Чернобылийн “оршин суугчид”

Хуучирсан мэдээ: 2015.12.04-нд нийтлэгдсэн

Чернобылийн “оршин суугчид”

 

Одоогоос 28 жилийн өмнө Чернобыльд АЦС сүйрснээс хойш тэнд цаг хугацаа зогссон билээ. 1986 онд Припять хотод АЦС сүйрсэн аймшигтай ослын дараа оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, хориглолтын бүс тогтоосон юм. Орхигдож, эзэнгүй болсон хотод 2011 онд л хүмүүс эргэж очсон билээ. Украинаас 1000 милийн зайтай орших Чернобыльд 100 хүрэхгүй хүн үлдэж хоцорсны дийлэнх нь эмэгтэйчүүд байсан. Харин одоо тэд нас өндөр гарсан эмээ нар болжээ. Хуучин станцын ойролцоох ойд радио идэвхит бодист хордсон ургамал, мөөг сагсайтал ургасан байдаг аж.

 

Энэ жил Нобелийн утга зохиолын шагналд нэр дэвшээд буй Беларусын сэтгүүлч Светлана Алексиевичийн “Чернобылийн дуу хоолой” хэмээх баримтат зохиолд  Чернобылийн цөмийн сүйрлээс болж  гэр орноо орхин явсан олон мянган хүмүүсийн тухай өгүүлсэн. Харин орхигдсон, эзэнгүй тэр газар саяхан очоод ирсэн Холли Моррис,  Анне Богарт нар огт өөр зүйл харжээ. Тэднийхээр бол сүйрэл, гамшиг болсон газарт одоо ч амьдрал үргэлжилсээр, ургамал, амьтны төрөл зүйл сэргэж байгаа ажээ.  Чернобылийн цөөхөн оршин суугчдын нэг 83 настай Ханна Заваротниа айж буй зүйл нь радио идэвхит бодисын алдагдал биш, харин өлсгөлөн хэмээн ярьсан байна. Тиймээс хотын оршин суугчид хашаандаа жимс, ногоо, мөөгөө тарьж, ургуулан, хоолоо залгуулдаг ажээ.

 

Ханна Сталины дэглэмийн үед жаахан хүүхэд байсан бөгөөд Нацистууд Украинаар дайран гарах үед сургуулийн сурагч байжээ. Чернобылийн бусад оршин суугчид ч мөн түүнтэй адилхан хувь тавилан туулсан юм. Үхэл хагацал, өвчин зовлонг тэсч, давж гарсан тэдгээр эмэгтэйчүүдийн дийлэнх нь маш өндөр настай.

 

Чернобылийн өөр нэгэн оршин суугч, загас барьж амьдралаа залгуулдаг 75 настай Валентина Иванивна  “Хориглолтын бүс шорон биш” хэмээн ярьж байна. Эмэг эхээсээ эмийн ургамлыг ялгаж таньж сурсан Валентина Чернобылийн оршин суугчид хотын иргэдээс ч илүү эрүүл саруул хэмээн ярьжээ. Тэрбээр “Хэрэв би Киевт байсан бол хэдийн нүд аньчихсан байх байсан. Хотын хүмүүс тэр олон машины яндангийн утаагаар амьсгалж байгаа шүү дээ” гэсэн юм.

 

Үүний дараа оршин суугчдыг шинжилгээний төв дээр лабораторийн ажилтан радио идэвхит бодисын хордлогын түвшинг нь шалгаад  “Та нар зүгээр байна” гээд тэдэнд радио идэвхит бодис шингэсэн хөрснөөс мөөг түүхгүй байхыг анхааруулжээ.

 

2011 онд Японы Фукушимагийн АЦС-д дэлбэрэлт болж, тэндхийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн. Гэвч Чернобылийн оршин суугчдаас ялгаатай нь Япончууд радио идэвхит бодис алдагдсан нутагтаа очихоос татгалзсан хэвээр байгаа юм. Чернобылийн оршин суугчид нь хэдэн эмээ нараар дуусахгүй. Тэнд мөн зэрлэг амьтад ч бий аж. Судлаачдын хэлж буйгаар тэнд хандгай, буга, зэрлэг баавгай чоно өсч, үржиж байгаа гэнэ.

 

Чернобылийн сүйрлээс хойш бараг гучаад жил өнгөрч байхад амьд амьтанд үзүүлэх радио идэвхийн хор хөнөөл хараахан арилаагүй ч “Хориглосон бүс”-д хөхтөн амьтаны төрөл зүйл өсч үржих хандлагатай байгаа юм.

 

Газрын нөөцийн төлөө улайрсан тэмцэл өрнөж байсан Чернобыльд АЦС сүйрч, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлснээс хойш байгаль дахин сэргэж ирсэн тухай 2007 оны “Чернобылийн сүйрлийн үр дагавар” судалгаанд бичсэн нь бий.

 

Чернобыльд юу болсныг хүмүүс мартаагүй. Хэдийгээр орхигдсон хот сүйрлийн ул мөрийг хадгалсан хэвээр байгаа ч урьдын адил амьдрал цэцэглэх итгэл найдвар төрүүлж байна.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж