Сүүний урамшуулал фермийн хөгжилд түлхэц өгч, сүүний чанар сайжирна

Хуучирсан мэдээ: 2020.04.30-нд нийтлэгдсэн

Сүүний урамшуулал фермийн хөгжилд түлхэц өгч, сүүний чанар сайжирна

Сүүний урамшуулал фермийн хөгжилд түлхэц өгч, сүүний чанар сайжирна

Дэлхий дахинд нүүрлээд буй "Ковид-19" халдварын улмаас улс орны нийгэм, эдийн засагт хүчтэй нөлөөлж, нэн ялангуяа бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд бодит хүндрэлүүд үүсэж байна. Иймээс үндэсний үйлдвэрлэл, тэр дундаа стратегийн хүнс болох сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар, мөн баримталж буй бодлого чиглэлийн талаар тодруулахаар “Монголын хүнсчдийн холбооны дэргэдэх “Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийн мэргэжлийн зөвлөл”-ийн дарга, Сүү ХК-ийн Гүйцэтгэх захирал, М.Мандхайтай ярилцлаа.


-Вирус тархаад даруй 100 гаруй хоног өнгөрч, улс орнууд урьдчилан таамаглаагүй эдийн засгийн нөхцөл байдалтай нүүр туллаа. Танай үйлдвэрлэлийн хувьд ямар бэрхшээлүүд тулгарч, даван туулах ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Улс орон, дэлхий нийтийг хамарсан хөл хорио, хязгаарлалтууд тогтоосон энэ цаг үед хүн амын хүнсний хангамж, хүнсний баталгаат байдлыг алдагдуулахгүйн тулд сүүний үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа хичээн ажиллаж байгаа ч энэ давагдашгүй нөхцөлд байдал бидний хувьд мөн л үйл ажиллагааны тогтворгүй байдал, эдийн засгийн хүндрэлүүд үүсээд байна. Дэлхийн улсуудад тогтоосон онц байдал, хил гаалийн хоригоос шалтгаалж ханган нийлүүлэгчийн үйл ажиллагаа саатах, зарим нь зогсолт хийн, тээвэр ложистикийн үнэ нэмэгдэх, мөн сав баглаа, боодол, түүхий эд материалын нийлүүлэлт багасах, татан авалтын хугацаа удаашрах зэрэг асуудлуудаас шалтгаалан үйлдвэрлэл саатах хүртэл хүндрэл үүсэж байна.

Иргэдийн эрэлт хэрэгцээ өмнөхөөсөө эрс өөрчлөгдөж, тэрхүү өөрчлөлтөд уялдуулан үйлдвэрлэлээ явуулах зайлшгүй шаардлага тулгарахын зэрэгцээ үүнтэй уялдаатайгаар зарим нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл техникийн хүчин чадалдаа тултал явагдаж байгаа бол зарим бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шугам сул зогсолттой байна. Дээрх шалтгаанаас хамааран зарим нэр төрлийн түүхий эдийн нөөц төлөвлөснөөс хурдан дуусах, яаралтай захиалга хийгдэх, үйлдвэрлэл зогссон бүтээгдэхүүний түүхий эд, сав баглааны хугацаа дуусах, агуулахын нөөцийн үлдэгдэл ихээр үлдэх, мөн дагалдах зардал өсөх эрсдэлүүд үүсэж байна.

Нөгөөтэйгүүр, оюутан залуус, сурагчид гэртээ хичээллэж байгаа, иргэд богино цагаар ажиллах, гэрээсээ ажиллах гэх мэтчилэн хөл хорионд байгаа нь тухайн хэрэглэгчдэд тусгайлан зориулсан зарим нэр төрлийн бүтээгдэхүүний борлуулалтад сөргөөр нөлөөлж, эсрэгээрээ гэр бүлээрээ хэрэглэхэд тохиромжтой том савлагаатай бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэнээр нөхцөл байдлаас шалтгаалсан борлуулалтын хэлбэлзэл  үүсэж, компаниудын өндөр дүнтэй зээлийн эргэн төлөлтөд муугаар нөлөөлж байгаа юм.

Энэ хүнд цаг үед үйлдвэрлэлээ хэвийн явуулахын зэрэгцээ ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах нь нэн тэргүүний чухал зорилт шүү дээ. Үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангахын тулд олон хувилбарт төлөвлөгөө гаргаж, хүний нөөцийн зохицуулалтуудыг цаг алдалгүй хийн, цаашлаад ажилтнуудаа богино цагаар ажиллуулах, эрүүл мэндийн өндөр эрсдэл бүхий ажилтнуудаа гэрээс нь ажиллуулах гэх зэрэг арга хэмжээнүүдийг манай үйлдвэрүүд хэрэгжүүлж байгаа. Энэ нөхцөл байдалд зохицож ажиллахын тулд ажилтан бүрт ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, хувийн хамгаалах хэрэгслээр хангахаас эхлээд үйл ажиллагааны төлөвлөгдөөгүй зардлууд нэмэгдсээр байна. Энэ мэт эрсдэлүүд дан ганц үйлдвэрүүд гэлтгүй сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэмүү өртгийн сүлжээний бүхий л байгууллагууд, фермерүүдэд тулгарч байгаа гэж ойлгох хэрэгтэй.

-Үйлдвэрлэгчид малчдаас түүхий сүү авч, үйлдвэрлэлээ явуулдаг. Малчид, фермерүүдийн хувьд аж ахуйгаа эрхлэхэд хүндрэлтэй байна уу? Сүүлийн хэдэн жил яригдсаар байгаа “малчдад сүүний урамшуулал олгох” асуудалд томоохон үйлдвэрлэгчийн хувьд ямар байр сууринаас хандаж байгааг тодруулбал?

-Үйлдвэрлэгчид бэлтгэн нийлүүлэгч малчид, фермерүүдийн бэлтгэсэн сүүг жилийн дөрвөн улирлын турш хүлээн авч, бэлтгэн нийлүүлэгчдийнхээ амьжиргаа, санхүүгийн хувьд бас нэгэн эх үүсвэр нь болж, тэдэнтэйгээ тогтвортой хамтран ажиллаж байгаа. Бие биенээ дэмжээд л явж байна даа. Хаврын хахир энэ цаг үетэй давхацсан вирусын цар тахлаас улбаатайгаар малын тэжээлээс эхлээд фермерүүд, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн санхүүгийн нөхцөл байдал амаргүй л байна.

Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйл “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхэд үзүүлэх дэмжлэг, урамшуулал”-ын 8.3 дахь “Мал төхөөрөх болон сүү боловсруулах үйлдвэр, цехэд гарал үүсэл нь баталгаажсан эрүүл малын, техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүүг нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгож болно” гэж тусгасан. Хуулийн дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад сэрүүний улиралд нийслэлийн үйлдвэрт тушаасан стандартын шаардлага хангасан сүүний урамшуулалд зориулан 2019-2020 онд тусгагдсан дөрвөн тэрбум төгрөгийг олгох тухай яригдаж эхэлсэн цагаас мэргэжлийн зөвлөлийн гишүүд сүү нийлүүлдэг бэлтгэн нийлүүлэгчдэдээ урамшууллыг шуурхай олгох тал дээр бат зогсож, салбарын мэргэжлийн холбооны үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэн, ХХААХҮЯ-аас урамшууллын журам батлуулах ажлын хэсэгт төлөөллөө оролцуулж, ер нь бүхий л тал дээр дэмжин ажилласаар ирсэн. Бэлтгэн нийлүүлэгч малчид, фермерүүдэд уг урамшуулал очихдоо үнэн зөв, бодитой мэдээлэл дээр үндэслэн, ямар нэгэн хувийн холбоод болон бусад байгууллагаар дамжихгүйгээр төрийн байгууллагын сангаар дамжиж, яаралтай олгох л юу юунаас чухал байна. Саяхан гэхэд л бид “Эрүүл биед сүү хэрэгтэй, сүүнд урамшуулал хэрэгтэй” гэсэн агуулгатай сүүний салбарынхны сошиал аянд нэгдэж, тус урамшууллыг олгох ажлыг шуурхайлуулах саналыг салбарын яам, салбарын мэргэжлийн байгууллагууд мөн компаниудын хамт тавьсан юм.

2019 онд манай улсын хэмжээнд бэлчээрийн мал аж ахуйгаас авах боломжит үнээний сүү бэлтгэл 580 гаруй сая литр гэсэн статистик тоо байдаг мэдээж тоо толгойноос хамаараад янз бүрийн л дүн байдаг гэвч бид Улаанбаатар хотын иргэдийн хэрэгцээг хангаж чадахүй л байгаа. Сүүний үйлдвэрүүд 50 орчим сая литр шингэн сүү боловсруулж байна. Боловсруулалтын түвшин яагаад ийм бага байгаа шалтгаан нь хөргөлтийн танктай цэг хангалтгүй байгаатай салшгүй холбоотой юм. Фермерүүд хамтарч, хоршоо байгуулж, хөдөлмөр, тоног төхөөрөмж, санхүүгийн нэгдсэн цогц зохион байгуулалтад орсноор санхүүгийн хувьд үр ашигтай байж, улмаар хөргөлтийн цэгүүдийн тоо ч нэмэгдэх боломжтой юм. Нэг хөргөлтийн цэг байгуулахад ойролцоогоор 60 орчим сая төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Тэгэхээр сүүний урамшуулал олгогдож эхэлснээр малчид, фермерүүдийн хоршоожих үйл явцад эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байна.

Цаг үетэй холбоотой хэрэглэгчдэд дархлаа дэмжих, шим тэжээл арвин сүү, сүүн бүтээгдэхүүнээр тогтвортой хангах, тасалдуулахгүй байх тал дээр хичээж ажиллах, нөгөө талдаа түүхий эд, материал, түүхий сүүний хэмжээ болон нөөц хангалтгүй байгаа энэ үед Сүүний урамшууллыг малчид, фермерүүдэд олгосноор түүхий сүүний бэлтгэлийн системийн хөгжилд түлхэц болж, сүүний чанар сайжран, эрчимжсэн МАА-н тоо нэмэгдэж, урт хугацаандаа сүү бэлтгэлийн улирлын хамаарал багасна.

Монгол улсын газар нутгийн дийлэнх хэсэгт дэд бүтэц муу хөгжсөн, сүү үйлдвэрлэлийн процесс гар ажиллагаа ихтэй, тоног төхөөрөмж, машин техник, тэжээл, бензин шатахуунаас эхлүүлээд өртөг зардал өндөртэй байдаг тул үйлдвэр болон малчин, фермерүүдэд хүндрэл, бэрхшээл их тулгардаг. Энэ байдал нь цаашлаад сүүний чанарт сөрөг нөлөө үзүүлж, улмаар эцсийн бүтээгдэхүүний чанарт нөлөөлдөг гэх мэт манай салбарын суурь бэрхшээлүүд олон бий. Засгийн газраас дэмжиж байгаа Сүүний урамшуулал олгогдвол малчин, фермерүүдэд санхүүгийн хувьд нэмэртэй, цаашлаад сүүний чанар, гарцанд эерэг нөлөө үзүүлж, сүү боловсруулах үйлдвэрүүдэд сүүгээ нийлүүлэх сонирхол нь улам бүр нэмэгдэж, улмаар хот, суурин газарт чанар, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, гарал үүсэл нь тодорхойгүй задгай сүү, сүүн бүтээгдэхүүн худалдаалах асуудал багасна шүү дээ.

Үйлдвэрлэгчдийн зүгээс бэлтгэн нийлүүлэгч нар луугаа чиглэсэн нийгмийн хариуцлагын ажлуудыг тогтмол зохион байгуулж, дэмжин ажилласаар ирсэн. Сүү хадгалах зориулалтын бидон савыг өөрсдөө жил бүр импортлон оруулж ирж малчид, фермерүүдэд төлбөрийн дарамт үүсгэхгүйгээр өгдөг. Мэргэжлийн болон ариун цэврийн гээд олон төрлийн сургалтуудыг зохион байгуулж байна. Малчдыг чадавхижуулах, зохистой дадал бий болгох чанар, эрүүл ахуйн мэдээллүүд бүхий сар тутмын сонинг бэлтгэн, нийлүүлэгчдэдээ үнэ төлбөргүй тараадаг. Мөн өвс тэжээл тариалалтад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор сүүний авлагаасаа эргэн төлөгдөхөөр хүүгүй зээл олгон ажиллаж, банк болон бусад байгууллагуудад орлогын эх үүсвэрийг нь нотлох тодорхойлолт гаргаж өгөх гэх зэрэг үр дүнтэй ажлуудыг санаачлан хэрэгжүүлж ажилсаар ирсэн. Жижиг гэлтгүй эдгээр ажлууд малчид, фермерүүдийн өдөр тутмын амжиргаа, амьдралд бага боловч нэмэртэй байдгаа нуулгүй хэлдэг.

-Малчдаас авах сүүний үнийг үйлдвэрүүд тогтоодог, хямд үнээр авдаг талаар яриа их гардаг. Ямар үзүүлэлтүүдэд үндэслэж малчдаас авах сүүний үнийг тогтоодог вэ?

-Өмнө дурьдсанчилан Улаанбаатар хотын сүүний үйлдвэрүүд хот орчмын 100-300 км радиусын хүрээнд шингэн сүүний татан авалт хийдэг. Сүү нь эмзэг бүтээгдэхүүн учраас 300км-ээс хол газраас татан авахад сүүний чанар алдагдаж гашилдагтай холбоотой юм. Зуны улиралд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудын 15 сум, Улаанбаатар хотын 3 дүүргээс, харин өвлийн улиралд Төв, Сэлэнгэ аймгийн 7 сум, Улаанбаатар хотын 3 дүүргээс шингэн сүүний татан авалт хийдэг.

Улаанбаатар хотын 6 сүүний үйлдвэрт хүлээн авсан шингэн сүүний хэмжээ нь нийтдээ 2018 онд 36,3 сая литр, 2019 онд 49,2 сая литр байна. Сүүний үйлдвэрүүдийн үндсэн түүхий эд болох шингэн сүүний үнийн хувьд түүхий эдийн эрэлт нийлүүлэлт, борлуулалт, зах зээл, эдийн засгийн нөхцөл байдалтай шууд хамааралтай байдгаас гадна манай үйлдвэрийн хувьд сүүний үнийг урьдны жилүүдээс буулгаагүй гэдгээ энд албан ёсоор дурдмаар байна.

Улсын хэмжээнд эрчимжсэн сүүний үхрийн ферм маш цөөн. Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлсэн, стандартын шаардлага хангасан эдгээр фермүүдээс нийлүүлэгдэж буй сүү чанарын шаардлагыг маш сайн хангасан байдаг тул сүүг нь өндөр үнээр худалдаж авдаг. Мөн фермийн аж ахуйгаа эрчимсэн мал аж ахуйн фермийн жишгээр хөгжүүлэх гэж яваа шугаман саалтууртай, сүүгээ саасан даруйдаа хөргөж хадгалах танктай малчид, фермерүүдийн цаашдын хөгжил дэвшилд нэмэр болох үүднээс өндөр үнээр худалдан авах боломжтой юм.

-Улсын хэмжээнд хүнсний хангамжийг тогтвортой хөгжүүлэхээр хэд хэдэн үндэсний хөтөлбөр, чиглүүлэх бодлогын баримт бичгүүдийг гаргасан байдаг. Жишээлбэл, “Мах сүүний анхдугаар аян”-ы хэрэгжилтийн хүрээнд махны салбарт бодит үр дүн гараад явж байна. Вирусийн цар тахлын яг энэ эгзэгтэй цаг үед төрөөс сүү үйлдвэрлэлийн салбарыг хэрхэн дэмжвэл зохимжтой вэ?

-Цар тахлын улмаас олон ч бизнес хаалгаа барьж, ажилгүйдэл нэмэгдэх, цаашлаад ядуурлын түвшин өсөх хандлагатай боллоо. Төрөөс цөөнгүй арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа хэдий ч хүн ардын анхан шатны хэрэглээ болох хүнсний хангамжийн нэг хэсгийг хариуцаж яваа сүүний салбарт тууштай хэд хэдэн арга хэмжээг бодлогоор зохицуулах шаардлагатай байна. Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолын дагуу иргэдийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах төрийн бодлогын хүрээнд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр оруулж ирж буй түүхий эд, сав, баглаа боодол, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах, мөн дээрх чиглэлээр оруулж буй хөрөнгө оруулалтын зээлийн хүүг бууруулах фермерүүдийг өөрсдийн эзэмшил газарт тэжээл тариалахыг шийдэх  асуудалд анхаарлаа хандуулан, шийдвэртэй алхам хийх хэрэгтэй байна.

Түүнчлэн, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.17 дахь хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт дотоодын түүхий эдээр үйлдвэрийн аргаар боловсруулан, дотооддоо худалдан борлуулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүнийг НӨАТатвараас чөлөөлнө гэж заасан. Энэхүү зохицуулалтын дагуу зөвхөн үйлдвэрлэгчид НӨАТатвараас чөлөөлөгдөж байгаа бөгөөд харин дамжин борлуулж байгаа аж ахуйн нэгжүүд НӨАТатвараас чөлөөлөгдөхгүй байгаа нь хуулийн зохицуулалт бүрэн хэрэгжихгүй байгааг харуулж байна. Иймд НӨАТатварийг эцсийн хэрэглэгч хүртэл чөлөөлж өгвөл хэрэглэгчдийн гар дээр экологийн цэвэр сүү, сүүн бүтээгдэхүүн хямд үнээр очих нөхцөл бүрдэх юм. Товчхон дурдахад ийм байна.

-Сүү, сүүн бүтээгдэхүүнд агуулагдах амин хүчлүүд нь хүний биеийн дархлааны үндсэн бүрэлдүүлэгч болдог гэдэг. Тэгэхээр дархлааг дэмжих, ковид-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэх хүнс бол сүү, сүүн бүтээгдэхүүн гэж ойлгож болох байх. Ер нь манай иргэдийн сүүний хэрэглээ ямар түвшинд байна вэ?

-Тийм шүү. Судалгаагаар монгол хүний жилийн сүүний хэрэглээ 28л, энэ нь дэлхийн дунджаас даруй 3 дахин бага, тун хангалтгүй үзүүлэлттэй байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ бага байгаагаас шалтгаалж, бага балчраасаа өндөр настан хүртлээ хүн амын дийлэнх хувь нь шүдний өвчлөл, ясны сийрэгжилтэд өртөж, шим тэжээлийн дутагдалд ороод байна. Бид хүнсний хувьд маш олон сонголттой байгаа хэдий ч сүү, сүүн бүтээгдэхүүнээс авах эрдэс, амин дэм, уургийг юунаас ч нөхөх боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Эрүүл, зөв хооллож, эрүүл, зөв амьдралын хэмнэлийг дагаснаар бид аюулт тахал, элдэв өвчлөлөөс сэргийлж, гэр бүлээ, өөрийгөө хамгаалж чадна гэдгийг аминчлан, онцлон хэлмээр байна. Бидний ирээдүй бидний өдөр тутам хэрэглэж заншиж ирсэн энэ их соёл сүү цагаан идээнд байсан гэдэгийг мартах учиргүй.

Бидний сонирхсон сэдвээр нээлттэй ярилцсанд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын амжилт хүсье. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж