ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.
Posted by News.mn on Tuesday, April 28, 2020
Эрүүл мэндийн яам covid-19 вирусийн цар тахалтай холбоотой цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна. Манай улсын хувьд ажиглалтад 735 хүн байна. 24 цагийн ажиллагаатай 119 дугаарт 204 дуудлага ирсэн бөгөөд коронавирусийн зөвлөгөө, мэдээлэл авсан байна. Сүүлийн 14 хоногийн хугацаанд гадаадад буй Монгол Улсын таван иргэн covid-19 халдвар авч, утсаар зөвлөгөө авлаа.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны дөвөвдүгээр сарын 28-нд ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийт 315 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Дорноговь аймагт тусгаарлагдсан зургаан хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Монгол Улсад томуугийн тандалтын тогтолцоо 2004 оноос ажиллаж байгаа. Нийт 156 нэгж цэгээс хамар, залгиурын сорьц авч шинжилгээ хийдэг. Энэ сорьцонд санамсаргүй түүврийн аргаар сугалж аваад вирус илрүүлэх шинжилгээг хийж байна. Дархан уул аймагт 59 хүн, ХӨСҮТ-д 258 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. ХӨСҮТ-ээс өчигдөр 80 хүнийг тусгаарлалтын хугацаа дууссан учир шилжүүлсэн гаргасан. Мөн тусгаарлах байрнаас 120 хүний тусгаарлалтын хугацаа нь дуусч, дараагийн газар руу нь шилжүүлсэн.
ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: ХӨСҮТ, болон УОК шуурхай ажлын штаб буюу олон салбарын хүмүүсээс бүрдсэн халдварт өвчнөөс сэргийлэх, хариу арга хэмжээ авах, эмчлэх үүрэг бүхий 170 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тохиолдлын удирдлагын тогтолцоо ажиллаж байна.
Бид энэ хугацаанд долоон удаагийн үүргийн онгоцыг хүлээж авсан. Мөн ОХУ-ын хилээр орж ирсэн, бусад боомтуудаар орж ирсэн 3000 гаруй хүнд тандалт судалгаа хийсэн. Энэ тандалтыг хийхдээ тагнуул, цагдаагийн газартай хамтран ажиллаж, тухайн зорчигчийн ирсэн газраас нь эхэлж тандалт судалгаа явуулсан. Түүний хүчинд бид өнөөдөр эх нутагтаа халдварыг тараахгүй байх ажлыг зохион байгуулж байна.
Гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн 38 тохиолдлоос 1-13 хоногийн дараа халдварыг илрүүлсэн. Сэжигтэй гэж үзсэн тохиолдлыг хоёроос гурван удаа шинжилдэг. Батлагдсан тохиолдлоос анх 20 хүн нь эмнэл зүйн шинж тэмдэггүй байсан. ХӨСҮТ-д тусгаарлагдсаны дараа эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байх жишээтэй. Нийт батлагдсан тохиолдлын 21 нь дунд явцтай байсан. Хүндэвтэр явцтай зургаан хүн, хүнд явцтай нэг хүн, маш хүнд явцтай нэг хүнийг эмчилж эдгээсэн.
Нийт батлагдсан тохиолдлын 19 нь эрэгтэй, 19 эмэгтэй байна. Насны хувьд 11-65 насны хүмүүс байгаа бол дундаж нас нь 38 байна. Өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь залуус учраас хөнгөн хэлбэрээр өвдсөн байна. Илэрч буй эмнэл зүйн шинж тэмдэг нь халуурах, хамар битүүрэх, булчин өвдөх, амьсгалын замын цочмог халдварын үед илэрдэг бүх шинж тэмдэг илэрч байсан. Нийтдээ хэвтсэн тохиолдлын арав орчим хувь нь хатгалгаагаар хүндэрсэн. Нийт 38 тохиолдлын дөрөв нь гадаадын иргэн байсан” гэлээ.
Холбоотой мэдээ