Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-д мэргэжлийн сагсан бөмбөг тоглохыг хүссэн залуус заавал хамгийн багадаа нэг жилийг коллеж, их сургууль болон хилийн чанадад өнгөрүүлэх шаардлагагүй болжээ. Учир нь NBA-ийн доод лиг буюу хөгжлийн “G-League”-т ирээдүйн драфтын тэргүүн сонголтууд ч тоглох боломжоор хангагдсан байна.
Үүний илрэл болж одоогийн байдлаар ахлах сургуулийн таван одоор үнэлэгдсэн одод болох Жэйлон Грийн 500 мянган ам.долларын гэрээг, хамгаалагч Дайшен Никс 300 мянган ам.долларын гэрээг тус тус “G-League”-тай байгуулсан байна. Дайшен Никсийн хувьд АНУ-ын хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэг болох UCLA буюу Калифорниагийн их сургуульд элсэхээр болсон байвч татгалзжээ. Харин Жэйлон Грийний хувьд МУГТ Ц.Шаравжамцын бага хүү Ш.Энхийн-Одтой хамт нэг багт тоглож байсан юм.
Ийнхүү ирээдүйн сагсан бөмбөгийн одод их сургууль, коллежийг алгасан NBA-ийн хөгжлийн лигтэй гэрээ байгуулж байна. Мөн хилийн чанадад ч олон гайхалтай залуус коллеж, их сургуулийг алгасч NBA-д орох боломжоо хүлээн тоглож байна. Тэдний тод жишээ болсон Ламело Болл Австралид тоглож байгаа бол Р.Ж Хэмптон Шинэ Зеландад тоглож байгаа. Энэ янзаараа бол удахгүй NCAA буюу Үндэсний их сургуулиудын спортын холбооны сагсан бөмбөгийн тэмцээний нэр хүнд унаж болзошгүй.