Сонгууль угтсан баривчилгаа ба М.Энхсайхан

Хуучирсан мэдээ: 2020.04.29-нд нийтлэгдсэн

Сонгууль угтсан баривчилгаа ба М.Энхсайхан

Сонгууль угтсан баривчилгаа ба М.Энхсайхан

УИХ-ын ээлжит сонгууль дөхсөн энэ цаг үед эх баригч намын зүгээс сөрөг хүчнийг “намнаж”, улс төрийн зорилгоор баривчилгаа явуулж буйд иргэд, олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байна.

Хамгийн сүүлд 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Ерөнхий сайд асан М.Энхсайханыг шүүх хурлын явцад “олон нийтийн сүлжээнд хэт идэвхтэй байсан нь шүүхэд нөлөөлж байна” гэсэн үндэслэлээр цагдан хорьсон нь олон нийтийг талцахад хүргэсэн. Эргэн сануулахад, Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханыг дээрх үндэслэлээр бус хэргийн нотлох баримт задруулж, хэргийн бусад оролцогчдод нөлөөлж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хорьсон гэдэг тайлбарыг өгч байгаа. Гэвч УИХ-д үнэмлэхүй олон суудалтай МАН сонгуулийн өмнө АН-д өндөр албан тушаал хашиж байсан нэр бүхий эрхэмүүдэд зориудаар хэрэг үүсгэж, баривчилгаа явуулж байгаа нь сонгогчдын анхаарлыг сарниулах гэсэн оролдлого байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж буй нь нууц биш юм. Иймээс дээрх асуудлаар хуульчдын байр суурийг хүргэж байна.

ХОРЛОН СҮЙТГЭХ ГЭМТ ХЭРЭГТ ЯЛЛАЖ ЧАДАЖ БАЙГАА ХҮМҮҮС ШҮҮХИЙГ ЗАНАЛХИЙЛСЭН ГЭЖ ГҮТГЭХ НЬ ЭНҮҮХЭНД БИЗ

ХУУЛЬЧ Х.ТЭМҮҮЖИН:

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 14.9 дүгээр зүйл 1.2 дахь хэсэгт “шүүгч, прокурор, мөрдөгч гэх зэрэг нэр бүхий этгээдүүдийг дарамталсан, сүрдүүлсэн” бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар хуульчилсан. М.Энхсайхан гэдэг хүн бусдыг дарамталж, сүрдүүлдэг зан байдалтай хүн гэж би бодохгүй байна. Энэ бол догширчихсон гэмт хэрэгтэн, даварчихсан эрх мэдэлтнүүдээс гарах ааш аяг.

Цахим сүлжээнд хувь хүн өөрийгөө илэрхийлэх төдийд нөлөөнд автдаг, айж сүрддэг шүүх байгаа бол ургальч үзэл, үг хэлэх эрх чөлөө, өөрийгөө өмгөөлөх эрхтэй иргэний ардчилсан нийгэмд огт зохицохгүй шүүх, шүүгч байна гэсэн үг. Үндсэн хуульд Монгол Улсын иргэн өөрийгөө өмгөөлөх эрхтэй. Энэ эрх нь ганц шүүхийн танхимд бус шүүхээс гадна олон нийтийн эргэлзээ, буруутгалд хариу хэлж, хэлэлцүүлэг өдөөх замаар ч хэрэгжинэ.

Өөрийгөө өмгөөлөх, үг хэлэх, хэвлэн нийтлэх үндсэн эрхээ эдэлсний төлөө баривчлагдаж, хоригдоно, шүүх хуулийн байгууллагын заналхийлэлд өртөнө гэдэг бол Үндсэн хуулийн бус арга замаар хууль, шүүхийн нэр барьсан хувь хүний засаглал амилж, Монгол Улсын Үндсэн хуулийг хорьж цагдаж байна гэсэн үг.

Ер нь террор үйлдэх хэмжээний хорлон сүйтгэх гэмт хэрэгт улайхгүй яллаж чадаж байгаа хүмүүс шүүхийг заналхийлсэн гэж гүтгэж цайрах нь энүүхэнд биз”.

СОШИАЛД ИДЭВХТЭЙ БАЙНА ГЭДЭГ НЬ ЦАГДАН ХОРИГДОХ ҮНДЭСЛЭЛ МӨН ҮҮ ГЭДЭГ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ

ӨМГӨӨЛӨГЧ Б.МЭРГЭН:

“Хэрэг прокурорын шатанд байгаа үед прокурор эсвэл мөрдөгчийн санаачилгаар цагдан хорих хүсэлт гаргаад шүүхээр шийдвэрлүүлж болдог. Хэрэг шүүхийн шатанд буюу хэргийг шүүх шийдвэрлэж байгаа үед прокурорын эсвэл шүүхийн санаачилгаар мөн цагдан хорьж болно. Гэвч цаг хугацааны хувьд хэдий хугацаанд хорих вэ гэдэг нь зарим зүйлээрээ ялгаатай. Жишээ нь, прокурорын шатанд цагдан хорьж буй тохиолдолд эхлээд 30 хүртэлх хоногоор хориод дараа нь хугацааг нь сунгаад явах боломжтой байдаг бол шүүхийн шатанд хориход тодорхой хугацаа заадаггүй. Гэхдээ энэ дээр зарчмын хувьд баримтлах ёстой заалт гэж байна. Ер нь бол хэзээ, хэний санаачилгаар хэн хорьж байна вэ гэдгээс үл хамаараад яг цагдан хорих дөрвөн үндэслэл байдаг.

Хуульд зааснаар ерөнхий дөрвөн заалтын аль нэгийг үндэслэх ёстой. Жишээ нь эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-т зааснаар нэгдүгээрт оргон зайлахыг завдсан, оргон зайлсан бол цагдан хорьж болно. Хоёрдугаарт, шүүгч прокурор хэргийн өөр оролцогч амь нас, эрүүл мэнддээ хохирол учруулах гээд байна гэж үзвэл, гуравдугаарт, гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэл бүхий баримт байх юм бол, дөрөвдүгээрт, өмнөх авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэлээр хорьж болно. Гэхдээ сошиалд идэвхтэй байна гэдэг нь цагдан хорьсон үндэслэл мөн үү гэдэг нь эргэлзээтэй.

Яллагдагч, шүүгдэгч тодорхой үүрэгтэй. Хэрвээ хэргийн талаар задруулбал, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилнө гэж заасан байдаг. Гэхдээ өөрчиллөө гэхэд заавал цагдан хорих арга хэмжээг авна гэсэн үг биш юм.

 ЯЛЛАГДАГЧИЙГ ДАРААГИЙН ХУРАЛ ХУРАЛДАХ ӨДӨР ХҮРТЭЛ ХОРЬЖ БУЙ НЬ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ

ХУУЛЬЧ Ш.АЛТАНГАДАС:

-Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагдан хорьсон асуудал нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна. Хуульчийн зүгээс харвал цагдан хорьсон шалтгаан нь хэр үндэслэлтэй вэ?

-Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 хүнийг цагдан хорих 5 үндэслэлийг заасан. Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар дээрх үндэслэлүүдийг нотолсон тодорхой баримтад тулгуурлан талууд мэтгэлцэж шүүх шийдвэр гаргадаг. Ерөнхий сайд асан М.Энхсайханыг олон нийтийн сүлжээнд мөрдөн байцаах ажиллагааны баримт, мэдээллийг тараасан гэж үзэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэж ойлгосон.

Хэрэв энэ үнэн бол ямар баримтыг хэзээ, хэрхэн, ямар олон нийтийн сүлжээг ашиглан олон нийтэд тараасан тухай шүүх хэлэлцүүлэг хийх буюу яллах, өмгөөлөх талын мэтгэлцээнд үндэслэж шийдвэр гаргах учиртай байсан. Энэ үйл явдалтай холбоотой хуулийн хоёр зүйл заалт зөрчигдсөн гэж харж байна. Үүнд цагдан хорих таслан сэргийлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхой процессын дагуу явагддаг чухал ажиллагаа. Тус хуулийн 14.13-т зааснаар хэлэлцүүлэг хийж тодорхой үндэслэлийг тойрч мэтгэлцэн шүүх шийдвэр гаргах шаардлагатай байсан. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан хуулийн 14.9-ийн 1-д заасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлүүдийн хүрээнд маш тодорхой баримтыг хэлэлцэн шийдвэрлэх байсан.

Гэтэл шүүх хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргахдаа яллагдагчийг дараагийн хурал хуралдах өдөр хүртэл хорьж буй нь хууль бус үйлдэл болсон.

Нөгөө талаар, уг хуульд зааснаар цагдан хорих таслан сэргийлэн арга хэмжээ авагдсан этгээд, түүний өмгөөлөгч хуулийн 14.13 дугаар зүйлийн 9-д, мөн 15.8 дугаар зүйлийн 1-д зааснаар гурав хоногийн дотор гомдол гаргах эрхтэй бөгөөд шүүх энэ эрхээр хангах үүрэгтэй. Гэтэл шүүх хуралдааныг хойшлуулсан шийдвэрт гомдол гаргах эрхгүй байдаг. Өөрөөр хэлбэл шүүх гомдол гаргах эрхтэй асуудлыг гомдол гаргах боломжгүй шийдвэрээр таглаж шийдвэр гаргасан нь хууль бус болсон.

-Нөгөөтэйгүүр М.Энхсайханыг улс төрийн захиалгаар хорьж байна гэж харж болох уу? Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Улс төрийн захиалга гэхээсээ илүү манай шүүх өөрөө ийм хууль хэрэглээний өөр өөр жишигтэй болоод байгаа. Ганцхан эрүүгийн шүүх ч гэлтгүй, иргэн, захиргааны шүүхүүд ч нэг асуудлыг өөр өөрөөр шийдвэрлэх тохиолдол гарсаар байна. Тиймээс улс төрийн захиалга байгаа эсэхийг хариулж мэдэхгүй юм. Ямартаа ч шүүх хууль хэрэглээний асуудалтай байгаа гэдгийг олон хуульчид хэлэх байх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж