Ард Кредит: Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа цахимаар амжилттай зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2020.04.28-нд нийтлэгдсэн

Ард Кредит: Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа цахимаар амжилттай зохион байгууллаа

Санхүүгийн Зохицуулах хороо, Монголын Хөрөнгийн Биржээс коронавирусийн цар тахлын үед хувьцаа эзэмшигчдийн хурлыг цахимаар хийх зөвлөмжийг нээлттэй хувьцаат компаниудад ирүүлсний дагуу Ард Кредит ББСБ ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа цахимаар амжилттай зохион байгууллаа. Тус хуралдааныг Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн ТУЗ-ийн гишүүн О.Одбаяр даргаллаа. Хуралдааны эхэнд Ард Кредит ББСБ ХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг Унгар улсын Будапешт хотоос цахимаар холбогдож, амжилт хүссэн юм.

Нийт саналын эрхтэй 280 сая ширхэг хувьцаанаас компанийн саналын эрх бүхий энгийн хувьцааны 84.5 хувийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор ирц бүрдэж, хуралдааныг албан ёсоор эхлүүлсэн юм.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулж, тайланд гаргасан ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцлээ. Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг ТУЗ-ийн хараат бус гишүүн, Дотоод аудитын хорооны дарга Б.Ганбат танилцуулав.

Ард Кредит ББСБ ХК-ийн нийт актив 23.1 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх онтой харьцуулахад 120.5 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд оны эцсийн байдлаар зээлийн багц 18.4 тэрбумд хүрчээ. 2019 оны эхэнд баталсан төсвийн дагуу компани хоёр тэрбум төгрөгийн  ашигтай ажиллахаар төлөвлөсөн бөгөөд уг төлөвлөгөөг 10 хувиар давуулан биелүүлж, 2.2 тэрбум төгрөгийн цэвэр  ашигтай ажиллав. Иймд компанийн Гүйцэтгэх удирдлага 2019 онд төлөвлөсөн зорилтоо биелүүлэхийн тулд нөөц, бололцоогоо бүрэн дайчилж ажиллаж чадсан байна.

ТУЗ-ийн дүгнэлтийн дараа Ард Кредит ББСБ ХК-ийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн танилцууллаа. Мөн Г.Тэлмэнг Гүйцэтгэх захирлаар томилсон нь ТУЗ-аас гаргасан хамгийн чухал шийдвэрүүдийн нэг байсныг ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг хурлын үеэр онцолж байлаа. Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн “Компанийн хэмжээнд дижитал шилжилтийг амжилттай хийсэн нь өнөөгийн нөхцөлд үйл ажиллагаагаа хэвийн, тасралтгүй явуулах бололцоог бүрдүүлж байна. Мөн халдварт өвчний үед нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөж байгааг харгалзан компанийн шийдвэр гаргах процессыг хурдлуулж,  болзошгүй  эрсдэлийг долоо хоног тутамд  үнэлж, ТУЗ-ийн дэргэдэх Санхүү, зээл, эрсдэлийн хорооноос зөвлөгөө, чиглүүлэг аван ажиллаж байна. Түүнчлэн компанийн хөгжлийг ирэх 3-5 жилд тодорхойлох  стратеги концепцыг боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Тавдугаар сарын сүүлчээр ажлын хэсэг саналаа бэлэн болгож, танилцуулна” гэв.

Хурлын төгсгөлд  Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар ТУЗ-ийн дүгнэлтийг батлах талаар санал хураалт явагдаж хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн 99.22 хувь зөвшөөрснөөр хурлын шийдвэр хүчин төгөлдөр боллоо.

Хурлын  үеэр  зочид, төлөөлөгчдөөс хуралдааны талаарх сэтгэгдэл, байр суурийг сонслоо.

“ОЛОН НИЙТИЙН НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛСОН НЬ ХАМГИЙН ТОМ АМЖИЛТ”

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, хурал даргалагч О.ОДБАЯР:

-Монголын Банк бус санхүүгийн байгууллагуудаас олон нийтэд нээлттэй болсон анхны хувьцаат компаниудын нэг нь Ард Кредит ББСБ. Компани жилийн өмнө хувьцаагаа олон нийтэд арилжаалснаас хойш 1642 хувьцаа эзэмшигчтэй болсон байна. Анх дөрвөн хувьцаа эзэмшигчтэй байсан компани шүү дээ.

Компанийг олон нийтийн компани болгосон нь бидний хамгийн том амжилт. Энэ удаагийн хурлыг харахад ч хувьцаа эзэмшигчдээс хэн ч давуу байдал гаргаж чадахааргүй байна. Жишээ нь, Ард Санхүүгийн Нэгдэл 60 хувийг нь эзэмшдэг ч толгой компани нь өөрөө 10 мянган хувьцаа эзэмшигчтэй учраас хяналттай гэсэн үг. Мөн 1.1 тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилах гэж байна. Залуу, шинэ компани ийм амжилттай ажиллаж буйд баяртай байна.

Бид Ард Кредит ББСБ-ыг сайн өсгөн бойжуулжээ. Цаашид улам ихийг хийх ёстой. Бидний өмнө 20 гаруй томоохон ББСБ бий. Гэхдээ бид компаниа олон түмний өмч болгосноор компанийн засаглал илт сайжирч байна. Тэр ч бүү хэл хараат бус гишүүд, манай хувьцааг огт эзэмшдэггүй хүмүүс ч Ард Кредит ББСБ ХК хөрөнгөө хэрхэн зарцуулж, ямар ашиг олж байгааг нь анхааралтай ажиглах боллоо. Цаашид хүүгээ бууруулж, аль болох олон хүнд үйлчлэх зорилго тавьж байна. Коронавирусийн цар тахалтай энэ үед бидний борлуулалт буурч байгаа ч аль болох олон хүнд хүрч ажиллаж, санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх чиглэл барьж байгаа.

“МАНАЙ ХАМТ ОЛОН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛД ЗОРИУЛАН ТУСГАЙ ПРОГРАМ БҮТЭЭСЭН”

Ард Кредит ББСБ ХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.ГАНХУЯГ:

-Технологийн дэвшил бидний амьдралыг улам бүр хялбарчилж байгаа энэ үед хувьцаа эзэмшигчдийн хурлыг хэрхэн зайнаас, үр дүнтэй зохион байгуулж болохыг Ард Кредит  бодитоор харууллаа. Мэдээж дараагийн хуралдаанаа уламжлал ёсоор, нүүр тулж хийнэ гэдэгт итгэлтэй байна. Тэр үед тав биш, 10 мянгуулаа цуглаж, хуралдана гэсэн итгэл дүүрэн байна. Хурлын ирц маш сайн байлаа. Монголчууд бид техник технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж яваагийн тод илрэл бол өнөөдрийн хурал байлаа гэж дүгнэж болохоор байна. Хувьцаа эзэмшигчид ч хуралдаа идэвхтэй оролцлоо. Бусад байгууллага, компаниуд зайнаас хуралдаж, цахимаар үйл ажиллагаагаа явуулж байгаа ч манай баг, хамт олон, залуучууд хувьцаа эзэмшигчдийн хуралд зориулан тусгай програм бүтээж, ашигласнаар хурал  амжилттай боллоо. Цахимаар хуралдаж болох өөр эх сурвалжууд байгаа ч хувьцаа эзэмшигчдийнхээ хуралд оролцох эрхийг 100 хувь хангахын тулд сэтгэл, зүтгэн гарган ажилласан маань үр дүнд хүрлээ.

“ХҮНДРЭЛИЙГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИДТЭЙГЭЭ ХАМТ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ ГЭДЭГТ ТӨВЛӨРЧ АЖИЛЛАНА”

Ард Кредит ББСБ-ын Гүйцэтгэх захирал Г.ТЭЛМЭН:

-Манай хувьцаа эзэмшигчид анх удаа цахимаар хуралдлаа. Өмнө нь саналыг цахимаар авч байсан л даа. Өөрөөр хэлбэл, цахимаар хуралдах туршлага байсан учраас хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг амжилттай хийлээ. Хувьцаа эзэмшигчид маань нэлээд асуулт тавьж байна. Ер нь нийгэм, эдийн засгийн ийм нөхцөлд компани, оруулсан хөрөнгө нь хэрхэх бол гэдэг үүднээс мэдээлэл авах хүсэлтэй байгаа нь ажиглагдлаа. Компанийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа. ТУЗ-ийн дарга гэхэд л бидэнтэй өдөрт 2-3 удаа холбогдох жишээтэй. Цаашид шаардлагатай мэдээллүүдээ хувьцаа эзэмшигчдэдээ үе шаттай өгч явах нь зүйтэй юм байна. Ялангуяа өнөөгийн тодорхойгүй нөхцөл байдалд мэдээллийг цаг алдалгүй, түргэн шуурхай хүргэх нь нэн чухал ач холбогдолтой. Мөн компанийн ирэх 3-5 жилийн стратеги концепцыг боловсруулахтай холбоотойгоор Гүйцэтгэх захирлын зүгээс Төлөөлөн Удирдах Зөвлөлд тодорхой саналууд тавьж байгаа. Миний хувьд цар тахал дэгдсэнтэй холбогдуулан нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж байгаа учраас хүндрэлийг хувьцаа эзэмшигч нартайгаа хэрхэн даван туулах вэ гэдэг асуудалд илүү төвлөрөн ажиллаж байна.

Ард Кредит ББСБ ХК нь Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай компани ба Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй, хувьцаа нь ADB тикертэйгээр олон нийтэд арилжаалагддаг, нээлттэй хувьцаат компани юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж