиллах ёстой. Банкинд үйлчилж буй 60 орчим хууль дандаа зээлийн хүүг өндөр болгоход чиглэсэн, хураамж шимтгэл нь өндөр батлагдсан хуулиуд. 70 – аад заавар журам байна. Бас л банкуудыг өндөр ашигтай гэж хэлээд, хураамж шимтгэлийг нь чангатгасан. Банкууд дундаа хамтарч ATM-ын болон Пос – терминалын асуудлуудаа нэгтгэх, татварын орчин, Монголбанктайгаа яриад валютын дуудлага худалдаагаа зөв зохистой хийлгэх буюу ханшаа алдахгүй байх, инфляц яавал зохих түвшинд байх вэ, хадгаламжийн хүүгийн зардлыг яаж бууруулах вэ, муу зээлийг яаж бага хувьтай байлгах вэ, банкуудын үйл ажиллагааны зардлуудыг яаж буулгах вэ гэх мэтчилэн нэлээн олон асуудлыг цэгцтэй бодлого болгон төлөвлөж, зохион байгуулж, хэрэгжүүлж, ажил хэрэг болгох хэрэгтэй байна.

-Төр, засгийн бодлого шийдвэр хэр мэдрэмжтэй, оновчтой байсан бэ?

-Хуулиуд нь үндсэндээ батлагдаж мөрдөгдөж байгаа юм. Даанч тэдгээр хуулиуд нь банкуудын зардал өртгийг ихэсгэх, чангатгасан, хатуурхсан агуулгатай гарчихсан. Гэхдээ яах вэ, мэр сэр хуулиуд одоо шинээр нэг нэгээрээ батлагдах гээд хэлэлцүүлэг, төсөл нь бэлтгэгдээд явж байна. Тэр бол сайн. Банкны бүх талын үйл ажиллагааны асуудлуудыг цэгцэлсэн хуулиуд байх ёстой.

"1993 ОНД ЖИЛИЙН 300 ХУВИЙН ЗЭЭЛ ӨГДӨГ БАЙСАН"

-Та Монголд анх банк байгуулсан хүмүүсийн нэг. Тухайн үед банк байгуулахад хэцүү байсан уу?

-Бидний нөхөд 1990 оны 10 дугаар сарын 19-ний өдөр анх банк байгуулж байсан. Ямар ч хууль дүрэм, журам, заавар байгаагүй. Ус руу бүгдээрээ үсрээд орчихсон, живэх нь живсэн. 34 банк байгуулагдсанаас 21 нь татан буугдсан. Өөрсдөө заавар журмаа боловсруулаад, яваандаа Төв банк ч байгуулагдаж, хуулиудаа боловсруулаад, эмхлэгдээд, цэгцлэгдээд, жигдэрсхийгээд явж байна. Илүү сайжруулах хэрэгтэй. Нэг амжилтаас дараагийн амжилт руу тэмүүлэх ёстой.

-Гэхдээ тэр үед хүмүүс нэг их зээл авдаггүй, харилцагч цөөхөн байсан болов уу?

-Тэр үед цалин, тэтгэвэр, картын зээл гэж байсангүй. Цөөхөн хэдэн байгууллага, Төмөр зам, МИАТ, ГОК гээд дөнгөж хувиараа байгуулагдаж байсан байгууллага, цөөхөн хүн зээл авдаг байсан болохоор хүртээмж нь болоод байсан. Одоо Улс даяараа зээл авдаг болоод ирсэн чинь хуримтлал багатай орон болохоор хүртээмж нь багасаад, хүү нь ч өндөрссөн. Гэхдээ буураад байгаа. 1993 онд жилийн 300 хувийн зээл өгдөг байсан бол одоо жилийн 16.60 (жигнэсэн дунджаар) хувийн зээл олгоод, буураад л байна. Банкууд аль болох зардлаа бууруулаад чардайгаад явж байгаа. Дээр хэлсэнчлэн одоо төрөөс нэг сайхан ивээд, дэмжээд өгвөл болчих гээд байна.

-Тухайн үед танай банк хэдэн ажилтантай байв?

-Анх бид 47-уулаа эхэлж байсан. Одоо 1920-иод ажилтантай, Монголдоо нэр хүнд бүхий компани болжээ, цаашдаа ч улам сайжрах байх.

-Монголд гадны банк орж ирснээр зээлийн хүү буурна гэдэгтэй Та санал нийлдэг үү?

-Хүү ялимгүй буурах болов уу. Гэхдээ эдийн засгийн үндэслэл байхгүй. Өнөөдрийн оруулж ирсэн нэг доллар нь жилийн дараа ханшийн алдагдлаас болоод тэр банкуудыг алдагдалд оруулна. Тухайн орны эдийн засгийн нөхцөл байдалд л тааруулж зээлийн хүү нь тогтоогддог. Нэг жишээ байна. Манай холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Амар ярьж байсан. Азийн хөгжлийн банк Олон улсын хөрөнгийн бирж дээрээс 0,47 гээд нэг хүрэхгүй хувьтай мөнгө босгосон гэж. Монголын инфляц, ханшийн зөрүү, бодлогын хүү, хадгаламжийн хүү гээд бүгдийг тооцоход 13 хувиас доошоо манай Монгол улсад зээл өгч чадахгүй болчихоод байсан. Хүмүүс тооцоо судалгаа, үндэслэлгүй юм их яриад байдаг юм. Диваажинд орчих юм шиг л.

Хэрвээ Монгол орон яг Япон шиг хөгжилтэй байсан бол хөгжлийнхөө дагуу инфляц, зээлжих зэрэглэл, хадгаламжийн хүүгийн төвшин, бодлогын хүүгийн төвшин, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ зэргээс хамаарч, зээлийн хүү нь бага тогтоогдож таарна шүү дээ. Бизнес, эдийн засгийн багтаамж багатай манайх тэс өөр төвшинтэй хөгжиж байгаа. Япон бол бүр өөр.

-Тэд орж ирснээр арилжааны банкуудын өрсөлдөх чадвар сайжирна гэж үздэг шүү дээ?

-Тэр гарцаагүй байх аа. Банк гэдэг байгууллага аль XVI зууны 1500-гаад онд, Төв банк нь Шведэд 1668 онд байгуулагдсан. Тэгэхэд манайд Төв банк 1991 онд байгуулагдаж байсан. Сүүлд банк хөгжсөн болохоор хөгжлөөрөө олон зуун жил хөгжсөн улсуудын тэргүүний туршлага, ололт амжилтыг бид өөртөө шингээж, нэвтрүүлэх хэрэгтэй. Түрүү гарсан чихнээс сүүлд ургасан эвэр урт гэдэг бил үү? Манай банкуудын технологийн дэвшил хөгжил өнөөдөр дэлхийд гологдохооргүй хэмжээнд хөгжсөн.

"БИ НЭР ДЭВШИХГҮЙ"

-Ирэх оноос бондуудын эргэн төлөлт хийгдэнэ. Манай эдийн засагт тэдгээрийг төлөх боломж, чадамж бий юү?

-Боломж бий. Гэхдээ шинэ нөхцөл байдал нөлөөлөөд эхэллээ шүү дээ. Коронавирусийн улмаас бүх улсын эдийн засаг хүндрэлд орлоо. Гэхдээ хугацааг нь сунгах, хойшлуулах боломжууд байгаа. Дэлхий нийтээрээ л ойлгоно байх.

-Төсөв тодотгох шаардлагатай гэж их ярьж байна. Таны бодлоор тодотгосон нь зөв үү?

-Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас тэвчиж болох зардлуудыг тэвччих ээ гэсэн. Заавал сумын клуб, зарим нэг хөшөө дурсгалын зүйл бариад хэрэггүй. Тэдгээрийг тэвчиж болох байх. Тэр мөнгөө аж ахуйн нэгжүүд, иргэдээ дэмжихэд л зарцуулчих. Төсөв чинь өөрөө хязгаарлагдмал. Ямар гадны орнууд шиг баян цатгалан, хуримтлалын сантай улс биш.

Манайх “Чамлахаар чанга атга” гэгчээр бага ч гэсэн тэр тэвчиж болох зүйлүүдийг нь тэвчээд явсан нь зүйтэй байлгүй дээ. Бүх эдийн засагч тооцоо судалгаагаар нотолчихсон байна. Нэмж илүү юм яриад яах вэ.

-Та орон сууцны 8%-ийн зээлийг анхлан санаачилсан хүн. Одоо зорилтот бүлгийнхэн рүү чиглүүлээд, хүүг нь бууруулах боломжийг эрэлхийлвэл зүгээр санагддаг юм. Тэртэй тэргүй хоосон барилгууд их байгаа энэ үед.

-Боломж байгаа байгаа. Энэ чинь бодлогын зээл. Төрөөс ард иргэдээ орон сууцжуулах бодлоготой уялдуулж хийж байгаа. Тийм учраас ЖДҮ-гийн 3% гээд бодлогын зээл гаргаад байгаа шиг орон сууцны зээлийг тооцоолол хийж байгаад хүүг нь бууруулж болно. Дотор нь ангилж болно. 80 хүртэлх нь 3 байхад 90 хүртэлх нь 3.5, 90-100 нь 4 хувь гэх мэтчилэн дотор нь ангилаад, уян хатан байдлаар, яаж л бол яаж бууруулах боломжтой. Хамгийн гол нь төлбөр дээр нь анхаарах ёстой. Одоо үндсэн зээлээ ч 50 хувь, хүүгээ ч 50 хувь тэнцүү төлж байгаа. Энэ олон улсын тооцооллын арга хэрэгслийг эрс өөрчлөх хэрэгтэй. Үндсэн зээлээ 60 юм уу, 70 хувь төлөөд, хүүгээ 30 хувьд барьдаг бол хүмүүс орон сууцны зээлийн дарамтад орохгүй. Дараа нь орон сууц барьж байгаа компаниудын хүнд суртал, авлигын асуудлыг маш сайн хянаж, элдэв зөвшөөрөл олгох хэрэгтэй.

Нэгэнт барилга барьчихсан бол цахилгаан, цэвэр, бохир, халуун усны, газрын зөвшөөрлийг нь авлигажуулахгүйгээр өгчихвөл, нэг метр квадратын үнэ чинь хэт өсөөд байхгүй. Тийм юм байдаг учраас л сая 200 мянгаас сая 350 мянган төгрөгт баригдаж буй байр 3.2 сая, түүнээс дээш болчихоод байна.

-Ямартай ч тантай уулзаж, цөөн хором ч гэсэн ярилцаж амжлаа?

-Сүүлийн үед сонин, телевизээр ярихаар “Яасан ч их ярьдаг юм бэ. Нэр дэвших гэж байгаа юм уу” гэж хардаж байгаа юм. Би нэр дэвшихгүй.

-Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж