Коронавирусийн цар тахалтай нүүр тулан ажиллаж буй ХБНГУ-ын эмч мэргэжилтнүүд халдварт өвчнөөс өөрсдийгөө хамгаалах хувцас хэрэгсэл дутагдсан, хэтэрхий эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаагаа эсэргүүцэн нүцгэн зургаараа давалгаалж эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ.
Эмч нар чагнуур, бичиг цаас, араг яс, самбар, ариун цэврийн цаас зэргээр нууц хэсгүүдээ халхалсан зургаа олон нийтийн сүлжээнд “Хамгаалах хувцас хэрэгсэлгүй бол бид ийм л байна. Бид аймшигт вирусийн өмнө нүцгэн зогсч байгаатай адил байна” гэх тайлбартайгаар нийтэлсэн байна.
Тэд улсад нь анхны тохиолдол бүртгэгдэхэд л эрх баригчдыг энэ тал дээр анхаарлаа хандуулахыг хүссэн ч өнөөг хүртэл хамгаалах хэрэгсэл дутмаг хэвээр байгаа аж. Засгийн газраас хангамжийг нэмэгдүүлж байгаа ч амны хаалт, хамгаалалтын нүдний шил, бээлий, хамгаалах хувцасны эрэлтийг гүйцэхгүй байгааг эмч нар ярьж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр тус улсад 159 мянга гаруй хүн коронавирусийн халдвар авч, 6,300 гаруй хүн нас бараад байгаа ба халдварын тохиолдлын тоогоор дэлхийд зургадугаарт жагсч байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ