Э.Бат-Үүл: Миний мэдэх АН албан тушаалын төлөө л нам болжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.29-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл: Миний мэдэх АН албан тушаалын төлөө л нам болжээ

Э.Бат-Үүл: Миний мэдэх АН албан тушаалын төлөө л нам болжээ

Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүлтэй ярилцлаа. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлээд байгаа юм. 


Та 2020 оны УИХын сонгуульд бие дааж нэр дэвших нь. Энэ тухайгаа “Манай намын “жинхэнэ” дарга З.Энхболд мэтийн ардчиллын дайснуудтай тэмцэхээр УИХын сонгуульд бие дааж нэрээ дэвшүүлэхээр шийдэж хүсэлтээ өглөө” гэж тодотгосон нь ямар учиртай юм бэ? 

-Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг илтэд хууль бус үндэслэлээр цагдан хорьсон явдал намайг ийм алхам хийхэд хүргэсэн. Энэ хэрэг явдлын ард З.Энхболд байж болзошгүй гэсэн мэдээлэл бий. Бидний хэсэг нөхөд санаа нийлэн “Монголын ардчиллын эсрэг гэмт хэргийг шалган тогтоож бүртгэх” ажиллагааг эхлүүлсэн бөгөөд энэ шугамаар цаашдаа баримт цуглуулж шалгана. Ардчиллын эсрэг үйлдлийг зүгээр өнгөрөөхгүй. Ардчилсан намыг өнөөдөр бараг З.Энхболд удирдаж байна гэхэд хилсдэхгүй болсныг түүний удаа дараагийн мэдэгдлээс харж болно.

-Яагаад заавал бие дааж нэр дэвшихээр болов?

-З.Энхболдыг манай нам нэр дэвшүүлж байгаа бол би тэндээс нэр дэвших боломжгүй.

Шалтгаан нь зөвхөн АН-ын даргын зөвлөх З.Энхболдтой шууд холбоотой гэж үү?

-Би сая хэллээ. Дахин хэлэхэд З.Энхболд бид хоёр нэг намаас нэр дэвших боломжгүй. Ардчилсан нам ардчиллаа хамгаалан тэмцэхэд хойрго байгаа нь намайг гайхашруулж байгаа.

З.Энхболдыг “амлаж” авсан нь Ардчилсан намынхаа эсрэг өрсөлдөж байгаатай адилхан  биш үү?

-3.Энхболд Ардчилсан нам болчихсон юм бол тэгэж байгаа л гэсэн үг боллоо. Чиний асуултаас харахад чи ч бас З.Энхболдыг манай намтай адилтгаад байна.

"З.ЭНХБОЛД БИД ХОЁР НЭГ НАМААС НЭР ДЭВШИХ БОЛОМЖГҮЙ"

Сүүлд таныг З.Энхболд “Тавантолгойг MCS Шиньхуад үнэгүй өгөөгүйн хонзон авах юм биз дээ гэж” хариу бичсэн. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

Хүн гүтгэх нь түүний хийдэг ажил болоод байгаа. Намайг удахгүй Тавантолгойтой холбогдуулан хэрэг зохиож шүүхээрээ цагдан хорих гэж байгаа юм байлгүй. Тэр чадна л даа. Гэхдээ, хичнээн хорон тайган шиг байлаа гээд намайг түүнээс айна гэж бодож байгаа бол эндүүрэл.

Сонгуулийн өмнөхөн З.Энхболд АНын дотоод ажилд оролцож эхэлсэн нь АНыг дахиад сонгуульд ялагдуулах вий гэж шүүмжилж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-З.Энхболд Ардчилсан намын сонгуулийг удирдаж байгаа юм бол ялагдаж л таараа.

Тантай холбогдох шүүх хурал удахгүй болно. М.Энхсайханыг шууд цагдан хорьсон шиг таныг бас хорих вий гэсэн болгоомжлол байна уу?

М.Энхсайханыг хуулийг уландаа гишгин байж цагдан хорьсон нь биднийг айлгах гэсэн хэрэг. 30-тайдаа айгаагүй улсыг 60-тайдаа айна гэж яагаад бодсон юм бол. Дайснуудынхаа шоронд ордог нь хувьсгалчдын замнал. Тэртээ тэргүй хувьсгал болж л таараа.

Сүүлийн үед шүүх илт улс төрийн даалгавраар хэрэг шүүж, баривчилдаг боллоо гэсэн хардлага нийгэмд бий. Тантай холбогдох шүүхийн асуудлыг та “Тухайн үеийн манай намын дарга З.Энхболд, ЕНБийн дарга Л.Эрхэмбаяр хоёр байсан”  гэж сүүлд жиргэсэн байсан. Үнэхээр тэд гүтгэсэн болж таарав уу?

-Өөрсдөө тэгэж гүтгэж, түүнийгээ олон түмэнд тараасан юм билээ.

Ер нь бол Монголын ардчилалд аюул тулгарлаа гэж олон хүн үзэж байгаа. Танай намын хэд хэдэн гишүүн бие дааж нэр дэвшихээ мэдэгдлээ. Энэ бүхнээс харахад Ардчилсан нам өөрөө ардчилал, хүний эрх, үнэт зүйлээ хамгаалж чадахаа больсны шинж үү?

-Харин тийм л болж таараад байна.

Таныг мэдэх Ардчилсан нам өнөөдрийн Ардчилсан намаас юугаар ялгаатай болов?

-Миний мэдэх Ардчилсан нам үйл хэргийн төлөө нам байсан. Одоо манай нам албан тушаалын төлөө л болжээ.

30 жил улс төрд явсан хүмүүс тухайн үед улс орноо хөгжүүлэхгүй яасан юм гэсэн хандлага иргэдээс гарч байгаа. Таныхаар өнгөрсөн 30 жилд Монголын амьдрал яаж өөрчлөгдсөн бэ?

Энэ тухай амаа хаттал ярьсан даа. Хүмүүс асуучихаад хариуг нь сонсдоггүй юм. Ерөнхий сайд асан Намнансүрэн, Амар гуай нар өдийд босч ирээд, өөрөө өөрийнхөө жинхэнэ эзэн болсон Монголыг харах юм бол биднийг чанга тэврэн баярын нулимс унагах байсан гэж боддог юм.

Тантай оны өмнө ярилцаж байхад “Залуучуудад бид эрх чөлөөт нийгмийг нь хүлээлгэж өгсөн” гэж хэлж байсан. Өнөөдөр шинэ үеийнхэн буюу залуучууд улс төрд олноор орж байж нийгэм өөрчлөгдөх юм шиг?

-Бидний үеийн залуучууд Монгол орноо колончлолоос чөлөөлж, Хойд Солонгос, Кубын араас явах аюулаас зайлуулсан.

Өнөөгийн залуус яаж ийгээд гишүүн болохоос өөр юм бодохгүй байгаа бололтой.

Хотын дарга С.Амарсайханыг огцруулах өргөх бичиг та Ерөнхий сайдад өгөөд нэлээд удаж байгаа. Танд ямар нэгэн хариу өгсөн үү?

-Гэр хорооллын 4-р чуулганаас Ерөнхий сайдад хандан тийм өргөх бичиг өгсөн. Тэр бичгийнхээ хариуг сонгуулиар авна гэж бодож байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
25
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж