SOS: Монгол орны 77,8% цөлжжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.04-нд нийтлэгдсэн

SOS: Монгол орны 77,8% цөлжжээ

Байгаль дэлхийтэйгээ зөв зохистой харьцаагүйн гороо монголчууд амсаж эхэлсэн тухай эрдэмтэд мэдэгдлээ. Уул уурхай, эдийн засгаас илүү  Монголын тулгамдсан асуудал нь хөрс, гадаргуу, агаарын бохирдол болсныг тэд онцолсон юм. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь цөлжилтөд өртсөн. Тариалангийн хөрсний үржил шим 1960 оноос хойш тасралтгүй буурчээ. Харин Улаанбаатар хотын 30 хувь буюу Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх зэрэг төвийн дүүргүүдэд хөрс, нянгийн бохирдол их байна гэж  Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн судалгаанд дурдагдсан байна. Жил ирэх бүр хөрс гэмтэж, бохирдож буй нь эргээд гадаргуу доорх усыг бохирдуулна. Тухайлбал, Туул голын ус нийслэлийн хөрс гэмтэж, хуурай хог хаягдал, химийн хорт бодисуудад дарагдсанаас болж бохирдсон гэж академич Д.Доржготов ярилаа. Тэрбээр хөрс бохирдоод эхлэхээр аяндаа ус бохирдоно, цаашлаад хөрсний гүн дэх ус татрах аюул нүүрлэнэ гэж тайлбарлалаа.

Утааг газрын гүнд 50-60 метр ухаад хадгалахад, ургамал хооллох түүхий эд болж хувирдаг. Тухайн түүхий эдийг газар тариаланд ашиглаж болно. Нэгэнт үүссэн хөрсний бохирдлыг эрүүлжүүлэхийн тулд тусгай бактериар идүүлж болдог хялбар технологийг монголын эрдэмтэд санаачилж, боловсруулжээ. Мөн хотын төв гудамжаар тарьдаг цэцэг, ургамлыг тарихдаа өөр нэг эрүүл газар ухаж, хар шороо ухаж хөрсийг гэмтээх биш хүнсний хаягдлыг ашиглаж, хөрсийг хиймлээр тарьж болдгийг судлаачид баталсан байх юм.

Цаашид хөрс, гадаргуугийн доройтолд төрөөс тусгай анхаарал тавьж, бодитой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай юм байна. Эс тэгвээс ирээдүйн Монголд элсэн цөл нүүрлэж, усгүй болох аюултай  болжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж