Дэлхийн дуурийн урлагт Монгол хэмээх нэрийг цуурайтуулж яваа алтан хоолойтнуудын нэг бол Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин. Тэрбээр өнгөрөгч хоёрдугаар сард эх орондоо ирсэн даруйдаа төрсөн нутаг Сүхбаатар аймагтаа амарч байна. Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин Сүхбаатар аймгийн Халзан сумынх.
Сүүлийн дөрвөн жил гадаадад ажиллаж, амьдарсан тэрбээр дуурийн тайзнаасаа буухдаа Монголдоо ирж, малчин болно хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Дуучин Э.Амартүвшин ярилцлагадаа “Би бараг жил шахуу яваад, эх орондоо хоёрдугаар сард ирсэн. Ер нь сүүлийн дөрвөн жил гадаадад ажиллаж амьдарсан. Дунд нь эх орондоо нэг сар ирдэг. Монголдоо сар шинээ тэмдэглээд, одоо хөл хориотой холбоотойгоор сайхан амарч байна. Төрсөн нутагтаа аав, ээжийнхээ ах дүү нар дээрээ очиж амарлаа. Хөдөө мал төллөж байна, Ямаа самналцлаа. Манай өвөө, эмээ малчин хүмүүс. Би дуурийн тайзнаасаа буухдаа Монголдоо ирээд малчин болох байх.
Өнгөрсөн дөрвөн жилд Италийн бүх том театруудад дуулсан. Миланы Ла Скала, Ромын театр хоёр үлдчихсэн байсан. Гэхдээ 2021 оны дөрөв, тавдугаар сард Миланы Ла Скала, Нью-Йоркийн "Метрополитен" театрт, Австрид бас дуулна” гэжээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ