Малчдаас уучлалт гуй, Ч.Улаан сайд аа!

Хуучирсан мэдээ: 2020.04.29-нд нийтлэгдсэн

Малчдаас уучлалт гуй, Ч.Улаан сайд аа!

Малчдаас уучлалт гуй, Ч.Улаан сайд аа!

Малчид Засгийн газрын амлалт, шийдвэрийг сануулан, нэг кг нь 20 мянган төгрөг болж ханш нь унасан ноолуураа ганзаглаад сонгуулийн өдөр санал авах байранд очих нь ээ.

Ноолуураа нэг кг тутмыг нь 100 мянган төгрөгөөр борлуулж, зээлээ төлөн, гурил, будаагаа базаачихдаг байсан малчид өнөө жил банкны зээлээ ч дарах боломжгүй болсондоо бухимдаж сууна.

Тойргоос сонгогдсон гишүүд рүүгээ утас цохиж, мессеж бичих ч түс тас хариу авч чаддаггүй байна.

Засгийн газар сар гаруйн өмнө нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна. Хөгжлийн банкнаас 300 тэрбум төгрөг гаргана гэдэг мэдэгдлийг хийсэн. Гэтэл өнөөдөр Говь-Алтайд нэг кг ноолуур 20 мянга, Баян-Өлгийд 25 мянга бол Сүхбаатарт 100 мянган төгрөгийн ханштай байгаа юм. Ханш харилцан адилгүй байгаа шалтгааныг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан “Ноолуурын чанараас хамаарч үнэ нь харилцан адилгүй тогтдог. Иймээс Хэнтий, Дорноговь, Сүхбаатар аймагт  нэг кг ноолуурыг 105 мянган төгрөгөөр авч байна” гэж тайлбарласан ч өмнөх жилүүдэд ноолуурын ханш аймгуудад ийм өндөр зөрүүтэй тогтож байсан удаагүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын дээрх шийдвэр нийт малчинд бус сайд өрсөлдөх гурван тойрогт л хэрэгжиж, явцуурсан нь эцсийн дүндээ Ардын намаас УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдэд ч халгаатай тусах нь ээ.

Малчид “МАН-ын гишүүдэд сонгуулиар санал өгөхгүй” гэцгээн үгээ эвлүүлцгээж байна. Статистик мэдээгээр улсын хэмжээнд 230 мянган малчин өрх бий аж. Нэг өрхөөс дор хаяж 2 хүн санал өгнө гэвэл 600 гаруй мянган сонгогч өнөөдөр Ардын намаас нүүр бууруулаад байна гэсэн үг.

УИХ-ын 2004 оны сонгуулийн өмнөхөн Ерөнхий сайд асан Н.Энхбаяр эрчим хүчний шугамаа татаагүй байгаа Хөвсгөлд очоод “Одоо танай аймаг эрчим хүчний төвийн шугамд холбогдоно” гэж хэлээд станцын шав тавих ёслолыг сүр дуулиантай хийн, сонгогчдыг уурлуулж, Ардын намаас нэр дэвшигчдээ онхолдуулдаг шиг У.Хүрэлсүхийн танхим гуравхан аймгийн ноолуурыг 105 мянган төгрөгөөр худалдан авах ханш тогтоосон нь  17 аймагт нэр дэвших хүмүүсээ “хорлосон” хэрэг болоод байна. Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хэсэг гишүүд нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгох хуулийн төсөл санаачилснаа зарласан нь сонгуульд санал авах боломжгүй болсноо мэдрээд амь нь тэмцэж яваа хэрэг.

Уг нь толгой нь ажилладаг Засгийн газар байсан бол малчдад анхнаасаа үнэнийг хэлэх ёстой байв. Тодруулж хэлбэл, Covid-19-ын уршгаар дэлхий даяараа амьд үлдэхийн төлөөх өрсөлдөөн явж, түүхий эдийн үнэ ханш унан, Монгол Улс ноолуураа дэлхийн зах зээлд гаргахад хүндрэлтэй болсон гэдгээ эхнээсээ мэдэгдсэн бол тэд ноолуурын ханш 20-25 мянган төгрөг рүү унатал нь хав дарахгүй.  Зах зээлийнх нь ханшаар ноолуураа тушаагаад асуудалтайгаа нүүр тулах байв. Гэтэл Хөдөө аж ахуйн биржийн захирал нь хүртэл “Ноолуураа хадгалж бай, нэг кг нь 100 мянган төгрөгт хүрнэ” гэж горьдоосоор зарим аймагт нэг кг ноолуур шуудай гурилын үнэд ч хүрэхгүй болов. Хадгал гэж хэлээгүй бол нэг кг ноолуур 45 мянган төгрөгийн үнэтэй байхад нь тушааж, өрөө хагаслах байв.

Одоо сайд Ч.Улаан Засгийн газрынхаа гаргасан шийдвэрийн өмнөөс малчдаас уучлал гуйгаад үнэнийг хэлэх цаг болсон. "Хэзээ байтлаа Архангайд ноолуур 100 мянган төгрөгийн үнэ хүрч байсан юм бэ" гэж хэгжүүрхэж, гөжүүдлэх тусам үнэнээс бултаж, малчдыг улам бухимдуулж байна. Яагаад гэвэл Архангай аймагт нэг кг ноолуур өнгөрсөн жил 120 мянган төгрөгт хүрч байсныг та мэдэхгүй ч малчид мэднэ, бас гэрчилнэ. Өөрөөр хэлбэл, үнэнийг хэлэхгүй хугацаа алдах тусам малчид л хохирч байна

Монгол Улсын хэмжээнд жилдээ 10 мянган тонн ноолуур бэлтгэгддэг бөгөөд  90 орчим хувийг  Хятадад экспортолдог аж.  Ердөө 10 хувийг үндэсний үйлдвэрүүд шингээх чадвартай байна. Ийм байхад үндэсний үйлдвэрүүд ноолуурын үнийг хэргээр унагаж, үнэгүйдүүлж байна гэдэг яриа ч газар авахгүйг ойлгоорой.

Гадаадаас хөрөнгө оруулагч оруулж ирж, ноолуураа худалдах боломжийг судалж байна гэх ч цар тахлын үеэр хэн Монголд орж ирж, нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр авах вэ.  Энэ үлгэр биш үү. Монголын ноолуурын 90 орчим хувийг авдаг Хятад улсад өнөөдөр нэг кг ноолуур 118 мянган төгрөгийн үнэтэй байна.  Энэ тохиолдолд Хятадаас хөрөнгө оруулагч орж ирлээ гэхэд нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр худалдан авах уу.  Ноолуураа бэлтгэж авахаас эхлээд зардал гарахгүй юу. Малчдад хий горьдлого төрүүлж байхаар эртхэн үнэнээ хэлээд, бодит үнэнтэй нь нүүр тулгасан нь дээргүй юу.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж