Авлигатай тэмцэх газар/АТГ/ 2020 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 73 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Эдгээр хэргийн дийлэнх нь олны анхаарал татсан, төрийн өндөр, хариуцлагатай албан тушаал хашиж байсан этгээдүүдэд холбогдох хэргүүд байна.
ТУХАЙЛБАЛ,
- Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад холбогдох хэрэг;
- Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарт холбогдох хэрэг;
- Монгол Улсын Их Хурлын гишүүн асан Н.Номтойбаярт холбогдох хэрэг;
- Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд холбогдох хэрэг;
- Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан нарт холбогдох хэрэг;
- Монгол Улсын Засгийн газар, “Айванхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айванхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үйл явцад холбогдох хэрэг;
- Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч даргаар ажиллаж байсан Д.Ариунбаатарт холбогдох хэрэг;
- Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн мэргэжилтнүүдэд холбогдох хэрэг;
- Нэр бүхий шүүгч нарт холбогдох хэрэг;
- Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын улсын ахлах байцаагч Я.Очирбатад холбогдох хэрэг;
- “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувь, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдан авсантай холбогдох хэрэг;
- “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэрэг;
- “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэн нарт холбогдох хэрэг;
- Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ч.Алтанхуягт холбогдох хэрэг;
- Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат, Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Д.Доржханд нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны эхний улиралд гэмт хэргийн шинжтэй 266 гомдол, мэдээлэл шалгаснаас 124 гомдол, мэдээлэл буюу 46.6 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 89 гомдол, мэдээлэл буюу 33.5 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай, 6 гомдол, мэдээлэл буюу 2.3 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, 47 гомдол, мэдээлэл ажиллагаанд, шийдвэрлэлт 82.3 хувьтай байна. Мөрдөн шалгах хэлтэст хүлээн авч шалгасан 266 гомдлын 157 буюу 59 хувийг Улаанбаатар, 109 буюу 41 хувийг орон нутгийн гомдол эзэлж байгаа аж.
Э.АРИУН