УИХ-ын Аюулгүй байдал гадаад, бодлогын байнгын хорооны өнөөдөр /2020.04.28/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Короновируст халдвар /Cvid-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авлаа.
УИХ-ын гишүүн Н.ОЮУНДАРЬ:
-Цар тахлын хуулийн богино хугацаанд боловсруулж оруулж ирсэн боловч зайлшгүй анхаарах шаардлагатай зүйлс байна. Тухайлбал, хүнсний аюулгүй байдал. Тариалан эрхлэгчдийн хувьд үрийн будаа хомсдолтой, чанарт онцгой анхаарахгүй бол болохгүй байна. Хүнсний аюулгүй байдал гэдэг асуудлыг зарчмын зөрүүтэй санал болгож оруулах нь зөв болов уу. Мөн Ерөнхийлөгчөөс ирүүлсэн жирэмсэн, эмзэг бүлгийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой заалтууд маш их хэрэгтэй. Тиймээс энэ зарчмын зөрүүтэй саналуудаа цар тахлын хуульдаа оруулаад явах нь зөв болов уу.
УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛД:
-Хууль уг нь анх жижиг хууль гарсан ч хууль маш том болж өөрчлөгджээ. Нэг удаагийн хууль байтал энийг өөрчил, тэрийг нэм гээд явах нь хууль тогтоомжийн тухай хуульд нийцэж байгаа юу. Маш олон заалт нэмэгдсэн байна. Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцсэн. Зарчмын хувьд дэмжээд явсан. Засгийн газрын хувьд цар тахлын үед ямар үе шаттай арга хэмжээ авахаар ажиллаж байгаа. Тэгэхээр тусгайлан судалгаатай, үе шаттай арга хэмжээ авахаар бэлтгэлээ хангаж байгаа учраас энэ хуулийн төслийн зарим заалт давхцах вий.
УИХ-ын гишүүн Т.АЮУРСАЙХАН:
-Холбогдох тогтоолын чиглэлд нийгэм, эдийн засгийн чиглэлийг нэмсэн. Нэг удаагийн хуульд нийгэм, эдийн засаг, эмзэг бүлгээ анхаарах, Монголбанкны үйл ажиллагааг тодруулж өгөх асуудлыг оруулж өгсөн. Хуулийн төсөл дээр нэр томьёоны хоорондын зөрүү, зөрчилтэй асуудлыг цэгцэлсэн. Бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэхийг нягталж, ажлын хэсэг ажилласан.
УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Ж.ЭНХБАЯР:
-Хуулийн төсөл коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх. Гэтэл ажлын хэсгээс тэмцэх, урьдчилан сэргийлэх бус цар тахлын үед нийгэм, эдийн засгийн, банк, барилгын салбар гээд агуулгын хувьд болохгүй байна. Хуулийн зорилго нь өвчин тахал тархвал яаж ажиллах, ямар бэлтгэлийг хангах чиглэлтэй. Үндсэн агуулгатай нь нийцэхгүй, тэгэхээр би ийм хууль өргөн бариагүй. Энэ бол цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хууль. Та нарын оруулж ирсэн хууль нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлын тухай хууль болгосон байна. Энэ бол хоорондоо зохицохгүй, бодлогын алдаа болно.
УИХ-ын гишүүн Т.АЮУРСАЙХАН:
-Хуулийн төслийг өргөн барихдаа цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлтэй гээд дотор нь УИХ, Засгийн газар, Улсын онцгой комисс, аж ахуй нэгжийн авах арга хэмжээ гээд явж байгаа. Тиймээс Засгийн газар, УИХ-аас авч хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээ авах эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн. Тэгэхээр ажлын хэсэг ямар нэг шинэ заалт нэмж санаачлаагүй, хуульд тусгасан тодорхой чиглэлийн үүргийг нэмэгдүүлж өгсөн.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.ЭНХ-АМГАЛАН:
-Засгийн газрын хэрэгжүүлээд явж байгаа зарим арга хэмжээний тухай энэ хуульд оруулсан байна. Хорио цээрийн дэглэмийн тухай асуудлыг бид өмнө нь хийгээд, одоо ч хийгээд л халдваргүйжүүлээд л явж байгаа. Шаардлагатай тоног, төхөөрөмжийг одоо ч бид татаж авч байна. Энэ цар тахлын хуульд Засгийн газрын хийж байгаа арга хэмжээг шинэ хуульд тусгаж байгаа нь дараа нь зөрчил үүсгэхгүй юу. Засгийн газар хийж байсан зүйлээ хуульгүй хийж байгаа юм шиг ойлгогдоод байна. Цар тахлын үед төсвийн орлогыг таслахгүй байж, экспортын орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр ажлаа хийж байгаа.
УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Ж.ЭНХБАЯР:
-Хуулийн төслийн нэр томъёог уншаарай. Цар тахалтай тэмцэх болохоос биш үүнээс үүдэх эдийн засгийн арга хэмжээг зохицуулсан хууль биш. Хэрэв ийм маягаар явбал би хуулийн төслөө татна. Гуя дагаж, хүзүү гэдэг шиг асуудал оруулж ирж болохгүй. Бид цар тахлын хуулиар Засгийн газар зохицуулалт хийх эрхийг нь олгох, нөгөө талдаа хариуцлага тооцохыг нь л тодорхой тусгаж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ц.ЦОГЗОЛМАА:
-Цар тахлаас сэргийлэх зорилгоор асуудлыг урьдчилж хараад төр засгийн чадамжийг нь дээшлүүлэх зорилгоор өргөн баригдсан хууль гэж бодож байна. дэлхийн улс орнууд ийм хүнд үед иргэнд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Өрх толгойлсон ээж, аав, олон хүүхэдтэй эмэгтэй, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой иргэддээ чиглэсэн амин чухал арга хэмжээг аль томъёолол дээр нь тусгасан бэ.
УИХ-ын гишүүн Т.АЮУРСАЙХАН:
-Төсөл дээр эдийн засгийн үр дагаврын дагуу эмзэг бүлэг, иргэдийн орлогыг хамгаалах чиглэлээр заалт оруулсан. Өндөр настай, хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн иргэдэд чиглэсэн арга хэмжээг тодорхой тусгаж өгсөн. Мөн зээлийн хүүг найман хувиар гурван сарын хугацаанд буулгах боломжтой бөгөөд таван хувийг нь Засгийн газар хариуцах боломжтой, гурван хувийг нь арилжааны банк хариуцах боломжтой гэдгийг тусгаж өгсөн.
Ингээд хууль санаачлагчийн зүгээс хуулийн төслөө эргүүлэн татна хэмээж, ямар нэг тодорхой шийдэлд хүрээгүй учраас байнгын хорооны хуралдааныг өндөрлүүллээ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ