Дэвид Боуигийн аянгат нүд нүүр будалт төдий байгаагүй

Хуучирсан мэдээ: 2020.04.29-нд нийтлэгдсэн

Дэвид Боуигийн аянгат нүд нүүр будалт төдий байгаагүй

Дэвид Боуигийн аянгат нүд нүүр будалт төдий байгаагүй

Дэвид Боуи өөрийн зургаа дахь цомог “Aladdin Sane”-ийг тэртээ 1973 оны дөрөвдүгээр сарын 13-нд гаргаж байлаа. Чухам тэр цомгийн нүүр зураг өдгөө Дэвид Боуигийн хамгийн алдартай хөрөг болж үлдсэн юм.

Дүрэлзэх гал мэт улаан үс, цусгүй юм шиг цагаан арьс, амьд гэдгээ илтгэх мэт ягаан туяатай царай, хөмсөггүй хэр нь тодоос тод сормуустай, товойж гарсан шанаа. Духан дээрээс баруун нүд уруу цахилсан хөх, улаан аянга, зөөлөн аньсан нүд, сулхан жимийсэн уруул. Тэр яг л харь гаригаас нисээд, эсвэл тэнгэрийн орноос унаад ирсэн эгэл бус нэгэн хүний дүрд хувилчхаад ертөнцийн тухай олон бодлынхоо гүнд ганцаардаж, бодлогоширч буй мэт харагдана. Энэ үедээ тэрбээр аль хэдийн хүйсээс гадуурх сэтгэлгээ, жүжгийн дүр мэт ихэмсэг байдал, цаг үеийг байлдан дагуулж асан панк рок, металл урсгалын хатуу ширүүнээс эрс ялгардгаараа алдаршчихсан байв.

Боуи уран сэтгэмжээр өөрийн дуу хөгжим, тоглолтын эргэн тойронд үргэлж яригдах домог бүтээдэг байлаа. Тухайлбал 1972 онд гаргасан алдарт цомог “Зигги Стардаст болон Ангараг гаригийн аалзнуудын сэргэн мандалт агаад мөхөл сүйрэл” цомогтоо тэрбээр олон хүйсийн сонирхол бүхий харь гаригийн рок од дэлхийг сүйрэхээс нь өмнө амжиж хүн төрөлхтөнтэй уулзаж байгаа дүр бүтээсэн байна.

Харин түүний дараа Боуи эхэнд дурдсан “Aladdin Sane” цомогтоо электрон хүүгийн дүр бүтээхийг зорьсноо хожим 1987 онд Rolling Stones сэтгүүлд ярьж байжээ. Тэрбээр “Би тэр хүүг аянгад ниргүүлээд галзуурсан байгаагаар дотроо төсөөлсөн. Тэр үед би Зиггигийн дүрээс гараад чухам хаачхаа мэдэхгүй сандарч байлаа. Тэгээд удалгүй би тэр электрон хүүг олсон юм” хэмээн ярьсан байна.

Электрон хүүгийн алдарт хөргийг дурандаа буулгасан зурагчин Брайан Даффигийн хэлснээр Боуи түүнд нүүрэн дундуураа аянгад ниргүүлж буй мэт харагдахыг хүсч байгаагаа хэлсэнд тэрбээр нүүр будагч Пиерр Ла Рочитой хамтран студид байсан Панасоникын будаа агшаагч дээрх аянгын дүрсийг хуулж Боуигийн нүүр дээр зуржээ.

Тэр л уруулын будгаар зурсан аянга хожим рок хөгжим төдийгүй загварын түүхэнд домог болон үлдсэн юм. Ийнхүү Боуигийн Скандинавын хүүхэлдэй, ангараг гаригийн ойролцоогоос ирсэн харь гаригийн рок од дээр аянгад ниргүүлсэн электрон хүүгийн домог шинэ хуудас болон нэмэгджээ.

Түүнээс хойш тоолохын аргагүй олон шүтэн бишрэгч гэр гэртээ өөрсдийн гэсэн аянгыг нүүр дээрээ зурж “сахилгагүйтдэг” болсон юм. Өдгөө хэн ч цахим орчинд ороод Боуигийн аянгыг хэрхэн нүүр дээрээ зурах хязгааргүй олон арга, заавартай танилцах боломжтой болжээ.

2003 онд Vogue сэтгүүлийн нүүр дээр Кейт Моссын аянгатай нүүр хэвлэгдэж байсан бол түүнээс 10 жилийн дараа Ник Найтын дарсан Моссын тэрхүү зураг 38 мянган ам.доллараар зарагдаж байв. Сүүлийн үед гэвэл жүжигчин Сара Хайланд домогт аянгыг өнгөрсөн сүнсний баяраар дуурайж, дуучин Кеша энэ оны нэгдүгээр сард Боуигийн 73 насны төрсөн өдрөөр нүүр дээрээ аянга зурсан билээ.

Дэвид Боуи сансрын уран төсөөлөл, театрын сэтгэмжээрээ Алис Күүпер зэрэг рок оддоос ялгарахыг хүсдэг байв. Гэхдээ түүний арга үзэгчдийг гайхшруулах байсангүй. Тэрбээр хүйсийн хязгаар, гоо сайхны талаар баригдмал ойлголт, бэлгийн чиг баримжааны хэвшмэл, явцуу, хоцрогдсон үзлийг халахад илүү анхаарсан юм.

“Тэр энэ гаргийнх бус тэдгээр хачин жигтэй дүрүүдийг бүтээхэд маш их цаг зарцуулсан. Хэрвээ та хүүхэд байсан бол түүний харуулахыг хичээсэн эдгээр эр, эм хүйсийн талаар тэс ондоо ойлголт танд хачирхалтай хэрнээ гайхамшигтай санагдах байсан” хэмээн соёл шүүмжлэгч Уэсли Моррис 2016 онд Боуиг хорт хавдраар нас барсны дараа ярьж байжээ.

Боуигийн аянга түүний Зиггигийн дүрийг бүтээхдээ духан дээрээ алтан тойрог зурснаас ч илүү олонд танигдсан. Түүнээс өмнө хүмүүс түүнийг нүүрээ буддагийг ихээр шүүмжилдэг байсан юм. Тэрбээр энэ тухай “Хүмүүс эхэндээ дургүй байсан. Секс Пистолс хамтлаг гарч ирэхэд хүмүүс дургүйцэж байснаас ч илүү. Эхний хэдэн сар надад их хэцүү байлаа. Намайг хөгжим хийж эхэлтэл хүмүүс надад маш дургүй байсан” хэмээн ярьж байжээ.

Харин түүний нэр хүнд олон улсад өсөхийн хэрээр хүмүүс дургүйцэхээ байж, бүх нийтээр хүлээн зөвшөөрөх болсон юм. “Эхэндээ би зүгээр л тайзан дээр гарахдаа Зиггигийн дүрийг бүтээдэг байсан. Харин хүмүүс намайг энгийн үед ч Зигги хэмээн хардаг болсон. Би тэдний бурхан мэт л болсон нь надад их аймаар санагдаж, Зиггигийн дүрийг хурдхан орхисон юм даа” хэмээн Боуи ярьжээ.

Боуи АНУ-аар аялан тоглолт хийж байхдаа дараагийн цомгоо бичсэн гэдэг. Тэр үед Боуигийн хөгжим Америкын нийгэмтэй холилдон илүү бараан болсон байна. Тэрбээр сүүлд “Aladdin Sane” цомгийн электрон хүү бол Америкын соёлд эвдэрсэн Зигги хэмээн тайлбарласан аж. Улмаар тус цомог гарснаас гурван сарын дараа Зиггигийн дүр тайзан дээр амиа алдсан хэмээгдэж, дахин дурсагдаагүй байна.

Энэ үйл явдлын тухай Боуи Rolling Stones сэтгүүлд “Рок дүрүүд богино амьдралтай байх ёстой. Тэд цомгоос цомог дамжин яваад байж болохгүй. Тэгвэл зүгээр л хүүхэлдэйн кино болчихно шүү дээ” хэмээн тайлбарлажээ.

Дэвид Боуиг нас барсны дараа олон олон шүтэн бишрэгчид нь түүний амьдарч байсан Лондоны Брикстон дүүрэгт 2013 онд гудамжны зураач Жимми Сигийн урласан хөргийнх нь өмнө цугларч дурсдаг болсон байна.

Дэвид Боуигийн амьдрал ердөө гялбаа төдий байсангүй. Түүний амжилт огторгуйд болсон том тэсрэлт байлаа. Аладдин Сейн цаашид ч оддоос ирсэн хүний хамгийн түгээмэл төсөөлөл хэвээр үлдэх болно.

эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж