Эрүүл мэндийн салбарынханд түрээслээд өмчлөх 4000 орон сууцнаас олгохыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2020.04.29-нд нийтлэгдсэн

LiveЭрүүл мэндийн салбарынханд түрээслээд өмчлөх 4000 орон сууцнаас олгохыг хүслээ

Posted by News.mn on Wednesday, April 29, 2020

17 : 22
2020-4-29

Д.Сарангэрэл сайд түрээслээд өмчлөх 4000 орон сууцнаас эмч, эмнэлгийн ажилтнуудад олгохыг хүслээ

Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын чуулган эргэн хуралдаж, “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.


УИХ-ын үдээс хойших хуралдаанаар “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгийг хийж холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХын гишүүн Д.Эрдэнэбат: МАН-ын хэдэн гишүүн кг ноолуур тутамд 20 мянган төгрөг өгнө гээд хэвлэлийн хурал хийх юм.

Ч.Улаан сайд 100 мянгаар ноолуур авна гэж шал дэмий юм ярьж, голдрилоороо явж байсан ноолуурын үнийг унагаачихлаа. Дэлхийн зах зээл дээр ноолуурын үнэ унасан байтал төр үнэ тогтоож байна гээд баллачих юм. Одоо кг тутамд 20 мянган төгрөг өгнө гэвэл малчид байгаа ноолуураа бушуухан зараад арай гэж 40-50 мянган төгрөгийн ханштай байгаа ноолуурын үнэ шалан дээр унасан шүү дээ. Яагаад ийм бодлогогүй юм хийгээд байгаа юм бэ. Сонгуулиар малчдад 20 мянган төгрөг өгсөн болох гэж саналыг нь авах гэж байгаа юм уу та нар.

УИХын гишүүн Л.ЭлдэвОчир: УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг байнгын хорооны дарга нар, сайд нарын өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдаж, тус тогтоолын төслийг боловсруулсан. Үүссэн гажуудал байгаа. Гэхдээ хорлох үйл ажиллагаа гэж үзэхгүй байна. Ноолуурын үнийг барихын тулд төрөөс үнийг нь тогтоочихвол малчдад дэмжлэг болно л гэж үзсэнийх. Энэ үед улс төр хиймээргүй байгаа юм. Сонгууль дөхсөн энэ үед цикл нь таарсан юм. Малчдаа, улс орноо өөд нь татах гэсэн төрийн бодлогын асуудал. Малчдад мөнгө өгөхөд юунд нь цааргална вэ.

УИХын дарга Г.Занданшатар: Ноолуур бол манай улсын стратегийн бүтээгдэхүүн.”Зөөлөн алт” ч гэж хэлдэг. Нөхөн сэргээгддэг баялаг. Америк болон бусад орон руу экспортод гаргахаар хэлэлцэж байгаа. 2 тэрбум ам.долларын экспортын орлого олох бололцоотой бүтээгдэхүүн. Ийм учраас асуудалд улстөржилтгүйгээр бодитой хандах хэрэгтэй.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл

Тогтоолын төслийг боловсруулсан найман гишүүндээ талархаж байна. Тогтоолын төсөлд үйлчилгээний болон төрийн захиргааны ажилтан гээд өөрчилчихлөө. Уг нь анхны хувилбараар нь буюу эмч, эмнэлгийн ажилтан, төрийн тусгай албан хаагч гэх нь зөв. Төрийн тусгай албан хаагч гэдэгт цагдаа, онцгой зэрэг байгууллагуудад харьцангуй эрүүл мэндийн салбарынхнаас орон сууцны нийгмийн асуудалд илүү анхаардаг. Эрүүл мэндийн салбар салбарынхаа ажилчдын асуудлыг шийдэх нь байтугай яамны асуудал нь хүндхэн ийм салбар. Энэ хүнд цаг үед шинэ барилгын талаар бид ярихгүй. Харин эмч, мэргэжилтэн, ажилтнуудын орон байрны асуудалд анхаарах шаардлага бий. Эхний ээлжид  4000 орон сууцанд төрийн албан хаагчдын оруулна гэж байна. Үүний 80 хувьд нь эрүүл мэндийн салбарынхныг хамруулах хэрэгтэй. Бусад салбарынхан өөр өөрсдийн салбарын хүрээнд орон сууцжуулах хөтөлбөрт тодорхой хэмжээнд хамрагддаг. Эрүүл мэндийн салбарынхны хувьд ийм боломж байдаггүй. Өнөөдөр энэ дэмжлэг манай салбарынханд ус, агаар мэт хэрэгтэй байгаа. Үүнийг УИХ-ын дарга анхааралдаа аваасай гэж хүсч байна. Та энэ төслийг орж ирэхээс өмнө УИХ-ын хаврын чуулганы нээлтэн дээр хэлж байсан учраас бодит байдалд хэрэгжүүлээсэй гэж хүсч байна.

УИХын дарга Г.ЗанданшатарХолбогдох бусад байгууллагын төлөөллийг байлцуулан энэ асуудлаар хэд хэдэн удаа хуралдсан. Гэр хороололд амьдарч байгаа эмч, эмнэлгийн ажилтан, онцгой, төрийн тусгай албан хаагчдын судалгааг гаргаад түрээсийн орон сууцанд хамруулах асуудлыг ярилцсан. Энэ үеэр зөвхөн эмнэлгийн ажилтнуудыг хамруулах нь өрөөсгөл юм гэж ажлын хэсэг үзсэн. Засгийн газраас ипотекийн зээлийн хүүгийн татаас гээд 60 тэрбум баталсан. Үүнээс 34 тэрбумыг нь НОСК-д шилжүүлснээр Монголбанк санхүүжүүлээд энэ хөтөлбөр хэрэгжих бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл түрээслээд өмчлөх хэлбэр. Шинэ зээлийн бүтээгдэхүүн. Одоо ашиглахад бэлэн 4000 мянган орон сууц байгаа, баригдаж байгаа 60 мянган орон сууж байгаа. Үүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь цаад талдаа 100 мянган хүнийг ажлын байраар хангах эдийн засгийн шийдэл.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын чуулган эргэн хуралдаж, “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

 

15 : 34
2020-4-29

Цар тахлын тухай хуулийг баталлаа

Үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгийг,

Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг тус тус хийнэ.

Хэлэлцэх асуудлын эхэнд Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцууллаа.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Цахимаар саналаа авдаг болъё гэж УИХ-ын даргад би бичгээр уламжилсан. Таван танхимаас гараа өргөж саналыг хураалгахаар саналын зөрүү маш их гарч байна. Дандаа 2-3 хүний зөрүүтэй саналын тоо хэлээд байгааг би баримтжуулж танд өгнө. Цахимаар хуралдаж байгаа гээд ийм хариуцлагагүй байж болохгүй ээ. Бүх танхимууд хоосон байтал хуралдааныг явуулах боломжгүй. Ёс зүйн дэд хорооны дарга ирцэд анхаармаар байна. Цаашид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтэй холбоотойгоор чухал хуулиудыг хэлэлцэнэ. Ийм дүр төрхтэйгөөр хуралдаад дараагийн шинээр бүрэлдэх парламентад асар том хүндрэл авчирна шүү. Ирцээ хангаж байж санал хураалтыг явуулах горимын санал гаргаж байна. Бид асуудалд ингэж болохгүй. Маргаашаас эхлэн санал хураалтыг цахимаар авах горим руу оръё.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Ирцийг Д.Тогтохсүрэн дарга, Ёс зүйн дэд хорооны дарга хоёр хянаж байгаа. Маргаашаас эхлэн цахим парламентын зарчмаар санал хураалтаа явуулна. Цахим хуралдааны дэгт шилжихийг ийн гишүүдэд анхааруулж байна.

Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 7 саналаар санал хураалт явууллаа. Тухайлбал, цар тахлын голомтод эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээ, төрийн захиргааны, төрийн тусгай албан хаагчдад гэснийг эрсдэлт нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагч гэж тус тус өөрчлөх гэсэн саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ.

Үүгээр Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

13 : 37
2020-4-29

Ж.Энхбаяр: Лобби хүчтэй байна, өргөн барьсан хуулийн маань утгыг алдагдууллаа

Posted by News.mn on Tuesday, April 28, 2020

Цар тахлын тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй санал болох цар тахлын голомтод эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээний, төрийн захиргааны, төрийн тусгай албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүнийг татаасаар дэмжлэг үзүүлэх гэсэн байнгын хорооны дэмжээгүй санал УИХ-ын чуулганаар дэмжигдэв.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр дээрх саналыг дэмжихгүй байхыг хүссэн юм. Учир нь түүний санаачилсан энэхүү хууль нь цар тахалтай тэмцэх, сэргийлэх тухай хуулийн төсөл учир цар тахлын үед авах эдийн засгийн арга хэмжээг тусад нь УИХ-ын тогтоолоор шийдэх ёстой” гэсэн юм. Тэрбээр энэ тухайгаа “Өвчлөлөөс шалтгаалж үүсч буй эрүүл мэндийн салбарын хямралаас гадна эдийн засгийн томоохон хямрал болох нь зайлшгүй. Би 2013-2014 онд болсон үйл явдлыг сануулахыг хүсч байна. Тухайн үед нөхцөл байдал яг одоогийнх шиг байна. Тухайн үед УИХ дээр барилгын салбарын асуудал яригдсан. Барилгын салбар үндсэн түүхийн эдийн дийлэнх нь импортоос хамааралтай. Өнөөдөр Монгол Улс 600 сая ам.долларын гадаад худалдааны тэнцлийн алдагдалтай. 1 тэрбум ам.долларын валютын ханшийн тэгшитгэл хийх гээд интервенц хийсэн. Валютын нөөц 4 тэрбум төгрөг хязгаарлагдмал. Хоёрдугаар улирлын гадаад худалдааны тэнцэл 600-800 сая ам.долларын алдагдалтай болох байх. Ийм маягаар импортийг өдөөдөг, валют шаардагддаг, хэрэглээг мөн өдөөсөн бодлого явуулбал өнгөрсөн хугацаанд Монгол Улс валютын нөөцөө барж ОУВС-д хамрагдаж байсан. Энэ байдал өнөөдөр давтагдах нь. Үүний бодит гэрч байсны хувьд хэлье. Манай залуу гишүүд мэдэхгүй. Сайхан санаа гаргаж байна. Үүнийг баавгайн тус гэдэг юм. “Эзнийхээ толгой дээр суусан ялааг цохиж өгөх гэж байгаад амь насанд нь хүрдэг” үлгэр шиг асуудалд хандаж байна. Эдийн засагт нүүрлэж байсан өмнөх сургамжуудаа бид авч чадахгүй байна. Бид бүтээгч биш, хөдөлмөрлөгч биш, үйлдвэрлэгч биш хэрэглэгч ард түмэн. Ийм үед үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Барилгын салбарын борлуулалтыг нэмэгдүүлэх зүйлийг төрийн албан хаагчдын нэрээр халхавчилж хийж байгаа. Энэ бүхнийг би хэлэхийг хүсч байна, удахгүй нөхцөл байдал хүндэрнэ. Уул уурхайн салбарын экспорт 86 хувиар уначихлаа, бидэнд өөр санхүүгийн эх үүсвэр байхгүй. Дэлхий даяар санхүүгийн хямралд орж бидэнд туслах нөөц байхгүй. Гэтэл бид байгаа жоохон нөөцөө буруу зүйлд үрэх гэж байгаад харамсаж байна. Тархалтыг барьж чадах нь төрийн эрх ашиг. Түүнээс биш байшин барилга барих санал 10,20 дахь асуудал. Лобби хүчтэй байна, та нар өөрсдөө мэд. Харамсалтай нь миний өргөн барьсан хуульд наах байх. Гэхдээ би өөр байр сууринд байсан гэдгээ үүгээр мэдэгдэж байна.

БХБ-ын сайд Х.Бадельхан: Эрүүл мэнд болон онцгой байдлын ажилтнуудад зориулсан орон сууцны ипотекийн зээлийн бүтээгдэхүүн гаргах заалтыг Монголбанктай хэлэлцэн тохирч байгаад гаргасан тул хэрэгжих бүрэн боломжтой гэсэн юм.

Дараа нь АН-ын зөвлөлөөс Ажлын хэсэгт оруулсан санал болох экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ААН-үүдэд дэмжлэг үзүүлэх гэсэн байнгын хорооны дэмжээгүй саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжилгүй унагаалаа

Санал хураалтын өмнө Ажлын хэсгийн ахлагч, АБГББХ-ын дарга Т.Аюурсайхан дээрх саналыг дэмжихийг хүсч үг хэлсэн юм.

Худал мэдээлэл түгээсэн бол иргэнийг 500 нэгж, аж ахуйн нэгжийг 5000 нэгжээр торгоно гэсэн санал дэмжигдсэнгүй

Онцгой эрсдэлтэй үед хорио цээрийн дэглэмийг санаатайгаар саад учруулсан, олон нийтийг төөрөгдүүлэх худал мэдээлэл түгээсэн бол иргэнийг 500 нэгж, аж ахуйн нэгжийг 5000 нэгжээр торгоно гэж тусгасныг ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан хасах санал гаргасан юм. Тэрбээр энэ тухай “Хэвлэлийн эрх чөлөөг боох, иргэдийн үгээ хэлэх эрхийг нь хаасан зүйл заалтыг зөвшөөрөхгүй зарчмыг баримталж ажилласан. Тиймээс хуулийн төслийн 9.10, 9.15 дахь хэвлэлийн эрх чөлөө иргэдийн үг хэлэх заалтыг хассан. Аливаа хуульд хариуцлагын заалт байх нь зүйн хэрэг. Гэхдээ хэм хэмжээ гэж байх ёстой. Худал мэдээлэл хэлсэн хувь хүнийг 5 сая төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох ийм саналыг оруулж ирснийг бид дэмжиж болохгүй ээ. Энэ заалтыг дэмжихгүй санал өгч, төслөөс хасах саналтай байна” гэв.

Дээрх саналаар санал хураалтад явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжихгүй гэсэн саналыг унагаав.

Үүгээр  төслийн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж дууссанаар хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. АБГББХ-ын дарга, ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан “Эцсийн хэлэлцүүлгийн үед Ерөнхийлөгчөөс ирүүлсэн санал болох Цар тахлын үед өндөр настай, хууч өвчтэй, эрүүл мэндийн тогтмол тусламж үйлчилгээ шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэдэгт хүүхэд гэдэг бүлэг үлдээд байгаа юм. Хэрэв УИХ-ын дарга чиглэл өгвөл ердийн олонхоор хэлэлцээд шийдвэрлэх боломжтой гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

Энэ үед хүчээ нэгтгэж саналуудаа гаргах ёстой. Хүүхдийг нэмэх асуудал өчигдөр ч гэсэн яригдсан. Үүнийг байнгын хороогоор шийдэх чиглэл өгч байна. Иргэдийн өгч буй хандиваар Хямралын нэгдсэн сантай болох талаар хуульд тусгасан гэж хэлснээр чуулганы хуралдааныг хаалаа.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын өргөн барьсан Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг гишүүдийн олонх хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн төсөл санаачлагчид буцаав.

Үргэлжлүүлэн Эдийн засгийн байнгын хороо, АБГББХ тус тус хуралдаад чуулган эргэн хуралдана.

11 : 50
2020-4-29

Т.Аюурсайхан: Өндөр настан, хууч өвчтэй, эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын гишүүн 2020.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийж байна.

Байнгын хорооны танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан хийв. Танилцуулгадаа, ажлын хэсэг 2020 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хуралдаж, хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ардчилсан намын зөвлөлөөс ирүүлсэн санал, Ажлын хэсгийн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг нэгтгэн хэлэлцсэн талаар онцлов. Мөн зарчмын зөрүүтэй саналууд нь цар тахлын голомтод эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээний, төрийн захиргааны, төрийн тусгай албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүнийг татаасаар дэмжлэг үзүүлэх, жирэмсэн болон эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, УИХ-аас хуулийн биелэлтийг сар тутам нээлттэй хэлэлцэх зэрэг ач холбогдолтой болохыг тэмдэглэсэн юм.  

УИХ-ын гишүүн О.Батнасан:

Банк санхүүгийн салбарын шинэчлэлийн асуудлыг яаралтай хийх шаардлагатай. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг баталбал үйлдвэрлэгчдийг дэмждэг төрийн бодлого бий болно. Хөрөнгө оруулалтын банк бол хадгаламж авахгүй зөвхөн бодлогын зээл гаргана. Жишээ нь ноолуурыг авч яривал хэрэв дотоодын ААН-үүд хөл дээрээ зогсчихсон байсан бол 10 мянган тонн ноолуурыг зах зээлд борлуулж, худалдан авах чадвартай байх байлаа. Төр бодлогоор үйлдвэрүүддээ дэмждэггүйн гай гарч байна. Алтын ханш зах зээл дээр өсч байгаа. Алттай холбоотой асуудлаар Засгийн газар,Монголбанк, салбар яам нь маш сайн ажиллах хэрэгтэй. Мөн нийгмийн даатгалын салбар алдангитай явж ирсэн. 700 тэрбум орчим төгрөгийн алдагдал хүлээдэг. Энэ байдлыг өөрчлөх цаг нь болсон. НДШ гэдэг бол хөдөлмөрийн хөлс. Энэ салбарт анхаарах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Төсөлд Ерөнхийлөгчийн санал мөн АН-ын саналыг авсан уу. Бид ойлголцож байж урагшаа явна. Галын фронтод ажиллаж байгаа салбарынхныг дэмжихтэй холбоотой багц асуудлууд орсон байх гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд бол хүнийхээ амь нас, эрүүл мэндийг, өвчнийг тархалтыг барих чиглэлд маш сайн ажилласан нь дэлхийн жишиг боллоо. Одоо эдийн засгаа дэмжих арга хэмжээнүүдийг авах гэж байгаа нь зөв. Бүх зүйл нь ил тод байх шаардлагатай шүү. Ийм хүмүүс, ААН-үүдэд ингэж ингэж тусна гэж маш тодорхой байгаасай гэж хүсч байна. Мөн хүн амын өлсгөлөн, хоол ундны дутагдалтай холбоотой асуудал гарна шүү. Энэ тал дээр анхаарсан бодлого төсөлд тусгагдсан уу?

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

Хууль санаачлагчдын боловсруулсан төсөл дээр ажлын хэсгээс тодорхой саналууд гарсан. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд саналаа ирүүлсэн. АН-ын зөвлөл болон гишүүдээс саналууд ирсэн. Тухайлбал ажлын хэсэг дээр ярилцаж байгаад төсөлд тодорхой саналуудыг тусгасан. Хуульд ерөнхий зохицуулалтуудыг хийх шаардлагатай. Коронавирусийн халдвараас сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэж тэр салбаруудыг ингэж дэмжинэ эсвэл энэ төрлийн иргэдийг тэгж дэмжинэ гэсэн зүйл заалтыг хуульд оруулах нь зохисгүй. Харин ерөнхий байдлаар зүйл, заалтуудыг оруулсан. АН-аас ирүүлсэн саналд тухайлан ингэж дэмжинэ гэж нарийвчлан тусгасан байсныг ажлын хэсэг дээр найруулга талаас нь нэлээд анхаарч цар тахлын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд ажиллаж байгаа төрийн үйлчилгээний захиргааны болон тусгай албан хаагчдыг дэмжсэн бодлогыг оруулах ёстой гэж үзсэн. Мөн өндөр настан, хууч өвчтэй, эрүүл мэндийн тогтмол тусламж үйлчилгээ шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэдэг ерөнхий утгаар нь оруулсан. Бизнес эрхлэгчдийн тухайд тусгайлан тэр, энэ салбар гэж заах нь тохиромжгүй. Учир нь ашиг сонирхлын зөрчил үүснэ. Тиймээс төсөлд эдийн засгийн тодорхой салбарыг дэмжих зорилгоор гэж оруулсан. Ямар салбарыг нь дэмжих үү гэдгийг би тогтоох боломжгүй, хуулийн хэрэгжилтийн явцад эрх бүхий байгууллагууд нь зах зээлийн судалгааг танхимтай хамтран хийнэ. Зарим объектуудыг эрүүл мэндийн салбарын хэрэгцээнд авах талаар  тусгасан. Мөн хямралын эсрэг тусгай санг арвижуулах төсөвт зохицуулалт хийх эрхийг нь Засгийн газарт өгсөн.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

Хуулийн төслийг дэмжиж байна. Шинэ нөхцөл байдал дэлхийн улс орны өмнө тулгарч халдварын тоо өдөр бүр нэмэгдэж байна. Манай улсад бүртгэгдсэн 38 тохиолдол бүгд гадаадаас зөөвөрлөгдөж орж ирсэн. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор үүссэн нөхцөл байдлуудаа уян хатан болгох хууль эрх зүйн зохицуулалт шаардлагатай учраас энэ хуулийг батлах гэж байна. Энэ хуульд аль нэг салбар, тодорхой ААН-ийг дэмжье гэсэн агуулга байхгүй гэж үзэж байгаа. Ажлын хэсэг дээр ярилцаж байгаад олон хүний амьжиргаа тасарч, орлогогүй болсон иргэдийн тоо нэмэгдэж, ядууралд орж байна. Тиймээс энэ төрлийн хүмүүсээ дэмжих арга хэмжээг аваач гэдэг саналыг тавьсан. Үүнийг ажлын хэсэг дээр ярилцаад тодорхой саналуудыг гаргасан. Ингэхдээ төсвөө хөдөлгөхгүйгээр дотор нь зохицуулалт хийх боломжийг нь Засгийн газарт олгоё. Засгийн газрын саналд иргэд рүү чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг авах юм. Жишээ нь орлогогүй, ажилгүй байгаа эмзэг бүлгийнхэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх саналыг гаргасан. Дэлхийн улсууд ч энэ арга хэмжээг авч байгаа. Үүнд эрүүл мэндийн салбарынхан, төрийн тусгай албан хаагчдад түрээслээд өмчлөх хэлбэртэй ипотекийн зээлийн багцыг гаргая гэж үзсэн. Төрийн албан хаагчид өндөр цалин авч тансаглаад байгаа зүйл байхгүй. Өнөөдөр галын фронтод төрийн албан хаагчид маш сайн ажиллаж байгаа. Тэднийг сайн ажиллаж байна гэсэн урмын үгээр тэтгэх биш амь амьдрал нь хүрсэн нийгмийн бодлогыг гаргах шаардлагатай гэж үзэн дээрх саналыг гаргасан.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Манай зөвлөлөөс таван багц саналыг ажлын хэсэгт хүргүүлсэн. Нийт иргэдийн амьжиргааны түвшин, ажилгүйдэл жигд буурсан. Мөн ААН-үүдийн үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн. Тиймээс иргэд, ААН-үүдийг их, бага гэж ялгахгүйгээр бүгдэд нь эдийн засгийн дэмжлэг үзүүлэх ёстой. Тухайлбал, иргэн бүрт 1 сая 260 мянган төгрөгийн нэг удаагийн санхүүгийн дэмжлэгийг төрөөс зайлшгүй мөнгөний бодлогоор хийх, мөн үйл ажиллагаа нь хүндэрсэн ААН-үүд гурван хувийн хүүтэй зээл авах боломжийг нь нээх, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ААН-үүдэд дэмжлэг үзүүлэх, УИХ төсвийн тодотгол зайлшгүй хийх үүрэгтэй учраас үр ашиггүй хөрөнгө оруулалт, зардлуудыг танаж Гамшгаас хамгаалах эрсдэлийн сан байгуулах шаардлагатай. Энэ мэт тодорхой саналуудыг бид тавьсан.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

АН-ын зөвлөлөөс ажлын хэсэгт тодорхой  саналууд ирснийг сая дурдлаа. Төсөвтэй холбоотой зохицуулалт байгаа. Төслийн 7.1.2 дахь заалтыг хэлж байгаа байх. Төсөв хооронд зохицуулалт хийх асуудлыг зөвхөн Төсвийн хуулиар зохицуулна гэдгийг тавьсан. Ажлын хэсэгт найруулгыг өөрчилж, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөнө гэж өөрчилж дэмжсэн. Хуулийн зөрчилгүй болсон гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, УИХ-ын онцгой бүрэн эрхийг шилжүүлж байгаа бусад улс орнуудын туршлагыг судалсан. Энэ хуулийн хэрэгжилтэд УИХ Түр хороо байгуулж байгаа. Засгийн газарт төсвийн тодорхой эрхийг шилжүүлэхдээ энэ Түр хороо тусгайлан хяналт тавина. Түр хороонд байнгын хороо бүрээс төлөөлөл мөн цөөнхийн төлөөлөл орж сар тутам УИХ-д тайлагнана. Тиймээс УИХ онцгой бүрэн эрхээ өөртөө хадгалж, шилжүүлээгүй гэж хэлж болно. ААН-үүд гурван хувийн зээл олгох гэдэг саналыг нь ерөнхий байдлаар оруулж, Төв банкаар дамжуулж зээлийн бодлогоор ААН-үүдээ дэмжье гэж ерөнхий байдлаар тусгасан. Гагцхүү зээлийн ямар боломжийг олгох уу гэдгээ Монголбанк өөрөө тогтоож, шийдвэрлэх ёстой. Экспортын чиглэлийн ААН-үүдийг дэмжих гэдэг санал ажлын хэсэг дээр дэмжигдсэн ч байнгын хороо дэмжээгүй. УИХ-ын чуулган дээр дахин санал хураана. Төсвийн тодотгол хийх асуудлыг энэ хуульд давхар тусгах шаардлагагүй гэж үзсэн. Гамшгаас хамгаалах эрсдэлийн сан гэдэгт Ерөнхийлөгчөөс мөн хямралын эсрэг зориулалтын сан байгуулах гэж санал оруулж ирсэн. Шинэ сан байгуулах цаг хугацаа байхгүй. Байгаа холбогдох сангаа арвижуулах гэж тусгасан. Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд тодорхой өөрчлөлтүүд оруулж байгаа. Хариуцлагын арга хэмжээ ялгавартай байгаа. Онцгой эрсдэлтэй үед хорио цээрийн дэглэмийг санаатайгаар саад учруулсан, олон нийтийг төөрөгдүүлэх худал мэдээлэл түгээсэн бол иргэнийг 500 нэгж, аж ахуйн нэгжийг 5000 нэгжээр торгоно гэж тусгасан. Энэ торгуулах бууруулах саналыг гишүүд гаргаж байгаа, санал хураалтаар шийдвэрлэнэ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Д.Эрдэнэбат гишүүнтэй санал нэг байгаа. УИХ өөрийнхөө онцгой бүрэн эрхийн асуудал мөн төсөвтэй холбоотой асуудал болгоомжтой хандах ёстой. УИХ-ын ганц онцгой бүрэн эрх бол улсын төсөв батлах, баталсан төсөвтөө хяналт тавих. Тусгай хороо байгуулж хяналт тавина гэж байгаа ч эргэлзэж байна.Мөн Монголбанкинд нэлээд эрх өгч байна. Бидэнд гашуун сургамжууд бий шүү. “Чоно борооноор” гэгчээр буруу бодлого хэрэгжүүлдэг гашуун сургамж бидэнд бий. Энэ хуулиар иргэн, аж ахуйн нэгжийг маш их үүргэлүүлж байгаа нь зөв. Нөгөө талдаа иргэн, ААН-ийн эрхийг нь хамгаалах зөв зохицуулалтууд хийх шаардлагатай. Улс орнууд ажлын байраа хадгалах, дотоодын үйлдвэрлэлээ дэмжээд маш их хөрөнгө оруулалт зарцуулж байгаа. Хорио цээрийн дэглэм сахисан аж ахуйн нэгж, иргэн бизнесээ эрхлээд явчих эрхийг нь энэ хуулиар баталгаажуулж өгөх хэрэгтэй. Хорио цээрийн үеийн бизнесийн үйл ажиллагааг яаж тогтвортой явуулах уу гэдэг нь маш чухал. Салбар бүрийн саналуудыг авч энэ журам хэрэгжихгүй бол  дутагдалтай. Мөн хорио цээрийн үеий аялал жуулчлалыг хэрхэн явуулах талаар ч тусгах шаардлагатай.

Үүгээр гишүүд хариулт авч дууссанаар төслийн талаарх 53 зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулж байна.

 

10 : 21
2020-4-29

Б.Чойжилсүрэн: Банкны зээлийн хүүг 8 хувиар буулгана

УИХ-ын цахим чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэнэ.

Хуралдааны эхэнд Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.04.28/ хуралдаанаар “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Дэлхийн 213 улс оронд хурдацтай тархаж, Монгол Улсад удаа дараа нэмэгдэн бүртгэгдэж байгаа коронавируст халдвар /COVID~19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, цахим шилжилт хийх зорилгоор баримтлах төрийн бодлогын чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын Үндсэн Хуулийн 25 дугаар зүйлд заасан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд тодорхойлж, энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөлд Монгол Улсын урт хугацааны тогтвортой өсөлтөд дэмжлэг үзүүлж, үүсэх эрсдэлээс хамгаалж, санхүүгийн чадвартай байх эрүүл, тогтвортой, зохистой засаглал бүхий банкны салбарыг бий болгох шинэчлэлийн хөтөлбөрийг гаргаж, хэрэгжүүлэх, зээл, санхүүжилтийн хүү болон эх үүсвэрийн зардлыг бууруулах, цар тахлын үед төрөөс нийгмийн шаардлагатай хэсэгт хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх, хүн амын эрүүл мэнд улсын аюулгүй байдлын төлөө эрсдэл гарган тасралтгүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, төрийн зарим тусгай албан хаагчдад ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүн гаргах, жижиг дунд үйлдвэрийн зээлд төрөөс гаргах батлан даалт болон улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, банкны бус санхүүгийн салбарыг зохицуулах зэрэг арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна.

Энэ хүрээнд Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, төрийн бусад байгууллагаас дээрх арга хэмжээг хэрэгжүүлснээр зогсонги байдалд орсон эдийн засгийг дэмжиж, банк санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдан улмаар санхүүгийн тогтворгүй байдал үүсгэх, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх ач холбогдолтой бөгөөд төрөөс коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын эсрэг авч байгаа бусад цогц арга хэмжээнд дэмжлэг болж, харилцан уялдааг хангах аж.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Тогтоолын төсөлд иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх арга хэмжээний хүрээнд банканд байршуулсан НДС-ийн мөнгөн хөрөнгийг чөлөөлөх гэж тусгасан байна. Банканд байршуулсан НДС-ийн мөнгөн хөрөнгө хэд байгаа вэ. Мөн тогтоолын төсөлд банканд байгаа үнэт цаасуудыг чөлөөлөх тухай тусгагдсан байна лээ. Үүнд тодорхой тайлбар өгөөч. 30 жил банкуудын эздийг дэмжсэн эдийн засгийн бодлого явж ирсэн. Энэ хямралын үед банкуудын эздийг биш ард түмнээ дэмжлэх бодлого явуулах ёстой гэж ШИНЭ нам үзэж байгаа. Банкнаас бусад салбарыг хөгжүүлнэ гэж байна. Энэ талаар тодорхой тайлбар өгөөч. Найман хувийн хүүгийн зээлийг царцаах тухай маш тодорхой оруулж өгмөөр байна. Тогтоолын төсөл ерөнхий байгаа тул нарийвчлан оруулж өгөх шаардлагатай.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Тогтоолд иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх арга хэмжээний хүрээнд банканд байршуулсан НДС-ийн мөнгөн хөрөнгийг чөлөөлөх гэж тусгасан. ХНХ-ын сайд, Монголбанканы ерөнхийлөгч хоорондын яриа хэлцлийн хүрээнд тэтгэврийн зээлийн 700 орчим тэрбум төгрөг бий. Монголбанк бонд гаргаж банкуудаас худалдаж авах юм. Ингэснээр арилжааны банкуудад байршиж буй үнийн эргэлтийг дэмжих арга хэмжээ болно гэж үзсэн. Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн л асуудал болохоос биш үнэт цаасыг чөлөөлөх эсвэл ломбард, хадгаламж зээлийн хоршооны өрийг чөлөөлөх асуудал огт биш.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн:

Энэ тогтоолоор банкуудыг дэмжихгүй. Эсрэгээрээ энэ эрсдэлийн үед банкууд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж 500 сая төгрөг хүртэлх дүнтэй зээлийн хүүг гурван хувиар буулгаж ашиггүй ажилла гэж байгаа юм. Хавсралтад нь банкууд зээлийн хүүгээ гурван хувь буулгаж төрөөс таван хувийн дэмжлэг үзүүлчихвэл банкны дундаж зээлийн хүү 15.3 хувьтай, жижиг зээлүүд 16-20 хувь орчим нийтдээ 8 хувийн зээлийн хөнгөлөлтийг зээлдэгч нарт үзүүлэх юм. 1.1 сая орчим зээлдэгч бий. Нийт зээлдэгчдийн 99.8 хувьд дээрх найман хувийн хөнгөлөлт үйлчлэх ийм л тогтоолын төсөл. НДШ-ийн эх үүсвэрийг чөлөөлөх санаа нь Засгийн газраас долоон арга хэмжээний нэг болох хувийн аж ахуй нэгжүүдийн ажилчдыг НДШ-ээс чөлөөлсөн. Тэгэхээр энэ онд Нийгмийн даатгалын сан 800 орчим тэрбум төгрөгөөр тасалдана. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

Банкны систем бол эдийн засгийн хамгийн чухал салбар. Банкгүйгээр эдийн засаг оршин тогтнохгүй. Харин банкны салбараа яаж эрүүл, ил тод, үр ашигтай болгох уу гэсэн банкны системийн шинэчлэлийн хөтөлбөрийг оруулж ирэхийг даалгасан. Хөтөлбөр бэлэн болсон. Ингэснээр хувьцаа эзэмшигчийн төвлөрлийг сааруулах, нэг эзэнтэй банк биш олон нийтийн компани болох эдийн засагтаа үр өгөөжтэй болно гэж үзэж байгаа.  

Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир:

Шинэ коронавирусийн халдварын үед банкны салбарт нөхцөл байдал хүнд байна. Одоогийн байдлаар 2.6 их наяд төгрөгийн зээлийн доголдол үүссэн. Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах гэрээнд дахин өөрчлөлт хийхээр ярьж байна. Ингэснээр банкуудад орж ирж байгаа мөнгөн урсгалууд тасалдаж, банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар нь хүндрэл үүсч байгаа. Тиймээс үнэт цаасыг Төв банк хуульд зөвшөөрсний дагуу худалдан авч банкуудын мөнгөн хөрөнгө өснө.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: 

Тогтоолын төслийг дэмжиж байна. Сүүлийн үед нийгэмд хүлээлт үүсгээд байгаа, тэр дундаа малчдын дунд хүлээлт болоод буй асуудлын талаар мэдээлэл өгөх гэсэн юм. УИХ-ын даргын захирамжаар найман хүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг тогтоолын төслийг өргөн барихаар бэлтгэж байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ бодитой үр дүнд хүрэхгүй байх нөхцөл бий болсон тул Ч.Улаан сайд залруулга хийх байх. Ноолуурыг хилийн бүх боомтоор хураамжгүй, саадгүй нэвтрүүлэх, ноолуурын үнийн зөрүү кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгох, бодит үнэ тогтоох зорилгоор гадаад улсын хөрөнгө оруулагчдыг татан оруулах зэрэг ажлыг тусгасан. Үүссэн нөхцөлтэй холбоотойгоор тал бүрийн судалгааг хийж, ноолуурын үнийг бодитой тогтоох, малчид эргэлзэлгүй ноолуураа тушаах нөхцөлийг бүрдүүлэхээр тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газарт өргөн барихаар болсон. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж