IPO гаргах тогтоолыг хүчингүй болгосон нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2020.04.29-нд нийтлэгдсэн

VS

IPO гаргах тогтоолыг хүчингүй болгосон нь зөв үү?

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолын хоёрдох заалтыг бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах “Эрдэнэс Майнинг” компанийг татан буулгахаар болсон юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дээрх шийдвэрийг ийн тайлбарласан. Тэрбээр “COVID-19 халдвараас шалтгаалан дэлхийн хөрөнгийн зах зээлд бий болж буй хүндрэл мөн Монголын дотоодын улстөржилт буюу “Эрдэнэс Тавантолгой”-н борлуулалт дээр ажиллаж буй дотоод, гадаадын цөөн компанийн, тэдний цаад эзэд байж болох зарим улстөрчийн эрх ашигтай холбоотой хэмээн үзсэн” гэсэн юм.

Засгийн газрын зүгээс “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 онд ашигтай ажилласны дүнд өөрийн ашгаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өнөөдрийг хүртэл санхүүжүүлэн ажиллаж байна. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2019 онд 296 дугаар тогтоол гарган хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зорилт тавьсан юм. Гэсэн хэдий ч сүүлийн үед улс төрийн зорилгоор ҮАБЗ-өөс өгсөн энэхүү зөвлөмжийн агуулгыг илтэд мушгин гуйвуулж тайлбарлах болсон тул зөвлөмжийн 2.1 дэх хэсгийг хүчингүй болгохыг хүсч, ЗГХЭГ-аас ҮАБЗ-д 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдөр хүсэлт илгээсэн ч уг зөвлөмжид өөрчлөлт оруулах үндэслэл шаардлага байхгүй гэж үзэж буйгаа ҮАБЗ-өөс 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр албан тоотоор ирүүлсэн байна.  Харин өнөөдөр/2020.04.27 /Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд  “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолын хоёрдох заалтыг бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэлээ. Үүнээс шалтгаалж төмөр замын ажилд учирч болох хүндрэлийг урьдчилан тооцож, онцгой анхаарч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгов” хэмээн тодотгов.

Тиймээс энэ долоо хоногийн VS буландаа IPO гаргах тогтоолыг хүчингүй болгосон талаар талуудын эсрэг, тэсрэг байр суурийг хүргэж байна.

 

Хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангар:

IPO гаргах тогтоолыг хүчингүй болгосон нь зөв. Өнөөгийн нөхцөлд “Эрдэнэс-Тавантолгой" ХК  IPO гаргах боломжгүй гэж би өмнө ч хэлж байсан. Учир нь ямар ч засаглалгүй, зах зээл нь, борлуулалт нь тодорхойгүй байна.

“Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг. Гэтэл бид өнөөдрийг хүртэл саалиа л ярилаа. Олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарахын тулд тухайн компани эхлээд нээлттэй, ил тод, хариуцлагатай байх ёстой. Гэтэл энэ шаардлагыг “Эрдэнэс-Тавантолгой" ХК угаасаа хангахгүй. IPO гаргалаа ч мөнгө нь босохгүй байх байсан. Хөрөнгө оруулагчид засаглалгүй, ил тод байдалгүй компанийн хувьцааг худалдан авна гэдэгт илтгэл муутай байна.

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан:

Хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах тогтоолыг хүчингүй болгосон нь тун буруу шийдвэр. 2019 онд гаргасан Засгийн газрын 296 дугаар тогтоолд Тавантолгойн бүлэг ордын тодорхой хэсэгт нь охин компани байгуулж, олон улсын зах зээл дээр IPO гаргах тогтоол байсан. Монголын уурхайн салбарт улстөржилт их байгаа өнөө үед олон нийтийн компани болгож засаглал, ил тод байдал, үйл ажиллагаа нь сайжирдаг дэлхийн хамгийн зөв жишиг бол IPO гаргах.

Дэлхийн томоохон бүхий л компаниуд IPO гарган, олон нийтийн компани болгосныхоо давуу талуудыг ашиглаж зах зээл дээр амжилттай өрсөлддөг. Олон нийтийн компани болсноор улстөржилтөөс ангид байх, засаглал, санхүү, үйл ажиллагаа сайжрах гээд тооцож баршгүй давуу талуудтай. Ийм учраас уул уурхайгаа зөв явуулъя л гэж байгаа бол олон улсын зах зээл дээр гаргах энэ хувилбарыг сонгох нь зөв байсан юм. Бид өмнө нь ямар ч хувилбарууд гаргасан улстөржилтөөр унагаадаг байсан.

Засгийн газрын гаргасан шийдвэр буюу 2019 оны 296 дугаар тогтоолын хоёрдох заалтыг бүхэлд нь хүчингүй болгох ЗГХЭГ-аас тавьсан үндэслэл нь үнэхээр инээдэмтэй. Олон нийтэд мушгин гуйвуулах байдал үүсээд байгаа тул гэж үндэслэл болгож байгаа нь зөвхөн улс төрийн шалтгаанаар улс төрийн эрсдэлийг хаацайлах зорилгоор сонгууль дөхсөн энэ үед Таван толгойн IPO-г хийх төслийг зогсоолоо гэж харж байна. Тийм учраас энэ шийдвэрийг дэмжихгүй. IPO гаргах дэлхийн сонгодог жишгийг Засгийн газар үгүйсгэлээ.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж