"60 иргэн тусгаарлах байрны 39.5 сая төгрөгийн төлбөрөө төлөөгүй"

Хуучирсан мэдээ: 2020.04.29-нд нийтлэгдсэн

COVID-19

"60 иргэн тусгаарлах байрны 39.5 сая төгрөгийн төлбөрөө төлөөгүй"

Улсын онцгой комиссын Шуурхайн штаб өнөөдөр /2020.04.29/мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд, Монгол Улс өнгөрсөн хугацаанд гадаадаас нийт 4300 иргэнээ татан авсан бөгөөд маргааш /2020.04.30/ тусгай үүргийн онгоцоор транзитаар БНСУ-аас ирэх хүмүүсээ авахад бэлэн байдлаа хангаж байгааг дуулгалаа. Өмнөд Солонгост буй иргэд Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яамны гадна эмх замбараагүй байдал үүсгэж, дипломатуудыг доромжлох асуудал үүсгэж буйг Шуурхай штаб онцгойлон анхаарууллаа.


“БИДЭНД ИРГЭДИЙГ ХЭРХЭН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ВЭ ГЭДЭГ МАШ ХҮНД АЖИЛ ОНОГДСОН”

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:

-Ойрын өдрүүдэд тусгай нислэгийн гурван онгоцыг хүлээн авахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Хүмүүсийг хэрхэн шалган, нислэгт хамруулж байна вэ гэдэг дээр байнга асуудал үүсч байна. Тусгай үүргийн онгоцоор маргааш /2020.04.30/ нийт долоон улсаас 273 зорчигч ирнэ.

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрээр АНУ, Зүүн өмнөд Ази, Европт байгаа иргэдийг татан авах ажлыг хангах үүднээс Инчеон онгоцны буудлаас зөвхөн транзит зорчигч авах нэг нислэгийг нэмж хийхээр болсон. Үүнтэй холбоотойгоор нислэг болгоныг тайлбарлаж өгье.

  • Сөүл-Улаанбаатарын чиглэлээр маргааш зөвхөн транзит зорчигч ирнэ. Ингэхдээ нийт долоон улсаас 273 зорчигч ирнэ.
  • Тавдугаар сарын 1-нд зөвхөн БНСУ-д оршин сууж буй монгол иргэд ирнэ.
  • Тавдугаар сарын 3-ны үүрээр Улаанбаатар хотод газардах Франкфуртын нислэгээр нийт 13 улсаас 263 зорчигч ирнэ.

Яагаад зорчигчын тоо зөрүүтэй байна вэ гэхээр 0-2 настай хүүхэд эцэг, эхийнхээ өвөр дээр суудаг учраас сул суудлаа дараагийн насанд хүрсэн зорчигчдод гаргаж өгдөг. Улсын онцгой комиссоос тавьж буй таван шалгуураас гадна оюутан, сурагчдаа хамруулах зарчмыг барьсан. Эхний ээлжинд ирэх 273 зорчигчоос эрүүл мэндийн шалтгаантай 23 хувь, жирэмсэн 10 хувь, өндөр настан болон асран хамгаалагчтай хүн 24, хөгжлийн бэрхшээлтэй хоёр, бага насны хүүхэдтэй гэр бүл 26, оюутан сурагч 15 хувийг эзэлж байна.

Тавдугаар сарын 1-нд БНСУ-д оршин суугаа иргэдээс ирэх зорчигчдыг бас ангилсан. Улсын онцгой комиссоос тавьж буй таван шаардлагаас гадна БНСУ-ын Хууль зүйн яамнаас шаардлага тавьж байгаа. Тухайн улсын Хууль зүйн яамнаас визийн хугацаа дуусч, саатуулах байранд байгаа 33 иргэн болон бидний хэлдгээр визийн хугацаа дуусч, өршөөлийн сар зарласан тохиолдолд эх орондоо буцсан бол дахин виз мэдүүлэх боломжтой болдог. Энэ арга хэмжээнд хамрагдаж буй 200 гаруй иргэн байгаа. Эдгээр иргэдээс аль болох боломжоороо эх орон руугаа татан аваач гэдэг шаардлага тавьсан. Энэ хүсэлтийг харгалзахаас өөр аргагүй. Иргэдийг ангилахад, эрүүл мэндийн шалтгаантай 23, жирэмсэн 13, өндөр настан, асран хамгаалагчтай тав, хөгжлийн бэрхшээлтэй долоо, бага насны хүүхэдтэй гэр бүл долоо, оюутан сурагч 20, саатуулагдсан иргэд 12 хувь байгаа.

Франкфурт хотын олон улсын томоохон онгоцны буудлыг сонгосон. Уг нислэгээр оюутан сурагч 23, эрүүл мэндийн шалтгаантай 12, жирэмсэн 15, өндөр настан болон асран хамгаалагчтай 20, хөгжлийн бэрхшээлтэй нэг, бага насны хүүхэдтэй гэр бүл 29 хувь байна.

Албан ёсоор 86 настай иргэний авахгүй байна гэсэн асуудал үүсч байна. Энэ иргэнийг бид орхиогүй ээ. Тусгай үүргийн нислэгт хамрагдсан байгаа гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Гэхдээ 86 настай иргэнийг авчрахын тулд нислэгт хамрагдах ёстой байсан нэг хүнийг хасч байна. Өөрөөр хэлбэл, нэг хүнийг баярлуулаад, нөгөө хүнийг гомдоох ийм асуудал үүсч байна. Тусгай нислэгт багтах иргэдийг сонгох асуудал маш хүнд байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Сөүлийн транзит нислэгээр АНУ-аас болон бусад улсаас ирэх гэж буй иргэдийн тоо нийлээд 3000 гаруй болж байна. Эдгээрээс таван шаардлагын дагуу мэдээллийг нь ангилаад авахад 1174 хүн нийцэж байна. Эндээс хэрхэн сонгон шалгаруулах вэ гэдэг маш хүнд ажил бидэнд оногдсон. Энэ удаагийн нислэгээр зөвхөн Монгол Улсын иргэдийг хамруулах шаардлагыг Шуурхай штабаас тавьсан.

“УЛААНБААТАР-ФРАНКФУРТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГИЙН БИЛЕТИЙН ҮНЭ ӨНДӨР БАЙНА ГЭСЭН”

МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр:

-Манай компанийн зүгээс “Хүннү эйр” компанийн хүсэлтийн талаар тодорхой хариулт өгч мэдэхгүй байна. Хамгийн гол асуудал нь “Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэгийн билетийн үнэ өндөр байна” гэдэг асуудлыг иргэд хэлж байгаа. Энэ чиглэлийн нислэг зургадугаар сарын сүүлчээр эхэлдэг байсан. Гэхдээ бид Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэр гарсны дагуу нислэг үйлдэхээр болсон. Берлиний нислэгийг Франкфурт руу шилжүүлсэн нислэг болж байгаа. Энэ нислэгээр ирэх гэж байгаа хүмүүсийн 50 гаруй хувь нь манай өөрийн үйлчлүүлэгч буюу Берлиний чиглэлд билеттэй байсан зорчигчид байгаа. Зарим нь зун нисэх байсан нислэгийн билетийг урьдчилж авсан байсан. Үлдсэн 30-40 гаруй хувь нь шинээр билет авч байгаа хүмүүс. Эдгээр хүмүүсийн билетийн үнэ 700 гаруй евро. Дээр нь татварын асуудал байдаг.

Энэ тарифыг 2015 онд батлагдсан, таван жил мөрдөгдөж байгаа. Энгийн ангиллын тариф дотроо 10 төрөлтэй. Хамгийн хямд билет нь 400 еврогоос эхлээд 905 еврогийн үнэтэй. Энэ нислэг маань зөвхөн нэг талдаа зорчигчтой явж байгаа учраас хуучин тарифаараа худалдаалж байгаа юм. “МИАТ” компанийн онгоцны билет зарна” гэх хуурамч зарууд сошиалд их тавигдаж байна. Энэ бүх зар хуурамч гэдгийг хэлье.

“ЗӨВХӨН “МИАТ КОМПАНИЙН ХОЁР ОНГОЦООР ИРГЭДЭЭ ҮЕ ШАТТАЙГААР ТАТАН АВНА”

ОБЕГ-ын  тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян:

-Нийт тусгай үүргийн найман нислэгээр 1800 гаруй,  хилийн боомтоор 2400 гаруй, төмөр замын боомтоор 4300 гаруй иргэнийг татан авсан.  Маргааш буюу дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 1-ний өдрүүдэд Сөүл хотоос, тавдугаар сарын 2-ны өдрүүдэд Германы Франкфурт хотоос нийтдээ 790 гаруй иргэнийг татан авах бэлтгэлийг хангалаа.

Ер нь Улсын онцгой комиссын Шуурхай штаб дээр гадаадад суугаа Элчин сайдын яам, Консулын газраас ирсэн нэрсийг тусгай ажлын хэсэг гарган, нягталж эцэслэн “МИАТ” компанид нэрсийг өгсөн. Одоогийн байдлаар дэлхийн 35 орны 9900 гаруй иргэд эх орондоо ирэх хүсэлтээ өгөөд байна. Сүүлийн өдрүүдэд БНСУ-ын Элчин сайдын яамны гадна манай улсын иргэд эмх замбараагүй байдал үүсгэх, дипломат ажилтнуудын эрхэнд халдах, нэр төрийг гутаах үйлдэл гаргаж байна. Иргэддээ анхааруулж хэлэхэд Элчин сайдын яамны өдөр тутмын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах асуудлыг онцгойлон анхааруулж байна.

Цаашдаа Засгийн газар, Улсын онцгой комисс үе шаттайгаар иргэдээ татан авна. Энэ үйл ажиллагаа тасалдахгүй. Энэ тоо өдөр бүр нэмэгдэж байна. Манай улс тусгаарлах байр, эмч мэргэжилтнүүдийн бололцоог харгалзан үзэж, “МИАТ” компанийн хоёр онгоцоор иргэдээ үе шаттайгаар татан авна. ОХУ-аас ирэхээр хүсэлтээ өгсөн 570 гаруй оюутан байна. Дөрөвдүгээр сарын 6-наас эхлэн ОХУ-ын бүх их дээд сургуулиуд цахим сургалтад шилжсэн. Тэнд байгаа 2000 гаруй оюутан эх орондоо ирэх хүсэлтэй байна.

Туркт байгаа 500 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илгээсэн. Энэ асуудлыг ойрын хугацаанд судалж байна.

Бид хоёрдугаар сарын 1-нээс хойш нийтдээ 4300 гаруй иргэнээ татан авсан. Эдгээр иргэдийн 2195 буюу 1.7 тэрбум төгрөг тусгаарлах байрны зардалд орсон. Эндээс 60 иргэн нийт 39.5 сая төгрөгийн төлбөрөө төлөөгүй байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр ярилцаж байна.

БНХАУ-аас гэхэд тэнд хорих ял эдэлж байгаад ирсэн төлбөрийн чадваргүй иргэдийн асуудал үүсч байгаа.  Үүний зэрэгцээ, гадаадад буй иргэд хуурамчаар эмнэлгийн бичиг хийж, бүгд өвчтэй гэх хандлага үүсгэж байна. Хуурамчаар бичиг баримт бүрдүүлж буй иргэдэд хариуцлага тооцно" гэв.

 Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
9
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж