Галзуучуудад ТАМГА АТГУУЛЖ болохгүй!

Хуучирсан мэдээ: 2020.04.29-нд нийтлэгдсэн

Галзуучуудад ТАМГА АТГУУЛЖ болохгүй!

Галзуучуудад ТАМГА АТГУУЛЖ болохгүй!

Цар тахлын гай, гамшиг нүүрлэж, Ерөнхийлөгчийн уриалсанчлан сонгууль хойшлуулах ихээ том эрсдэл үүсчихгүй бол УИХ-ын ээлжит сонгууль товлосноороо зургадугаар сарын 24-нд явагдана. Товчхондоо, засгийн эрх ард түмний гарт шилждэг ганцхан өдөр дараагийн дөрвөн жилд төрөө хэнээр мануулж, хэнд итгэл хүлээлгэхээ шийднэ.

Нийтдээ 15 нам, дөрвөн эвсэл, 208 хүн бие дааж өрсөлдөхөөр бичиг баримтаа Үндэсний аудитын газарт хүргүүлсэн, нэг нэр дэвшигчээс 474 сая төгрөг зарцуулагдана гэсэн СЕХ-ны тооцоог харвал энэ удаагийн сонгууль нэлээд энтертайментлаг, мөнгөлөг болох шинжтэй.

УИХ бол төрийн эрхийг барьдаг дээд байгууллага. Л.Өнөрчимэг, Чингисхаан, С.Жавхлан нь байг гэхэд Ж.Батзандан, Л.Болд, Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамъяан нар Монголын төрийн эрхийг барилцаж, бодлого боловсруулна гэж төсөөлөхөд ч хямармаар, “халхын заяа” их гэсэн үг бий ч энэ үгэнд итгэж, найдаад суух нь утгагүй. Шар хаданд эмчлүүлж байх ёстой олон хүн улс төрд хүч үзэхээр шийдэж, зарим нь бие дааж, зарим нь нам байгуулж өрсөлдөхөөр болсныг харвал Монголын парламент галзуучуудын орогнол болох дутаж гэнэ дээ!

Иргэд энэ удаад арав таван төгрөгөнд хууртагдалгүй, сонголтондоо хариуцлагатай, боловсролтой, идэвхтэй хандахгүй бол улсаараа хямарч, галзуурч мэдэхээр. Тэр тусмаа эх оронч үзэл, шударга ёс, туг, муг ярьсан жижиг нам, эвслүүдийн амандаа орсон, хэлсэн бүхэнд итгэх хэрэггүй.  Э.Эрдэнэжамъяаны яриад байгаа үнэгүй бяслаг зөвхөн “хавханд” байдаг.

Үнэгүй байр, таван сая төгрөгийн цалин амлах бол нэг ёсондоо залилангийн гэмт хэрэг юм.

Мөнгийг чинь хэд дахин, үржүүлээд өсгөөд өгнө гэсэн элдэв янзын сүлжээний бизнестэй ижилхэн. Ийм сүлжээнд итгээд мөнгө алдсан хүмүүс шиг  үнэгүй байр,  өндөр цалинд хууртаад сонголтоо хийвэл  залилангийн гэмт хэргийг хохирогч болно гэсэн үг.

Иймээс шинэ, хуучин гэхээсээ хариуцлага хүлээж чадах намыг, зөв хүмүүсийг УИХ-д сонгох хэрэгтэй. Хөгжлийн том бодлого биш үндэсний үзэл, туг муг ярьж байгаа эвслүүдийн гол зорилго нь хэдэн суудал аваад, шантааж хийх гол зорилготой. Түүнээс тэд ялтлаа өдий л дөө. Гэхдээ АН, МАН-ын зодоон дундаас Н.Энхбаяр, Ж.Батзандангийн намууд гараад ирвэл бүр аюултай.

МАН, АН-ын зодоон, гуравдагч намуудын эрэлт дээр тоглолт хийх сонирхол 15 нам, дөрвөн эвсэлд бий. Гэхдээ тэд цэвэр, шинэ хүчин яг мөн үү гэвэл бас л эргэлзээтэй. Нам шинэ ч, хүн нь хуучин хүчнүүд олон байна.

Хэдий дотроо хэрүүл, зодоонтой ч Монголд институцийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг үзэл баримтлал дээр нэгдсэн хоёрхон нам байдаг нь МАН, АН. Бусад нь нэг, нэг шилэн тамга барьсан “компанийн” захирлууд. Бүгд найрамдах намын Б.Жаргалсайхан, Эх орон намын Б.Эрдэнэбат, Үнэн ба зөвийн Ш.Сайхансамбуу, МАХН-ын Б.Энхбаяр, ШИНЭ намын Ж.Батзандан, Ард түмний намын Л.Гүндалай гээд үнэт зүйлгүй, үйл ажиллагаа явуулдаггүй, мөнгөний үнэр, сонгуулийн чимээнээр ичээнээсээ цухайдаг “босс”-ын нам олон. Тэд улс төрийн намаар дамжин албан тушаалд хүрч, амин хувийн  ашиг хонжоо олохыг хүсдэг нь үнэн,  түүнээс  Н.Энхбаяр улс орныг хөгжүүлээд "өс хонзон"-гоо авна гэж бодож байвал ихээхэн эндүүрэл болно.

Үндсэндээ өөрийгөө, аж ахуйгаа бодсон боссуудын аминчхан шунал дээр улс төр хийж яваа төлөвшөөгүй намууд төр барьж чадах нь юу л бол. Муу ч, сайн ч өнгөрсөн 30 жил МАН, АН хоёр Монголын хөгжлийг нуруун дээрээ үүрч дүүрээд ирсэн, алдаа, оноо ч олон, ямба, ялаа ч адилхан амсч яваа.

Энэ удаагийн сонгууль олон мандаттай, томсгосон тойрогт явагдана. Цар тахлын үе таарсан тул цахим дээр голчилсон сурталчилгаа хийгдэх биз. Хүнд нөхцөлд, хүндхэн сонгууль болох дүр зураг харагдаж байгаа. Магадлалаар тооцвол, өнгөрсөн дөрвөн жил энтертаймент хийсэн улстөрчдөд илүү “таатай” сонгууль болж болзошгүй. Тиймээс л сонгогчид сонгогчийн боловсролоо ахиулах, мэдээлэл сайтай байх шаардлагатай болсон.  Түүнээс туг сүлд, тусгаар тогтнол ярьсан энтертайментчид эх оронч биш гэдгийг Ж.Батзандан, Л.Болд хоёрын тайлж тавьсан багаас харсан биз.

Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа ард түмэн хэнийг сонгоно, тэр сонголтоороо дөрвөн жил амьдарна. Өөрөө хэлбэл, галзуучуудыг сонговол амьдрал чинь галзуурна, популистуудыг сонговол популимз болж хувирна. Энтертайментчдыг сонговол ирээдүйн дөрвөн жил бүхэлдээ энтертаймент болно гэсэн үг. Сонгогчид “юу тарина, түүнийгээ л хурааж авна”.  Тиймээс галзуучуудын гарт хутга бариулж болохгүй гээд байгаа юм шүү дээ!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
88
ЗөвЗөв
20
ХахаХаха
17
ТэнэглэлТэнэглэл
13
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж