Д.Даваасүрэн чөлөөлөгдөж, Т.Бадрал зэрэг дэвшинэ

Хуучирсан мэдээ: 2020.04.29-нд нийтлэгдсэн

Д.Даваасүрэн чөлөөлөгдөж, Т.Бадрал зэрэг дэвшинэ

Д.Даваасүрэн чөлөөлөгдөж, Т.Бадрал зэрэг дэвшинэ

Засгийн газрын хуралдаанаас өнөөдөр /2020.04.29/ Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралыг Монгол Улсаас Хятад улсад суух Элчин сайдад нэр дэвшүүлснийг дэмжсэн бол Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг чөлөөлөх шийдвэр гаргасан нь олны анхаарлыг татаад байна.

Ямар үндэслэлээр Д.Даваасүрэнг чөлөөлсөн бэ гэдэг асуудал тодорхойгүй ч зарим хэвлэлд ажлын хариуцлага алдсан гэж үзэн чөлөөлсөн тухай мэдээлжээ.

Сүүлийн жилүүдэд гадаадад томилогдон очсон дипломатууд хар тамхины хэрэгт нэр холбогдон, зарим нь хуулийн байгууллагад шалгагдаж буй дуулиан тасрахаа байсан. Энэ асуудалтай холбоотойгоор хариуцлага хөндөгдөв үү гэх асуудал ч яригдаж эхэллээ. Гэхдээ дипломатыг зөвхөн Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга дангаараа толгой мэдэн томилох боломжгүй тул хэрэв энэ асуудалтай холбогдуулсан бол жинхэнэ хэргийн эзэн нь сугарч үлдсэн байх болж буй юм. Өмнө нь түүнийг БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч дэмжээгүй тул буцаж байв.

Элчин сайдад нэр дэвшигч Т.Бадралын хувьд мэргэжлийн хүн ч тендер будилаантуулж, төрд хохирол учруулсан үндэслэлээр Авлигатай тэмцэх газар/АТГ/-т шалгуулсан. Энэ хэргийг тус газар шүүхэд шилжүүлж буй мэдээлэл байсан ч сүүлдээ чимээгүй болсон.

Хуульд зааснаар Элчин сайдад нэр дэвшигчийн асуудлыг Засгийн газар дангаараа шийдэхгүй, Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, УИХ-аар оруулж батлуулах ёстой.

Монгол Улсаас Хятад улсад суух Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа дуусаад байсан ч дараагийн хүнийг сайн судалж, томилох ёстой гэж үзэн, хойшлуулж ирсэн. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Бид өмнөд хөршдөө хамгийн хариуцлагатай хүнийг Элчин сайдаар томилох шаардлага бий” гэж мэдэгдэж байсан ч хуулийн байгууллагад шалгуулсан хүнийг нэр дэвшүүлсэн нь МАН боловсон хүчний нөөцгүй болов уу, эсвэл танил талаа татав уу, аль эсвэл "Увс" фракц улс төрд хүчтэй хэвээр байна уу гэдэг олон таамаглал дэвшүүлэхэд хүргээд байна.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж