Зарим албан хаагчдын цалин хөлс, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг олгоно | News.MN

Зарим албан хаагчдын цалин хөлс, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг олгоно

Зарим албан хаагчдын цалин хөлс, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг олгоно

Зарим албан хаагчдын цалин хөлс, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 29-ний Лхагва гаригт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Үйлчилгээний ажилчдын цалин хөлс, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг шинэчлэн тогтоов

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох тухай журмуудад нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэснээр төрийн албаны тухай хууль, түүнийг дагалдан гарсан журмууд хэрэгжих явцад орхигдоод байсан эрүүл мэнд, төрийн үйлчилгээний салбарын зарим мэргэшлийн ажилчид, тэтгэвэрт гарч буй өндөр настнуудын ажилласан жил, мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн хүнд нөхцлийн зэрэг нэмэгдлүүд энэ жилээс олгогддог болох боломж бүрдлээ.

Тодруулвал төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгохдоо 1990-1995 онд ажилласнаар тооцож өгсөн баталгаажилтын хуудас, цэргийн алба хаасан хугацаа зэргийг ажилласан жил дээр нь сар жилээр нь нарийн тооцож нэмэн, нэмэгдлийг бодож олгодог болж байна. Мөн эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдаас сүрьеэтэй өвчтөнтэй байнга харьцаж ажилладаг, тусламж үйлчилгээ үзүүлдэг, сүрьеэгийн амбулаторийн ажилчид болон эм зүйч, ариутгагчдад хөдөлмөрийн нөхцлийн нэмэгдэл олгогдохоор болж байгаа юм.

Товчоор

–  2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг батлав. Үүнд хүнсний улаанбуудай, үрийн улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа, 10 төрлийн ургамлын тос, элсэн чихэр багтав.

–  Засгийн газрын гишүүд өнөөдрийн хурлаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн өмнөх эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын 6 бүлэг, 12 дэд бүлэгтэй тайлантай танилцав. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилт, түүний үр дүн, Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг, болзошгүй өр төлбөрийн дүн, түүний зориулалт, нөхцөл, төсвийн тогтворжуулалтын сангийн хуримтлал, 2016-2020 оны зарцуулалт, ирэх жилүүдэд сангийн эх үүсвэрийн төсөөлөл зэргийг тусгажээ. Тус тайланг төсвийн тухай хуулийн дагуу УИХ-д хүргүүлж танилцуулахыг Сангийн сайдад зөвшөөрөв.

–  Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай автозамын барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбилцлыг батлав. Тогтоол ёсоор автозамын барилгын ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг холбогдох стандарт,нормын дагуу нөхөн сэргээж орон нутагт хүлээлгэн өгөхийг зам, зам байгууламжийн барилгын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд үүрэг болголоо

–  Мягмарсүрэнгийн Баярмагнайг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргаар томиллоо. Тэрбээр 2019 оны 6 дугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга, дэд даргын үүргийг хариуцагчаар тус тус ажиллаж байв.  1999-2008 онд Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, газрын захирал, 2009-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сангийн захирал, газрын дарга, 2016-2019 онд ЭХЯ-ны ТЗУГ-ын дарга, 2019 онд  БОАЖЯны ТЗУГ-ын даргаар тус тус ажиллаж байжээ. Түүний ажлын туршлага, ажиллах чадвар, удирдан зохион байгуулах болон ажил хэрэгч чанарыг харгалзан тухайн албан тушаалд томилох үндэслэл болгожээ.

–  Дипломат албаны тухай хуулийн дагуу томилолтын хугацаа нь дууссан тул Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбын Ганхуягийг эгүүлэн татаж, Түвшингийн Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар, мөн Намсрайн Эрдэнэтуяаг Монгол улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг Гадаад харилцааны яамнаас танилцуулж,  Засгийн газрын гишүүд хэлэлцэн дэмжиж, энэ тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтов. Н.Эрдэнэтуяа нь1970 онд Улаанбаатар хотод төрсөн. БНАСАУ-ын Ким Ир Сений их сургууль, ХУИС-ыг төгссөн. Солонгос орон, хэл судлаач мэргэжилтэй, орон судлалын магистр зэрэгтэй. Шадар дипломат цолтой. Солонгос, англи, орос хэлний мэдлэгтэй. 1993-1996 онд ҮХЯ-нд мэргэжилтэн, 1996-1998 онд ГХЯ-нд мэргэжилтэн, 1998-2004 онд Сөүл дэх Элчин сайдын яаманд атташе, ГХЯ-ны Азийн газарт 2004-2007 онд гурав, хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2010-2012 онд нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сөүл дэх Элчин сайдын яаманд 2007-2010, 2012-2015 онд тус тус хоёр, нэгдүгээр нарийн бичгийн даргаар болон зөвлөхөөр ажиллаж,  2018 оны 08 дугаар сараас эхлэн БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Элчин зөвлөх, Хэргийг хамаарагчаар өдгөө хүртэл ажиллаж байгаа аж. Төрийн албанд 26 жил ажилласнаас 23 жилийг дипломат албанд өнгөрүүлсэн бөгөөд туршлагатай албан хаагч юм.

Монгол Улсаас БНХАУ-д  суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшүүлээд буй Т.Бадрал нь 1966 онд Улаанбаатар хотод төрсөн. Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургууль, МУИС, СЭЗДС-д суралцаж төгссөн. Шинэ Зеландын Массигийн их сургуульд  мэргэжил дээшлүүлсэн. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Хошууч генерал цолтой. Орос, англи, франц хэлний мэдлэгтэй. Эрдэнэт үйлдвэр, Монгол-Америкийн хамтарсан зэсийн үйлдвэрт гадаад худалдааны менежер, 2004-2005 онд  Гамшгаас хамгаалах ерөнхий газар мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2005-2006 онд ОБЕГ-т газрын дарга, 2007-2008 онд хэлтсийн дарга, 2009-2015 онд дэд дарга, 2015 оноос ОБЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байна.  Төрийн албанд нийт 32 жил ажиллажээ.

Мөн өдрийн хурлаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Тэрбээр 2016 оны 09 сард томилогдсон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-29 119.40.103.6

өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад багтсан өргөн хэрэглээний бүтээгдэхүүний лангуугаар зарагдах үнэнд ТӨР ЗАСАГ хяналтаа чангатгах нь чухал шүү. ҮНЭ арай дэндэж байна аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж